Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КИВИ-гийн “жимснүүд“ бие биенийхээ талаар ЮУ ЯРИВ?

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 29 секунд

18 жилийн турш хамтлагийн хатуу чанга бэлтгэл, дийлдэшгүй хэл ам, шантарч босох цаг мөч бүхэнтэй нүүр тулсан гурван бүсгүй өнөөдөр бусдад үлгэр дууриалал болж яваа "шигтгээ" болсон эрхмүүд гэдэгтэй та бүхэн санал нэгдэх байх. "Исгэлэн жимснүүд"-ийн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм мөчөө дурссан ярилцлагыг та бүхэнд өмнө манай сайт хүргэсэн. Тэгвэл энэ удаад тэд бие биеийнхээ талаар ямар бодолтой явдагийг сонирхоё.

"Б.Халиунаа хамтлагаасаа хамгийн гоё хоолойтой нь"

Ц.Намуунаа: Бид хоёр тухайн үед хамтлагаасаа дотно нь байсан. Ука чинь хамтлагийн ахлагч. Хааяа базна /инээв/. Тэгээд их юм ярилцдаг байсан. Б.Халиунаа царайлаг, хамгийн гоё хоолойтой нь. Гурван хүүгээ өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж явааг нь хараад бахархдаг. Түүнийг өөрөө ээж болоод мэдэрч байгаа. Хамтлагтаа эргэн нийлээд цугтаа дуугаа дуулаад явж байгаад баяртай байна. Маш гоё арьстай. Маш цайлган. Монголоор бол хээгүй гэх юм уу даа /инээв/. Хамтлагийнхаа хамгийн “хээгүй” нэгнээр шалгарлаа.

"Ц.Намуунаа хамтлагаасаа хамгийн хошин шогийн мэдрэмжтэй, цаг сайн барьдаг нь"

-Б.Халиун: Би Б.Намуунааг сонгосон байна. Б.Намуунаа маань манай хамтлагийн бас нэгэн өнгө төрх. Бид киви жимстэй өөрсдийгөө зүйрлэж ярьдаг байлаа. Хальс нь Б.Намуунаа, ногоон нь би, шар нь Ука, голын үр нь Б.Ангирмаа багш гээд л. Цаг маш сайн барьдаг. Бэлтгэлээ эрт тарчихаад хамт байхдаа маш гоё зүйлсийг ярилцдаг байснаа санаж байна. Хамтлаг дотроо хамгийн хошин шогийн мэдрэмжтэй нь.

"Ука бол маш сайн гүйцэтгэгч, бүтээлч нэгэн"

Б.Ангирмаа: Укаг хамтлагийн ахлагчаар тавьсан нь маш оносон гэж боддог. Ука бол аливаа ажлыг маш сайн гүйцэтгэгч бас их бүтээлч. Багшдаа маш халамжтай. Бид гадаад орнуудад тоглолтоор явахад хоёр хоёроороо өрөөнд орохоор Укатай нэг өрөөнд орж таардаг. Ука маш гоё кофе найруулдаг. Багшаа та кофе уух уу гээд л хүрээд ирдэг. Би өөрөө кофенд их дурлаад байдаггүй мөртлөө Укагийн чанасан кофег уух маш дуртай байсан. Учир нь их амттай байдаг. Ука санаачилгатай. Охидын хамтлаг удаан оршин тогтноход хамтлагийн коллектив байдал маш чухал. Араар нь нэгнээ муулдаг, хатуу үг хэлдэг гэх мэт бэрхшээлүүд манай хамтлагт байгаагүй учраас өнөөдрийг хүртэл цугтаа яваа гэж боддог. Бэрхшээлийн цаана бэлэг байдаг гэдэг шиг бид ямарч доромжлол ирсэн урдах ажлаа л сайн хийхийг боддог байсан. Бахархахгүй байхын аргагүй охидууддаа хайртай шүү гэж хэлье. Үргэлж хайртай байдаг. Миний хэлж байсан үгс эцэстээ надад хэрэггүй байхгүй юу. Энэ охидод л хэрэгтэй. Би өөрсдийнх төлөө л хэлж байгаа гэдгээр маш сайн тусгаж авдаг. Одоо мундаг явж байгаа нь охидуудын маань өөрсдийн ухамсар, ур чадвар, арга барил.

-Б.Ангирмаа багш маань Киви хамтлагийн “Алтангадас-

Ука: Б.Ангирмаа багш маань Киви хамтлагийн “Алтангадас”. Хүмүүсийн зүгээс бидэнд ирдэг байсан хүлээж авч чадахааргүй зүйлсийг багш маань “нөмрөгөөр” хааж, бороо орж байхад өөрийн “цуваараа” хамгаалж ирсэн нэгэн. “Намайг байгаа цагт хэн чамайг юу гэж хэлэх нь хамаагүй. Зүгээр л намайг ингэсэн гэж л хэл” гэдэг байсан. Үнэхээр л дааж чадахааргүй хэцүү үг хэл, доромжлолууд сонсож ирсэн. Тэгэхэд "Намайг л дагаад урагшил" гэж хэлдэг байсан. Бид нарын хүчин мөхөстсөн үед араас маш сайн дэмжиж, өөрөө ард нь үлдээд биднийг тайзан дээр гаргадаг хүн. Бидний сул талыг бусдад харуулах дургүй. Ямар ч ээж, эгч, багш үүнийг л хүсдэг байх. Явах газар бүрээрээ "Та нар ингэж амьдрана, ийм зүйл дэмий хэрэггүй шүү" гэж үргэлж сургамж өгдөг. Бүх зүйлийг бодитоор харуулж чаддаг эмэгтэй. Багш маань маш сайн уншдаг, үздэг, шүүмжилж чаддаг нэгэн. Гаргалгаатай шүүмжилдэг. Тэр хэрээрээ бид өнөөдөр өдий зэрэгтэй яваа. Багшдаа маш их баярладаг шүү. Тань шиг бусдад зааж зөвлөхийг хичээдэг. Таньдаа хайртай шүү.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

НЭМЭЛТ: Киви хамтлагийн манай сайтад өгсөн ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ сард бүх нийтээрээ хоёр өдөр АМАРНА
Энэ сард бүх нийтээрээ хоёр өдөр АМАРНА
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.