Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өмнөх өдөр Монголын сэтгүүл зүйн салбарт маргаан дэгдээсэн асуудал жиргээнд тархсан байдал.
Өчигдөр өглөө сэрээд хартал сошиал медиагаар дүүрэн мэдээллийн тулаан өрнөж байлаа. Унтаж байх хооронд Бельги улсад очоод буцаж ирсэн нэгэн иргэний шинжилгээгээр 54 хоногийн дараа эсрэг биет илэрснийг сонсоод сандралд орсон сэтгүүлч бүсгүй, Монголд аюулт ковид19-тэй тэмцэх эмнэлгийн тэргүүн шугаманд нойр хоолоо хасан зүтгэж буй эмчээс авсан 12 минут орчим ярилцлага шуугиан тарьжээ. Энэ ярилцлагыг Заригийн фэйсбүүк хуудаснаас 1,5 сая удаа үзэж, 9800 хүн шэйр хийж, 38,000 коммент бичсэн байна. Твиттерт энэ ярилцлага гарсны дараа Заригийн талаар 1500, Нямхүү эмчийн талаар 3662 жиргээ таржээ.
Хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй давхацсан энэ дуулиан сэтгүүлчийн мэргэжил, ур чадвар, мэдлэг, ёс зүйн асуудлыг олны өмнө гаргаж тавилаа. Сэтгүүлч Өнөрцэцэгийн “Зариг худал мэдээлэл тараагаагүй. Коронатай хүн орж ирсэн эсэхээ мэдэхгүй байгаа ЗГ-аасаа та нар ай!!!!” жиргээг 103 хүн цааш нисгэв.
@Batka хаягаар “Өнөрөөг тайван байлгахыг хүсье. Сэтгүүлчийн асууж байгаа асуултанд бус асуухгүй байгаа асуултанд эгдүүцэж бай. Түүний орон зайг Зариг байхгүй байсан бол гэж төсөөлөөд үзээрэй. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье” хэмээсэн жиргээг цааш 72 хүн дамжуулсан байна. Ярилцлага хийсэн бүсгүйн төгссөн сургуулийн асуудал ч хөндөгдөв.
@Tsenddoo1 хаягаар жиргэсэн “Өнөрөө ч гэж Өнөрөө, Нямхүү ч гэж Нямхүү, чи ч гэж чи, би ч гэж би, корона ч гэж корона, бас тэр сарьсан багваахай ч юүвлээ...” мэдээллийг 131 хүн цааш жиргэж, 400 хүн лайк хийж. @Tsogtsan хаягаас “Нямхүү гепатитийн В вирүсийн вакцины дараа дархлааны асуудлаар доктор хамгаалсан, миний шавь, мэргэжлийн хүн. Шинжлэх ухаан бүх асуултанд хариулдаггүй. Хавь ойрын хүмүүс халдвар аваагүй, аюулгүй гэдэгт нь шинжлэх ухаан хариулаа. Илүү нарийн мэдмээр байвал үзмэрчээс асуух байж.” хэмээн эмчийг өмөөрсөн мэдээллийг 181 хүн дамжуулан жиргэж, 389 хүн лайк дарсан байна.
Цар тахал хэрхэн тархаж халдварладаг, ямар тестээр хэзээ илрүүлж болдог, нуугдмал үе, эсрэг биет илэрнэ гэдэг юу гэсэн үг болох, цаашид ямар алхам хийх ёстой зэрэг наад захын асуудлаар олон нийт аль хэдийнэ хангалттай мэдлэг хуримтлуулсан нь онлайнаар өрнөсөн хэлэлцүүлгээс харагдаж байна. Уншигчид, үзэгчид сэтгүүлчдээс мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй алхам хүлээдэг нь бас илт. Фэйсбүүк болон Твиттерт энэ талаар өрнөсөн ярианаас:
- “Эрх чөлөө гэдэг хариуцлага, ёс суртахуун болохоос эрх чөлөөтэй байна гээд бүдүүлэгтэж оркдохыг хэлэхгүй. Миний хувьд зариг байсан байгаагүй ялгаа байх ч үгүй”
- “Зариг нэг л асуултыг их олон шахсан. Хариулт хүлээж авахгүй бсн. Нямхүү ба түүний баг маш их ачаалал дор их удаж байна. Стресс, ядаргаа хэт их болж байгаа. Хувь хүн нь угийн түс тас гэж ярьдаг хүн биш бололтой.”
- “Нямхүү эмч Монголд хэрэгтэй хүн, зариг сайт бол Монголд огт хэрэггүй шахуу. Ийм л ялгаатай”
- “Бид аль дээр эсрэг биет үүсдэг гэдгийг мэдчихсэн байсоон; бидэнд тайлбарлаж өгсөн. Чиний наад шуурхай мэдээлэл чинь юмны араас нэхэж хөөж яваа хоцрогдсон мэдээлэл бна. Та өөрөө мэдээллээс хоцрогджээ.”
- “…сэтгүүлчийн эрхийг нь хасах хэрэгтэй юм байна, энгийн юмыг ойлгохгүй бол дуугүй байх хэрэгтэй.”
- “хүний яриа ойлгохгүй зөрж яриад байна даа … хариултыг нь харин ул суурьтай өгөөд байхад хүн гүтгээд чичрээд байдаг, сэтгүүлч гэхээрээ дайрч давшилж бдаг юмуу”
- “Ойлгожтой хэлээд бга юм бишүү ийм юм ойлгодоггүй сэтгүүлч гэж бас бнаа”
- “нэг асуултаа дахин дахин тулгаж асуугаад байвал ямар ч хvн бухимдана, ярилцагчаа аль болох тайван яриулж, шинэ шинэ асуултыг тавихыг сэтгvvлч гэх байх, энд сэтгvvлч биш мердегч ажиллаад байгаан бишvv”
- “Ойлгомжтой яриад байхад хариулт ч сонсохгүй дайраад байгааг харахад энэ хүнийг харлуулах гэсэн санаа гаргаад байна уу даа яахнав хѳѳрхийг ....”
- “Ямар үхсэн баасных нь сэтгүүлч, ямар юмны ул суурьтай асуулт байдаг юм? Хутган үймүүлж, нэр төр олох гэсэн арчаагүй байдал харагдаад байна шүү дээ. Ямар ч хүн ойлгохоор тайлбарлаад байхад ...”
- “Яасан муухай дээрэлхүү асуудаг юм бэ. Нямхүү эмч маань их тэвчлээ дээ хөөрхий. Хүнээс юм асуухын тэгээд хариултаа бүрэн сонсоогүй асуугаад ч бгаамуу загнаад ч бгаамуу ахиал нэг юм асуугаал холион бантан”
Эрдэмтэн мэргэд ч дэлхий даяар нэгдээд учрыг нь гүйцэд олж чадахгүй байгаа заналт вирусын талаар сурвалжилна, бичнэ гэдэг амаргүй ажил. Олон түмний сэтгэл санааг үймүүлэхгүй байх, хүнд бэрх цагт эмнэлгийн ажилтнуудын ажилд талархаж, тэвцээр, хүндэтгэлтэй харьцах нь чухал. Барууны орнуудад эрүүл мэндийн асуудал болон шинжлэх ухааны талаар гардан бичдэг мэргэшсэн сэтгүүлчид олон нийтэд чанартай, үндэс суурьтай, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд мэргэжлийн хүмүүстэй эн тэнцүү хэмжээнд ярилцаж, хариултаас ургуулан цааш нь учир утгатайгаар ухаж төнхөн асуудаг. Манайд ингэж нарийн мэргэших бололцоо хангалттай бус ч мэргэжлийнхээ нэр хүндийг унагахгүйн тулд сэтгүүлчид байнга мэдлэг мэргэжлээ ахиулж, ихийг уншиж судалж, яг одоо үед цар тахлын халдварын талаар мэдлэг сайтай байхын чухлыг олны бай болсон ярилцлага харуулж байна. Орчин үед уншигчид олон эх сурвалжаас мэдээллээ аваад сэтгүүлчдээс дутахгүй, зарим үед бүр илүү мэдлэгтэй байх болсон нь бүр ч их хариуцлага үүрүүлнэ.
Олон түмнийг мэдээллээр хангаж, өвчний тархалт яг хаанаас хэнд яаж дамжиж байна вэ гэдгийг мөрдөж сурвалжлах нь мэдээж чухал. Ингэж тандах ажил амаргүйг АНУ болон бусад орнуудын туршлага харуулсаар. Өнөөдрийн Чикаго Трибьюн сонинд цар тахлын тархалтыг зогсоохын тулд 100,000 хүн тутамд 30 хүн мөрдөгчийн ажил хийх шаардлагатай гэжээ. Хэн нэгэн ковид19-ийн халдвар авсан нь батлагдсан буюу нас барсан тохиолдолд тухайн хүнээс юмуу гэр бүлийнхнээс нь өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд хаагуур явж, хэнтэй, хаана, хэр удаан уулзсан бэ гэх мэт нарийвчилсан асуултын дагуу ярилцлага хийгээд харьцаанд орсон бусад бүх хүмүүсийг нэг бүрчлэн олж шинжилгээ хийх, шаардлагатай үед шууд тусгаарлах ёстой гэнэ. Гэхдээ тухайн ярилцаж буй хүнээ сэтгэл санааны дарамт, стрессэд оруулахгүй тайван харьцах нь тун чухал. Аюулт өвчний тархалт мөрдөгчдийг сургалтад хамруулан, нарийн дэг журамтайгаар мэдээллийн сан бүрдүүлэх ажлын чухлыг, үүнд тулгарч буй олон бэрхшээлийг дурдсан байна. Зөвхөн Иллиной мужид халдварын тархалтын мөрөөр мөшгих ажилд 80 сая доллар зарцуулах шаардлагатай хэмээн мужийн захирагч Прицкер мэдэгдлээ. Вашингтон Пост сонинд олон улсын түвшинд ийнхүү тандах, мэдээлэл цуглуулах ажлыг хэрхэн зохион байгуулж буй тухай сонирхолтой материал хэвлэгдсэн байна. Өмнөд Солонгос, Сингапур энэ талаар хамгийн сайн арга хэмжээ авсныг, энэ ажлыг хэрэгжүүлэхдээ гар утас, тандалт, хөдөлгөөний аппуудыг оновчтой байдлаар хэрэглэснийг дурджээ. Америкт иймэрхүү арга хэрэглэхээр яригдаж буй боловч хувь хүний нууц, эрх чөлөөний асуудал тулгарч байна. Хувь хүний эрх чөлөө юү, олон нийтийн ашиг сонирхол уу гэдэг том асуулт амин чухал шийдвэрүүдэд нөлөөлж буйн зөвхөн нэг нь энэ.
Аз болоход Монгол улс маань цар тахлаар өвдсөн, халдвар авсан хүмүүсийн тоогоо маш сайн барьж байгаа хэдхэн орны нэг билээ. Гадаадаас ирэхдээ халдвар авсан нь мэдэгдээгүй ч, 54 хоногийн дараа эсрэг биет илэрсэн тэр нэг хүний ойр орчмынхон хэн байв хэмээн сандралдах нь аргагүй. Эргэн тойронд хүмүүс хэдэн мянгаараа өвдөж, тархалтыг тогтоох гэж зүдэрч буй орчинд амьдарч, сүүлийн сар хагасын хугацаанд хөл хорионд сууж байна. Аюулт өвчин холуур тойрно хэмээн алгуурласан бодлого барьж, амны хаалт зүүх зөв үү буруу юу гэх мэтээр маргаж байх хооронд тахлын аюул нүд ирмэхийн зуур тогтоон барих аргагүй хэмжээнд хүрч, хэн хүнгүй барьц алдахыг харлаа. Энэ орчин, нөхцөл байдлаас харахад Заригийн сэтгүүлч, Нямхүү эмч хоёрын зөв бурууг тунгаах гэж хувь хүн рүү нь чиглэсэн дайралт хийхээс илүүтэйгээр “Цаашид яах вэ? Хэн ямар үүрэг гүйцэтгэх вэ? Цар тахлаар өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн үед амиа бодож нуун дарагдуудалгүй хэлж, бусдыгаа бодохын чухлыг олон түмэнд яаж ойлгуулах вэ? Халдвар авсан байж болзошгүй болон өвчилсөн хүмүүсийг хэрхэн тусгаарлах вэ? Тэд хэнтэй, хаана, ямар харьцаанд орсныг ямар журмаар чухам хэн хариуцаж тандах вэ? Цуглуулсан мэдээллээ хаана, яаж хадгалж, зохих албаны хүмүүс хэрхэн цаг алдалгүй хуваалцах вэ? Хувь хүний нууцлалыг яаж хамгаалах вэ? Эмнэлгүүдээ хэрхэн сайжруулах вэ? Эмчилгээний төхөөрөмж яаж бэлдэх вэ? Эдийн засгаа яаж аврах вэ?” зэрэг өөр бусад тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг яриагаа өрнүүлмээр санагдлаа.