Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр "Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс 86.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гаргуулсан байгаа. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 11 зээл бүрэн төлөгдөж дууссан. Тодруулбал, “Кью Эс Си”, “Вертекс Майнинг партнер”, “Макс роуд”, “Монгол эм импекс концерн”, “Вояжер минерал ресурсес”, “Сод монгол групп”, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Ди Би Эм лизинг”, Голомт банк, “Эрд хул” зэрэг компанийн зээл бүрэн хаагдсан. Капитал банк болон “Монгол мах экспо” гэсэн хоёр чанаргүй зээлдэгчийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах ажиллагааг хийж дууссан. Тодруулбал, 86.6 тэрбум төгрөгийг үл хөдлөх хэлбэрээр шийдэгдсэн.
МИАТ компани энэ долоо хоногтоо өр төлбөрөө барагдуулах чиглэлтэй ажиллаж байгаа. Түүнчлэн ШШГЕГ-т чанаргүй есөн зээлийн нийт 233 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй асуудал байна. Ойрын хугацаанд төрийн өмчит компаниудын өр зээлийн төлбөрийн асуудал шийдэгдэхээр хүлээж байна. Мөн ТОСК-ийн 180 тэрбум, “Эрдэнэс Монгол” компанийн 160 тэрбум төгрөгийн асуудал бий" хэмээлээ.