Саяхан л "Чингис хаан" банкийг "Капитал" банкны араас дампуурлаа зарлах хэмжээнд хүрлээ гэх мэдээлэл тархаад байв. Гэтэл дампуурал зарлах асуудал түр намдсан ч "Монгол Улсын Хөгжлийн банк"-тай холбоотой асуудал нь намжсангүй.
Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэх 26 чанаргүй зээлийг танилцуулсны нэг нь "Чингис хаан" банкны 2014 онд "Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн төсөл" хэрэгжүүлэхээр авсан 13 тэрбум төгрөгийн зээл багтаж буй. Үүнээс гадна Хөгжлийн банк Чингис хаан банктай 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр хоёр төрлийн буюу нийт 25 тэрбум төгрөгийн мастер гэрээ байгуулан, хадгаламж байршуулсан байдаг. Гэвч хадгаламжийн хугацаа дуусаад хоёр жил гаруйн нүүрийг үзэж байгаа боловч эргэн төлөлт огт хийгдээгүйн дээр хэсэгчлэн төлөх үүргээ ч тус банк хүлээгээгүй байна. Ийнхүү "Чингис хаан" банк "Хөгжлийн банк"-тай холбоотой асуудал намжаагүй байгаа юм.
Иймд дээрх гэрээтэй холбоотойгоор шаардах эрхийн 27 байр, үл хөдлөх хөрөнгийн 22 байр буюу нийт 49 объектыг "Чингис хаан" банк барьцаалж, гэрээний үүргээ хангах баталгаа болгон гэрээ байгуулсан байдаг. Гэтэл шаардах эрхээр барьцаалсан 27 байр нь ХУД-т байрлах "Хан Хиллс" хотхонд байрладаг ба долоог нь Хөгжлийн банкинд мэдэгдэлгүйгээр, иргэдэд худалдан борлуулж, худалдсан ашгаасаа Хөгжлийн банканд ямар ч төлбөр төлөлгүйгээр "Чингис хаан" банк хувьдаа ашигласан байна. Харин үлдсэн 20 орон сууц нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа юм.
Гэтэл "Чингис хаан" банк эргэн төлөлтөө хийхгүй бол худалдан борлуулсан гэх долоон орон сууцны айл өрх гудамжинд гарах эрсдэл ч нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй. Иймд бид эл асуудлаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Асуудлын учир юунд байна
"Чингис хаан" банкны 46 хувийг эзэмшигч Д.Батаа “Хан Хиллс” хотхоныг “Чингис хаан” банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулсан гэх мэдээлэл байдаг. Ийм ч учир зээлийн гэрээнд тус хотхоны 521 дүгээр байрны 27 орон сууцыг барьцаанд тавьсан аж.
Энэ тухай Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өөрийн цахим хуудаснаа "Хөгжлийн банкнаас 2019.12.19-нд "Чингис хаан" банкинд 25 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийг гурван сарын хугацаатай байршуулсан. Хадгаламжийн хугацаа дууссан ч Хөгжлийн банк байршуулсан мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрч авлага 38.5 тэрбум төгрөгт хүрээд байна.
Чингис хаан банк нь тус хадгаламжийн барьцаанд нийт 44 үл хөдлөхийг барьцаалсан ба эдгээрийн тал орчмыг иргэдэд зарсан, бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байх боловч эдгээр хөрөнгөөрөө Хөгжлийн банкны авлагыг барагдуулаагүй байдаг. Өнөөдрийн байдлаар барьцааны байруудаас үлдсэн ХУД-ийн "Хан Хиллс" хотхоны 20 ширхэг орон сууцыг зах зээлийн үнэ ханшаар нээлттэй худалдан борлуулж, Хөгжлийн банкны авлагыг хэсэгчлэн барагдуулах ажиллагааг эхлүүлж байна. Иргэдэд борлуулсан банкны барьцаанд буй бусад үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж, иргэд болон банкийг хохиролгүй болгохоор хууль хяналтын байгууллагад хандсан. Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний зэрэгцээ эрүүгийн журмаар хэрэг бүртгэл хийгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэсэн юм.
НЭМЭЛТ: "Чингис хаан" банк Хөгжлийн банкнаас 2014 онд авсан 13 тэрбум төгрөгийн зээлийн 1,1 тэрбум төгрөгийг төлөөгүй хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байдаг.
Иймд бид ХУД-т байрлах "Хан Хиллс" хотхоныг зорьж, 521 дүгээр байрны 27 орон сууц болон худалдан авсан гэх иргэдээс мэдээлэл авсан юм.
Худалдан авсан оршин суугчид бүрэн мэдээлэлгүй, зарим тоотууд засварын ажилтай байна
Хотхоны 521 дүгээр байрны 202, 203, 303, 304, 401, 402, 403, 404, 502, 504, 603, 604, 703, 803, 1203, 704, 804, 1302, 1303, 1004, 1204, 1301, 1402, 1304, 1401, 1403, 1404 гэх тоотууд барьцаанд байгаа ба дээр дурдсан долоон өрхөөс бусад орон сууцад хүн амьдраагүйн дээр засварын ажил хийгдэж байлаа.
Бид худалдан борлуулагдсан гэх ... тоотын оршин суугч иргэнээс мэдээлэл авахад "Энэ тухай мэдээлэл цухас сонссон. Яг тодорхой мэдээлэл аваагүй байгаа. Худалдан авахдаа ч одоо ч тэр асуудлын учрыг сайтар ойлгоогүй явна. Ийм учир бүрэн гүйцэд, баримттай мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
Бид уг асуудлаар Хөгжлийн банкны дэд захирал З.Батырбекээс дараах тодруулгыг авлаа.
"Чингис хаан" банк Хөгжлийн банктай нийт 48,5 тэрбум төгрөгийн өртэй
-"Чингис хаан" банкнаас өнөөдрийн байдлаар ямар нэг төлбөр төлсөн гэх мэдээлэл бий юу?
-2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Чингис хаан банктай хадгаламжтай холбоотой хоёр төрлийн гэрээ байгуулсан байдаг. Нэг нь 10 тэрбум төгрөгөөр 82 хоногийн хугацаатай, нөгөөх нь 92 хоногийн хугацаатай 15 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан байдаг. Уг гэрээтэй уялдуулан 49 объектыг "Чингис хаан" банк барьцаа болгон өгсөн байдаг. Эдгээрээс долоон байрыг "Чингис хаан" банк нууцаар худалдан борлуулсан. Өнөөдрийн байдлаар ямар ч төлбөр тооцоо хийгдээгүй байна.
-Нийт хичнээн төгрөгийн авлагатай байгаа вэ. Бидэнд нийт 38,5 тэрбум төгрөг гэх мэдээлэл байна?
-Зөвхөн "Хөгжлийн банк"-тай холбоотой 38,5 тэрбум төгрөгийн асуудал энд яригдаж байгаа юм биш. Тодруулбал, тус банк "Хөгжлийн банк"-ны хоёр охин компаниас мөнгө нэхэх эх үүсвэр байршуулсан байдаг.
"Ди Би Эм" лизингээс 9,3 тэрбум төгрөг, "Ассет менежмент"-ээс 1,1 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэрийг байршуулсан байдаг. Үүнийг том зургаар нь харвал "Чингис хаан" банк "Хөгжлийн банктай" 48,5 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудалтай байна гэж ойлгож болно.
Өнгөрөгч тав дахь өдөр буюу 2020.09.02-ны өдөр "Ди Би Эм" лизинг дээр 9,3 тэрбум төгрөгөөр шүүхийн шийдвэр гарсан. Харин "Ассет менежмент" дээр 956 сая төгрөгөөр шүүхийн шийдвэр гарсан. Ингэхээр 10,2 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж байна гэсэн үг.
-Одоогоор авлагын өрийг төлүүлэхээр ямар арга хэмжээ аван ажиллаж байна?
-"Чингис хаан" банкийг "Монгол банк" хариуцан ажилладаг. Тиймээс "Монгол банк"-тай хамтран ажиллаж байна. Мөн "Чингис хаан" банктай тулж ажиллаж байна. Түүнээс гадна хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.
"Иргэдийн хохирлыг "Чингис хаан" банк хариуцна"
-ХУД-т байрлах "Хан Хиллс" хотхоны 27 орон сууцыг одоогийн үнэ ханшаар худалдан борлуулж, авлагын өрийг төлүүлнэ. Гэвч "Чингис хаан" банкнаас долоон орон сууцыг танай банканд мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан гэх мэдээлэл байгаа шүү дээ. Тэгвэл тэдгээр орон сууцанд амьдарч буй иргэдийг хэрхэн хохиролгүй болгох вэ. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
-Хохирлын асуудлыг "Чингис хаан" банк хариуцах ёстой гэж үзэж байгаа. Учир нь тухайн айл өрх орохоос өмнө тус банк "Хөгжлийн банк"-д баталгаа болгоод эдгээр тоот орон сууцуудыг танайд барьцаалж байна гээд тухайн үед гэрээгээ хийсэн. Тиймээс тус банк эдгээр айл өрхүүдийн мөнгийг ашигласан гэх агуулгаар харвал "Чингис хаан" банк хохирлын асуудлыг шууд хариуцна. Мөн хохирлын асуудал үүсвэл хууль, хяналтын байгууллагуудаар явах байх.
-Эхний ээлжинд хүнгүй байгаа 20 орон сууцыг худалдан борлуулах асуудал яригдах уу?
-Тийм. Бид уг асуудлаар "Чингис хаан" банктай сайтар ярилцаж байна. Хэзээ яаж шилжүүлж өгөх вэ, хэрхэн борлуулалтыг хангах вэ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа. Хэрэв дуудлага худалдаагаар орохоор болбол мэдээж хэрэг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт, үнэлгээг харах ёстой.
-Дээрх 27 орон сууцыг өнөөдрийн ханшаар тооцон авлагаас барагдуулах талаар дурдсан шүү дээ. Тэгвэл ойролцоогоор нийт хичнээн төгрөгөөр үнэлэгдэж байна?
-Нэг мкв-ийг 4,5 сая төгрөгөөс буулгахгүй байхаар тооцсон. Энэ нь ойролцоогоор 12 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэхдээ цаашид зах зээлийн ханшаа дагаад өөрчлөгдөх магадлалтай. Мөн нэмж хэлэхэд хүү болон алданги нь зогссон байгаа.
Иймд иргэд болон "Хөгжлийн банк"-ны хохирлыг "Чингис хаан" банк шууд хариуцах аж.
Барьцаалсан хөрөнгөө бусдад зарж борлуулах нь албан тушаалын гэмт хэрэгт ордог байна. Тиймээс "Чингис хаан" банк хариуцлагаа хүлээж чадахгүйд хүрвэл хууль, хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлэхээс гадна худалдан авсан долоон байрны айл өрхүүд ч хүндхэн асуудалтай нүүр тулах юм. Тиймээс "Чингис хаан" банк болон "Монгол банк", "Хөгжлийн банк"-ууд хоорондоо уялдан иргэдийг хохироохгүй байх тал дээр хамгийн зөв гарц гаргалгааг хайх нь зүйн хэрэг.
Хэрэв асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл бүхэл бүтэн долоон айл, өрх ГУДАМЖИНД гарах эрсдэл үүсээд байна.