Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/152 тушаалаар Ж.Соронзонг сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах менежерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн тул захиргаа, аж ахуйн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.
Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургууль нь Ж.Соронзонг тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг 2022-2023 онд зохион байгуулах ажлын хүрээнд менежерийн албан тушаалд хугацаатай буюу түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан боловч холбогдох төрийн байгууллагаас сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх үндэслэлгүй тухай хариуг албан бичгээр ирүүлсэн, мөн тус сургуулийн удирдлагын багийн зүгээс 30 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Нэгэнт, нэхэмжлэгч Ж.Соронзонг уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд түр ажилд томилсон байсан, мөн сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэхгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх, Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургууль нь Ж.Соронзонг тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд буюу байнгын бус түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан учир цаашид үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй буюу Ж.Соронзонгийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцан тохирсон хугацаа дуусгавар болсон байхад ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулснаар хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дагуу анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцогдох хууль зүйн үр дагавар үүсжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацаа нь дуусгавар болоогүй байхад “гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.
Ажил олгогч нь Ж.Соронзонтой хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч уг хугацаа дуусгавар болоход гэрээг цуцлаагүй үргэлжлүүлэн ажиллуулж байсан, хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар сунгагдан үргэлжилж байх явцад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байх тул ажлаас чөлөөлсөн хугацаанаас хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацааг дуусгавар болох хүртэлх хугацааны олговрыг тооцон Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулиас 24 сая 644 мянга 497 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Соронзонд олгож, энэхүү олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!