Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шинэчилсэн найруулгын төсөл"-ийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр, "Тендер шалгаруулалтад ороод чанаргүй ажил гүйцэтгэдэг, ажлаа дутуу хийдэг үүнээс үүдэн улсын төсвийн хөрөнгө оруулалт чанаргүй болдог, эзэн холбогдогчгүй болдог зэргээс шалтгаалан дээрх байдлаар тендерийн ажлыг дутуу хийдэг компаниудыг дахин тендерт оруулахгүй байхаар заасан. Ингэхдээ тухайн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлтэй хамт хар жагсаалтад бүртгэж, олон нийтэд зарлахаар болсон.
Нөгөө талаар төрийн албан хаагчид хуулийн хугацаанд шийдвэр гаргаагүй, хууль зөрчиж шийдвэр гаргасан нь гэмт хэргийн шинжтэй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгоно. Гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны хууль болон хөдөлмөрийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
Төрийн байгууллага өдөр тутамдаа худалдан авдаг нийтлэг барааг цахим дэлгүүр байршуулан төрийн байгууллагууд нэг үнээр, нэг стандартын шаардлага хангасан бараануудыг авдаг тогтолцоонуудыг тогтооно. Нөгөө талаар дотоодод үйлдвэрлэсэн бараа импортын бараатай өрсөлдөхгүй зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараатайгаа өрсөлдөнө. Чанарын шаардлага хангаж байгаа бол цахим дэлгүүр байршаад төрийн байгууллагууд хэрэглэх орчинг бий болгож байгаа.
Мөн тендерт хамгийн бага мөнгөн дүнгээр зарласан компанийг шалгаруулдаг гэх асуудал яригддаг. Цаашдаа бид ашиглалтын хугацааны зардлыг тооцож ялагчийг тодруулах тогтолцоог шинээр бий болгож байна" гэв.