АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. АТГ-ын ахлах комиссар Э.Оюунболд "Автобусны худалдан авалттай холбоотой өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нэгдүгээрт, автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, албан үүрэгтээ хайнга хандсан эсэх
Хоёрдугаарт, автобус хүлээн авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, чанар стандартын шаардлагад нийцсэн үү
Гуравдугаарт, олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэр бүрчлэн шалгаж байна гэлээ.
Болсон явдлыг товчхон дурдвал, 2023 оны төсвийн тухай хуулиар 318 тэрбум төгрөгийг хуульчилсан. Үүнд нийтийн тээврийн автобус төсөл арга хэмжээнд зарцуулахаар хуульчилсан. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос дээрх төсвийг захиран зарцуулах эрхээ Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуул гэсэн байна лээ. Ингээд нэр бүхий албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомж зөрчсөн, худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа чанар, стандартад нийцэхгүй автобус хүлээн авсан, нэр бүхий компанид давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдсон.
ТЕГ-аас Сангийн яамнаас тодруул гэх зөвлөмжийг ирүүлж, Сангийн яам нууцад хамруулж худалдан авалт хийж болохгүй гэдэг бичгийг ирүүлсэн байсан" гэлээ.