АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Ногоон автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, албан үүрэгтээ хайнга хандсан эсэх, автобус хүлээн авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, чанар стандартын шаардлагад нийцсэн үү, олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэр бүрчлэн шалгаж байна" гэж мэдэгдсэн.
Тэгвэл АТГ-ын ахлах комиссор Э.Оюунболд "Ногоон автобусны асуудлаар 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийсэн. Нийт 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар яллагдагч нарын 31 ширхэг хөрөнгө, үл хөдлөхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад шалгаж байна.
БНСУ-ын 4 иргэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Үүний хоёр нь цагдан хоригдсон байгаа. Хоёрт нь хилийн хориг тавин шалгаж байна" гэсэн юм.
Түүнчлэн болсон явдлыг товчхон дурдвал, "2023 оны төсвийн тухай хуулиар 318 тэрбум төгрөгийг хуульчилсан. Үүнд нийтийн тээврийн автобус төсөл арга хэмжээнд зарцуулахаар хуульчилсан. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос дээрх төсвийг захиран зарцуулах эрхээ Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуул гэсэн байна лээ. Ингээд нэр бүхий албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомж зөрчсөн, худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа чанар, стандартад нийцэхгүй автобус хүлээн авсан, нэр бүхий компанид давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ.