Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Батзориг: 414 тэрбум төгрөгийн 270 тэрбумыг түгжрэл бууруулах гурван том ажилд зарцуулсан

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 36 секунд

"Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Гэвч түгжрэлийн эсрэг олигтой арга хэмжээ аваагүй, 1.8 тэрбум төгрөгийн тендер зарласан, 420 тэрбум төгрөгийг үр ашиггүй зүйлд үрэн таран хийж байна гэх иргэдийн шүүмжлэл маш их байгаа юм. Тиймээс уг 420 тэрбум төгрөгийг хэрхэн, яаж зарцуулж байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригтой ярилцлаа.

-Түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Гэвч сүүлийн үед энэхүү мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэх иргэдийн шүүмжлэл маш их байна. Уг мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа вэ?

-2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд анх удаа нийслэлийн төсөвд хөрөнгө оруулалтын ажилд авто замын түгжрэлийг бууруулахаар заасан. Үүний дагуу анхны хөрөнгө оруулалт буюу НИТХ-аар 114.4 тэрбум төгрөгийг энэ жил баталсан. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа. Хамгийн том гурван ажлаас дурдвал газар чөлөөлөлтийн ажилд 75 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Нийт 390 тэрбум орчим төгрөгийн газар чөлөөлөлтийн нөхөн олговор шаардлагатай байгаа.

Үүнд нийт мөнгөн дүнгийн 30 орчим хувийг төсөвлөсөн. Хоёрдугаарт, парк шинэчлэлтийн хүрээнд энэ жилдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобуст зорчиж байна. Эдгээрийг 124 чиглэл болгон өргөтгөж, богино эргэлттэй болгох, мөн нэмж 1130 автобус шаардлагатай байгаа. Энэ 1130 автобусыг 2020-2024 онд шинэчлэх тооцоотой байгаа. Үүний урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хоёр давхар автобус болон, сургуулийн автобус гээд 100 орчим автобус одоогоор орж ирсэн. Үлдэгдэл автобус 11-12 дугаар сарын үед ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд 600 орчим автобус шинэчлэнэ.

Гурав дахь асуудал нь, 170 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил юм. Энэ жил 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс тус тус шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын хэмжээнд дөнгөж 100 мянга орчим хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай байсан. Гэтэл цэцэрлэгийн насны 141 мянган хүүхэд байгаа. Энэ жил 32 мянган хүүхдийг хүлээн авах ажлыг түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийсэн. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр түгжрэлд 20 хувиар нөлөөлж байгаа гэсэн судалгааны дагуу энэ ажлыг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 138 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах бүрэн хүчин чадалтай болсон. Ирэх жил сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Үндсэндээ 414 тэрбум төгрөгөөс 270 тэрбум нь эдгээр гурван ажилд зарцуулсан.

-Зөвлөн туслах үйлчилгээ авахад 1.8 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Энэ яг ямар учиртай тендер байсан бэ?

-Өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны хуралдаанаар төсөвт өөрчлөлт орсон. Тэрхүү өөрчлөлтөд туссан зүйл. Нийслэлд хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг дэмжсэн төслүүд бий. Мөн томоохон мега төслүүд болох шинэ тойрог зам, LRT, дүүжин тээвэр зэрэг томоохон төсөлд олон улсын хэмжээний оролцогч татах, хөрөнгө оруулагчдыг авчрахын тулд тэдэнд зориулсан мэдээлэл зайлшгүй шаардлагатай шүү дээ. Олон улсын хөрөнгө оруулагч нарын байнга асуудаг асуултууд бий. Ганц жишээ татъя. Шинэ тойрог зам л гэхэд нийтдээ 71.5 км, эхний ээлжинд Туулын эрэг дагуух 33.4 км замыг ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү зам нь зургаан түвшний уулзвартай. Энд хэрэглэгдэх далангийн материал л гэхэд Улаанбаатараас Баян-Өлгий орох дайны далангийн материал шаардлагатай болж байх жишээтэй. Эхний ээлжинд бид инженер геологийн судалгаа хийж өгөх ёстой. Улаанбаатар хот орчмын түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газрын хүчин чадал хүрэлцээтэй юү, үгүй юмаа гэхэд хаана энэ далангийн материал байна вэ гэсэн судалгааг өгөх ёстой. Дараа нь байр зүйн дэвсгэр зураг өгөх ёстой. Мөн байгаль орчны урьдчилсан нөлөөллийн судалгаа хийх учиртай. Зорчилтыг тооцооллыг гаргана. Энэ мэт судалгаануудыг оруулаад хийлгэх юм.

-Дүүжин тээврийн асуудал юу болж байгаа вэ. Төслийн ажил түр зогссон гэх мэдээлэл байна?

-2020 оны наймдугаар сард гэрээ зурахдаа эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон юм билээ. Тодорхой болсон чиглэл нь Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон ч ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Олон гэр хорооллын дээгүүр явах болсон, барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарахын дээр зорчилт тааруу байхаар дүн гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэл байгуулъя гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, нэгдээгүй байна.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн чиглэлийн хувьд ТЭЗҮ боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм. Дүүжин тээвэр барих Пома компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Өөрийн гэсэн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчилтоос хамаардаг юм билээ. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр байх юм.

-Тойрог хурдны замын трасс хаагуур тавигдах вэ?

-Тойрог хурдны замын хойд хэсгийн трасс Дархан, Эрдэнэтийн замаас эх аваад Тахилт, Долоон буудлын хойгуур орж ирээд Долоон буудлын эцсээр нэвт гараад Монелийн замыг өргөтгөөд Цагаан даваагаар даваад Баянголын амаар урагш орж ирээд 20.9 км замын уулзварыг олон түвшний уулзвар болгон өргөтгөөд Туулын далан дээгүүр тойроод явах юм. Энэ бол 8-9 жилийн төсөл. Одоогоос бид суурь судалгаагаа хийж, газар чөлөөлөлт хийж байх ёстой. Тойрог замын 65 хувь нь гүүрэн байгууламж байх юм. Орц гарц нь олон түвшний уулзвартай байна

-Сүүлийн үед зам засварын ажлууд маш их хийгдэж байна. Нийт хэчнээн төгрөгийн төсвөөр хийгдэж байгаа вэ?

-13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын байгууламжийн ажил үргэлжилж байна. Үүний 70 тэрбум төгрөгийг 2022 онд санхүүжилтэд олгож байна. Гарааш чөлөөлөх, хашаа хайс буулгах ажил мөн үргэлжилж байгаа. Тухайлбал, 188 байршилд 480 орчим гарааш буулгаж, 375 байршилд хашаа хайс буулгасан. Чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, замын байгууламж, зогсоол болгон тохижуулж байна. Мөн зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтэрснээр түгжрэлийн 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувь орчим нөлөөлөх юм. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна. RFID систем үүнд багтана. Энэ нь камерийн систем биш, харин автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Үндсэндээ тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэн техникийн хүчээр цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашид камержуулахад хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Эдгээр ажил гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдтэй уялдаж байгаа.

Гадаад зээлийг дэлхийн банкны шугамаар хөндлөн чиглэлд, босоо чиглэлд 37 км гол зам барьж байна. Мөн зогсоолуудыг нэмэгдүүлж байгаа. Түүнчлэн анхны их багтаамжийн буюу 5, 9 давхар зогсоолуудыг барьж байгуулахад 8 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Явган хүн, унадаг дугуйн замыг 80 метр квадрат буюу явган хүний зам нь 16.8 км, унадаг дугуйн замыг 14.4 км шинээр хийж байна. Энэ ажилд 11.2 тэрбумыг зарцуулж байгаагаас гадна 74 ил зогсоолыг шинэчилж байгаа. Энэ мэтчилэн 414 тэрбумын төсөвтэй ажлууд үргэлжилж байна. Нийт төсөвт өртөгийн ажлын 64 хувь нь он дамнах ажлууд юм. Өөрөөр хэлбэл 40 хүрэхгүй хувь нь 2022 ондоо багтаж дуусна. Энэ зохицуулалт нь гурван жилийн төлөвлөлттэй. Харамсалтай нь 2023 оны төсвийн 70 орчим хувийг 2022 оны дамнасан төсөв эзэлж байна. Ирэх онд томоохон ажил гэхээс илүү өмнөх оны ажлыг гүйцээх төсвүүд байгаа юм. Замын ажил гэхэд 228 тэрбум төгрөгний төсөвтэй ажлаас зөвхөн 2022 онд 69 тэрбумыг л санхүүжүүлж байна.

-Авто зам ашигласны төлбөрийн асуудлаар мэдээлэл өгөхгүй юу. Орон нутгийн машин Улаанбаатарт зорчихдоо 3 ДАХИН ӨНДӨР буюу километр тутамд 45 төгрөг төлнө гээд байгаа?

-Зам тээврийн түгжрэлийг бууруулах ажил зөөлөн, хатуу бодлогын хүрээнд явж байгаа. Улаанбаатар хотын 1300 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. RFID шинээр ашиглалтад орсноор км тутамд Улаанбаатар хотын машин 15 төгрөгөөр тооцно. Харин нийт зам дээр үйлчилж байгаа машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг. Эдгээр машины хувьд км нь 45 төгрөг байгаа. Орж ирэхэд төлдөг 1500 төгрөг хэвээр байна. Мөн хот руу орохгүй байх их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Засгийн газарт оруулж байгаа.

Дараа нь нийслэлийн тусгай хэрэгцээнд гурван байршлыг авна. Цаашдаа хөдөө, орон нутгаас таван чиглэлд ирж байгаа газарт орон нутгийн машинууд үнэгүй зогсоолд тавих боломжийг бүрдүүлнэ. Мөн энэ чиглэлд богино эргэлтийн автобус гаргахаар төлөвлөж байна. Тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, tag-тай болно. Тэрхүү tag-ийг ашиглаж төлбөр тооцоог бүрэн хийнэ. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот бүрэн tag-тай болно. Хөдөө орон нутаг бүрэн tag-тай болохгүй бол хот руу нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж, амь насаа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж, амь насаа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.