Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КИВИ ХАМТЛАГ: Үнэнч фэнүүдээ “Киви“ хамтлагийн дурсамжтай цаг үеэр аялуулах өдрөө тэсэн ядаж хүлээж байна

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
12 минут 7 секунд

Исгэлэн жимсний нэрээр хамтлагаа нэрлэж, стиль имиж, өвөрмөц дуулалтаараа сондгойрч чадсан "Киви" хамтлаг рок попын ертөнцөд "ирээд" 18 жилийн хугацаа өнгөрч. Тэдний фэнүүд хамгийн үнэнч гэх "цолтой". Удаан хугацааны турш фэнүүдээ "чилээлгэсэн" тэд ирэх арваннэгдүгээр сарын 18-нд тоглолтоо хийхээ зарласан. Хүлээж тэссэнгүй утас цохилоо. Цугтаа тайзнаа ирэх мөчдөө бэлтгээд тун завгүй байх үеэр нь ярилцлага авах санал тавихад тэд ч зөвшөөрөв. Ийнхүү "Исгэлэн жимснүүд"-тэй үдшийн талаар хамтлагийн гишүүд болон тэдний багш Б.Ангирмаатай халуун яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна.

-Тоглолт болоход хэдхэн хоногийн хугацаа үлдсэн байна. Бэлтгэл гээд завгүй байх үеэрээ ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Үзэгч сонсогчид дунд тоглолтын зар хүрснээс хойш маш их хүлээлт үүсчээ. Бэлтгэл ажил хэр үргэлжилж байгаа вэ?

-Ука: Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээж тоглолтоо хийх гэж байгаа учраас бэлтгэлээ тултал хийнэ. Бидний хамгийн догдолж байгаа зүйл бол "Киви" хамтлагийн үнэнч сонсогч фэнүүд маань удаан хугацаанд тоглолтоо хийхийг хүсэж ирсэн. Ингэхдээ илүү өргөн цар хүрээтэй, олон дуутайгаар тоглолтыг маань үзэхийг хүсэж байгаа талаараа хэлдэг байсан. Түүнчлэн "Light with" төслийн хамт олноос санал тавьсны дагуу бид тоглолтынхоо бэлтгэлдээ орж эхэлсэн. Бэлтгэлд ороод явж байхад дуунуудаа сонсоод, "Киви" хамтлагийн дуунууд дунд нээрээ л “амттай” дуунууд их байж дээ гэж догдолж байна. Арваннэгдүгээр сарын 18-ныг тэсэн ядан хүлээж байна.

Продюсер Б.Ангирмаа: 2024 онд "Киви" хамтлагийн 20 жилийн ой болно. 20 жилийг ойг угтсан ажлуудын нэг нь энэхүү тоглолт гэж ойлгож болно. Мэдээж фэнүүдийн хүсэлт байсан. Ер нь их хүлээлттэй байсан шүү. Кивигийн тоглолт. 20 жилийн ойгоо хүлээх зуураа түүнийгээ угтсан үйл ажиллагааг эхнээсээ хийж эхэлж байгаа. "Киви-20" жил төсөл ч гэж хэлж болно. Цаашид ганцхан тоглолт ч гэхгүй олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн.

-Энэ удаагийн тоглолт маш өргөн цар хэмжээтэй тэр хэрээрээ үзэгч сонсогч төдийгүй та бүхэн өөрсдөө их хүлээлттэй байгаа байх гэж бодож байна?

-Ц.Намуунаа: Яг хоёр жилийн өмнө бид "Night with Kiwi" тоглолтыг хийж байхад маш гоё байсан. Ойрд "Киви" хамтлагаараа цуглаж дуулаагүй байсан учраас эргээд дахин тоглолтоороо сонсогч фэнүүдтэйгээ уулзана гэхээр маш догдлолтой байна. Дуунуудаа бас маш их санасан байна. Бэлтгэлээ хийгээд дуулж байхад дуунуудаа сонсоод, тоглолт дээр дуулагдах дууныхаа өрөлтийг хийх гээд сонголт тал дээр их бодох шаардлага гарч байна. Ер нь манай дуунуудын ихэнх нь үзэгчдэд сайн хүрсэн. Жишээ нь, караокед байнга дуулагддаг болчихсон байна лээ /инээв/. Ямар сайндаа караокед хамтлагийн маань дууг дуулж буй өрөө рүү яваад орчихмоор санагддаг шүү /инээв/. Тэгэхээр үзэгчдийнхээ дуртай, хит болсон, сонсохыг хүсэж буй дуунуудыг оруулахыг хичээж байгаа. Тэгээд та бүхэн ирж, сонсох дуртай дуугаа бидэнтэй цуг дуулж сэргээж хамтдаа дуулаарай.

-Б.Халиунаагийн хувьд 2007 онд хамтлагаасаа гарсан. Гэсэн хэдий ч хамтлагтайгаа цугтаа тайзан дээр гарч тоглолтоо хийнэ гэхээр ямар мэдрэмж төрж байна?

-Б.Халиун: Миний хувьд "Киви" хамтлагтайгаа эргэж нэгдээд өмнөх бүрэлдэхүүнээрээ дахин хамтарч тоглолтод орох болсондоо маш их баяртай байгаа. Өмнөх "Night with Kiwi" тоглолтод мөн л цугтаа дуулсан. Энэ удаад ч ялгаагүй сонсогч фэнүүдтэйгээ цугтаа байж бүх дурсамжтай дуунуудаа хамтдаа дуулна гэхээр баяртай байгаа. Бэлтгэл ч сайн байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.

-Тоглолтыг зорьж очиж буй сонсогч фэнүүддээ барих тэр үдшийн сюрпризээсээ багаханыг задалж болох уу?

-Продюсер Б.Ангирмаа: Бид өөрсдөө л сюрприз байна байх. Яагаад гэвэл олон жил тоглолтоо хийгээгүй. Хоёр жилийн өмнө тоглолт хийсэн л дээ. Гэхдээ түүнийг үзэж амжаагүй хүмүүс ч байгаа шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө л сюрприз болчихоод байна л даа. Би хүртэл /инээв/. Олон хит дуунуудыг дуулж хүргэнэ. Тэр хэрээрээ үзэгчидтэйгээ ойр байна. Манай Ука бүжиглэх авьяасаа үзүүлээд тэслэх байлгүй дээ.

-Укагийн хувьд ганцаарчилсан соло уран бүтээлүүд дээр сүүлийн жилүүдэд төвлөрч ажилласан. Хамтлагийнхнаа, Кивигийн сонсогчдоо, цугтаа зогсох тэр мөчийг хүлээсэн гэж бодож байна?

-Ука: Тийм ээ. Ер нь хамтлагийн маань тоглолт гэхээр цаг хугацаагаар аялах ч юм шиг мэдрэмж төрж байна. Өнгөрсөн он жилүүдэд байсан "Киви" хамтлагтай цуг өрнөж байсан дурсамж, үйл явдлаар буцаж аялна гэдгээрээ энэ тоглолт маань онцлог юм болов уу. Бид бүгдээрээ хувийн уран бүтээл хийгээд явж байгаа. Ер нь энэ хэвээр цаашид явбал тэр бүх дурсамжууд одоо дурсагдахааргүй болж мэднэ. Тиймээс хийж бүтээсэн зүйлсээ орхихгүйгээр мөн үзэгч сонсогчид болон төслийн хамт олны зүгээс тавьсан “Хамтлагаараа эргэн нэгдээд, 2024 оныг хүлээхгүйгээр тоглолтоо хийгээч” гэх хүсэлтийн дагуу бид хувь хувийнхаа ажлуудыг хойш нь тавьж энэ төсөл дээр нэгдэж байна. Өмнөх тоглолт дээр “Та нарыг загвар үзүүлэхийг харна гэж бодсон” гэх сэтгэгдлүүдийг уншсан. Мэдээж бидний зүгээс сошиал дээрх олон нийтийн хандлага, хүсэл сонирхол ямар байгааг судалж, тэндээс харж тоглолтын найруулгад анхаарч байгаа. Хэдий өнөөдөх өндөр насалсан ч /инээв/ яг л 20 жилийн өмнөх "Киви" хамтлаг шиг байна. Мөн "Киви" хамтлагийн тоглолтыг үзэж үзээгүй үзэгчид одоо насанд хүрчихсэн. Өөрөөр хэлбэл, "Киви" хамтлагийг 10, 15 настайдаа үзэж сонсож байсан фэнүүд одоо том болцгоочихсон учраас тоглолтыг нь үзнэ гэсэн байхыг хараад сэтгэл хөдөлсөн.

-Постер зураг их сонирхолтой санагдсан. Нээрээ л яагаад ч юм "Киви" хамтлаг гэхээр өмнө ч, одоо ч олон янзын өнгө, содон стиль имиж шууд л төсөөлөгддөг. Түүнийгээ ч постертоо агуулсан гэж харсан?

-Продюсер Б.Ангирмаа: Тийм шүү. 2004 онд хамтлаг анх байгуулагдаж байхад бид урт даашинз, өнгө өнгийн стиль имижийг бүрдүүлсэн байдлаа энэ цаг үед хадгалж байгаагаа илэрхийлсэн агуулгаар зургаа авахуулсан. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Энэ ч нэг талдаа бидний дурсамж юм. Тухайн үед бид ингэж л гарч ирж байсан шүү гэдгийг сануулж байгас юм шиг л.

-Сая яриандаа дуугаа санасан гэлээ. Бэлтгэлээ хийж байх явцад хайртай дуунуудаа дахин цугтаа дуулах мэдрэмж ямар байв?

-Продюсер Б.Ангирмаа: Энэ гурав маань уйлах гээд байсан шүү дээ. Дурсамжаа хүртэл бодоод л.

Ука: 2014 онд бид цомог гаргасан. Тухайн үед цомгоосоо дуулж амжаагүй дуунуудаараа энэ тоглолтын явцад аялуулна. Жишээлбэл, Hello гээд дууг дуулж байхдаа шууд л найзуудыгаа тэврээд авмаар санагдсан. "Киви" хамтлагийн цаг үетэй бид нарын амьдралын хамгийн дурсамжтай мөчүүд өнгөрсөн. Маш их хөдөлмөрлөж, шаргуу ажилладаг байжээ гэж бодохоор. Одоо түүний хажууд бараг л жаргаж ажиллаад байгаа юм билээ.

-Тоглолт дээр хит дуунуудаа сэргээж дуулахдаа өөрчлөлт оруулж дуулах болов уу гэж хүмүүс их асууж байна лээ?

-Продюсер Б.Ангирмаа: Бидний хайрлаж, дурлаж байгаа хит дуунууд маань тоглолтын тайзнаа дуулагдана. Хуучин хувилбараар нь дуулна. Ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр хүргэнэ. Үүнийг сонсож байгаа сонсогчид маань ч уярах байх. Бид ч ялгаагүй.

-Хамтлаг байгуулагдсан цагаас эхлэн хэд хэдэн гишүүд солигдсон. Кивигийн охидууд хоорондоо хэр холбоотой байдаг вэ. Хүмүүс Агийг их "нэхэж", сураглаж харагдсан?

-Ц.Намуунаа: Гэнэт хөөрхөн дурсамжууд орж ирж байна. Бусад гишүүдийн маань хувьд бид бүгд холбоотой байдаг. Одоо "Киви" хамтлагтайгаа цуг гэхэд бүгд л асаалттай танк гэсэн үг. Бид маш коллективтэй. Агий маань цуг л байгаа. Тоглолтоо хийх гэж байгаа учраас одоо ч бэлтгэл дээр давхиад л ороод ирдэг. Арын алба гэмээр байж л байдаг. Магадгүй тоглолтын үеэр цуг л байна байх. Хүмүүс их асуудаг шүү.

-18 жилийн өмнөх охид өнөөдрийн "Киви"-г бүтээсэн. Тухайн үеийн гал цогтой охидод Б.Ангирмаа продюсер хатуу багш байсан гэлцдэг?

-Ука: Манай найзууд цугтаа гарах гээд багштай миний өмнөөс утсаар ярьж зөвшөөрөл авч байсан хөгжилтэй ч гэмээр дурсамжууд байдаг. Багш руу найз маань залгатал өөдөөс нь “Наад Ука чинь өдөржин бэлтгэл хийчихсэн, ядарна шүү дээ” гэж хэлнэ. Тэр бүрт найзууд маань зүгээр хэлж ойлгуулаад гарах үе байсан. Тухайн үед 25 бараг л 30 хүрэх гэж байж багшаасаа зөвшөөрөл авдаг үе байж. Одоо гэхдээ тэр үеийг бодоход сургамжтай санагддаг. Гол нь ажлын итгэлцэл алдагдах вий гэдэг үүднээс бие биендээ итгэж, асууж зөвлөлддөг байсан. Ийм нэг дурсамж бий.

-Тоглолтыг нь тэсэн ядан хүлээж буй фенүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Б.Халиун: Ер нь манай тоглолтыг эмэгтэйчүүд их ирж үздэг. Энэ удаад эрчүүдээ ч бас уримаар байна. Бүгдээрээ 11 дүгээр сарын 18-нд Зайсан Хилл цогцолборт жаргаж уулзацгаая.

Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Т.Алтанзагас

Ц.Янжиндулам

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хамтарсан сургалт эхэллээ
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хамтарсан сургалт эхэллээ
 
Хүүхэд, залуучуудын театр өнөөдөр ҮҮДЭЭ нээнэ
Хүүхэд, залуучуудын театр өнөөдөр ҮҮДЭЭ нээнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.