Ардын нам доторх сайдын марафон шувтрах тал руугаа хандаж, эв нь таарвал эрх баригчид ирэх долоо хоногтоо Засгийн газрын шинэ танхимаа байгуулчих санаатай байна.
Гэвч ҮХЦ дээр өнгөрсөн өвөл асуудал гацаасан зарим нэг хүмүүс саарал ордонд дахин сөрөг акц зохион байгуулахаар бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, ҮХЦ-ээс Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг хассан нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэн эсэргүүцэл илэрхийлэхээр төлөвлөж буй гэнэ.
Үүндээ Ардын намын ахмадууд болох Ч.Хурц, Ж.Бямбадорж болон Хэрэг эрхлэх газрын даргын “шатрын найз”, ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Н.Жанцан тэргүүтэй хүмүүсийг ашиглах гэнэ. Тэд ҮХЦ-ийн шийдвэр, УИХ-ын үйлдлийг шүүмжлүүлэхээс гадна “Хэрвээ УИХ эл үйлдэлдээ хариуцлагатай хандахгүй бол өлсгөлөн зарлах хүртлээ тэмцэнэ. Нас дээр гарсан хүмүүсийн биеийн байдал үүнийг даах уу” гэх яриа ч гарчээ.
Уг үйл явцыг далдаас залуурдаж байгаа хүнээр Ардын намынхан өнгөрсөн өвөл Цэц дээр асуудал гацаахад гар бие оролцсон гэж хардаж байсан Ц.Нямдорж сайдыгаа тодруулсан талаар саарал ордонд бор шувуу нисцгээж байна. Түүнтэй хамт эсэргүүцлийн багт УИХ-ын гишүүдээс Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нар багтаж буй бөгөөд маргааш чуулган эхлэхэд ҮХЦ-ийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцэх юм байна. Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нарыг МАН-ынхан томилгооны “тойрог”-тоо багтаахгүй байгаа тул ийнхүү Цэцийн шийдвэрийг жадлан эсэргүүцэх нь гарцаагүй. Өнгөрсөн наадмын өмнө тогтолцооны асуудлыг ҮХЦ шийдвэрлэх үед л энэ хоёр гишүүн “ҮХЦ хууль зөрчлөө” гэж чуулган танхимд хүчтэй чарлаж байв.
Харин “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” гэгдээд буй Ц.Нямдорж нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байгуулах дараагийн танхимд нэр нь багтахгүй байгаа тул ийнхүү ил, далд ажиллагаа явуулж байна гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна.
Ийнхүү эдгээр улс төрийн “тоглолтоос” хамаарч сайдуудын томилгоо, шинэ Засгийн газрын асуудал ирэх долоо хоногт яригдана. Үйл явц хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.
Г.Лхагвадорж