Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах, ирэх онд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлын саналыг хүлээн авах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх бүх хороонд ажиллаж байгаа. Энэ удаад тэрээр шинээр байгуулагдсан хороодын нэг болох 30 хороонд ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэг байгуулах, авто зам, гэрэлтүүлэг, камержуулалтын ажил хийх шаардлагатай байгааг хорооны засаг дарга хэллээ. Мөн цэргийн хотхоны 5 дугаар гудамжинд байрлах 496 дугаар худгийг смарт болгох, Зайсан хоёроос дээш өгсөж буй замд бага оврын автобус явуулах зэрэг иргэдээс ирүүлж байгаа саналыг Баянзүрх дүүргийн Засаг даргад уламжиллаа.
Өрхийн эрүүл мэндийн төв, 201,305 дугаар цэцэрлэгийн удирдлагууд оролцож хүүхдийн элсэлт болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын дараа хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцсан. Хүйтрэхээс өмнө тохижилт бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.