Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо нь 2359 өрх айл, 8141 иргэнтэй. Тус хороонд жишиг гудамж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах ажил өнгөрсөн онуудад хийгдсэн. Харин энэ онд Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр байгуулж, ашиглалтад оруулсан юм. Цаашид тодорхой шалтгааны улмаас зогсоод байгаа авто замын ажлыг үргэлжлүүлэх, гэрэлтүүлэг шинээр тавих шаардлагатай байна.
158 дугаар сургууль, 302 дугаар цэцэрлэгээс хүүхдийн элсэлт болон тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулсан. Тухайлбал сургууль хүрэх зам нь явган хүний зорчих хэсэггүй, эвдрэл ихтэй шороон зам байдаг. 2.5 км үргэлжлэх ийм замаар өдөр бүр хүүхдүүд зорчиж хичээлдээ суудаг байна. Энэ байдлыг өөрчилж авто зам бий болгох, яаралтай сургуулийн автобустай болгох саналыг сургууль цэцэрлэгийн удирдлагууд хэллээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Хүйтний улирал эхэлж байгаа учраас хүүхдүүд сургуульдаа явахад улам хүндэрнэ. Иймд энэ хүүхдийн автобусны асуудлыг судалж яаралтай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.