Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ю.Ариунзаяат: Монгол улс цахим спортоор дэлхийн улс орнуудтай зэрэгцээд явж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 53 секунд


Монголын цахим спортыг дэлхийн түвшинд гаргах хүсэлтэй,  Монголын цахим спортын холбооны ТУЗ-ийн гишүүн Ю. Ариунзаяаттай ярилцлаа.

Анх хэзээнээс, яагаад энэ спортыг сонирхож эхэлсэн бэ?

Анх видео тоглоом нь маш буруу, муу зүйл гэсэн суурь ойлголттой байсан. 2016 онд манай хүүхэд болон найзуудын маань хүүхдүүд видео тоглоомноос болоод сургуулиа хаях дээрээ тулсан. Би өөрөө Америкд байсан болохоор хүүхдээ Монголд юу хийж яваад байгааг нь сайн мэдэхгүй байсан. Тэгээд ямар юм байдаг болоод залуучууд хүүхдүүд ингээд хуулирч ороод байгаа юм бол гээд мэдээлэл олж болох бүхий л сувгаар судалсан. Гэвч сайн мэдээлэл олж чадаагүй. Тэгэж судалж байхдаа видео тоглоом тоглодог хүүхдүүдийн фэйсбүүк группд орчихсан байсан.Эхэндээ тэр группд байгаа залуучуудын хоорондоо бичиж байгаа зүйлс нь аягүй муухай санагдаж надад ерөөсөө таалагддаггүй байсан. Би ч юу ярьж бичээд байгааг нь ойлгодоггүй байв. 

Тэгээд 2016 оны гуравдугаар сард The Mongolz баг Азийн аварга болсон. Тэгээд азийн аварга болсны дараах тэр хүүхдүүдийн бичсэн пост, коммэнтүүдийг бүтэн хоёр өдөр уншсан.

Тэндээс тусгай хотол үүсчихсэн,өөрсдийн гэсэн хүрээлэлтэй, дотроо ойлголцдог хэлтэй болчихсон байгааг ойлгосон.  Тэрийг нь бид нар мэддэг ч үгүй , ойлгодог ч үгүй юм байна.

Мөн тэндээс өөр нэг зүйл анзаарагдсан. Тэдний бичиж байгаа зүйлсийг нь харсан чинь аавдаа, ахдаа, зодуулаагүй хүүхэд тэнд байгаагүй. Бүгд л ингэж, зодуулаад, загнуулаад гэж бичсэн байсан.  

Би өөрөө орос англи хэлний багш хүн. Багш хүн болохоороо ч тэр үү бидний ойлгож мэддэггүй тусдаа нийгэм бий болчихсон байгааг анзаарч хүлээн зөвшөөрөн миний харах өнцөг өөрчлөгдсөн.

Тэгээд нилээн судалж байгаад хүмүүст зөв ойлгуулах хэрэгтэй юм байна. Үүнийг дагаад шинэ бизнесийн зах зээл бий болж байна. Үүнд Монгол зэрэг явах боломжтой байгаа юм байна гэдгийг ойлгосон.

Юун түрүүнд хүмүүст зөв ойлголт өгөх ёстой. Учир нь залуучууд энэ чинь спорт гэж мянга дуугараад хэн ч хүлээж авахгүй. Эд нар өөрсдийгөө дандаа ингэдэг гээд л . Харин миний насны хүн дуугараад ирэхээр хүмүүс арай өөрөөр харж эхэлсэн. Жишээ татахад миний үеийнхэн би чиний хийгээд байгаа зүйлийг ерөөсөө ойлгохгүй байна. Гэхдээ чамайг яав ч буруу зүйл хийхгүй гэж бодоод байна гэдэг.

2017 онд анх цахим спорт гэдэг нь ийм юм байдаг юм шүү гээд нийтлэл бичиж байсан. Тэрийг бичсэнийхээ дараа сошиалаар хүмүүст ихээр хараалгуулаад аймар юм болох байх гэж дотроо жаахан айж байсан. Гэхдээ хүмүүс харин ч эерэгээр хүлээж авсан. Залуучууд гайхаад ямар сонин юм бээ бид нарыг ингэж дэмждэг хүн бас байдаг юм байна гээд л их гайхсан. 

Тэгээд дараа нь 2017 оны 11 сард mongolz миний амьдардаг Оаклан хотод ирж тоглосон. Тэднийг ирэхэд би хөөцөлдсөөр байгаад очиж уулзаж байсан. Mongolz нь хамгийн анхны монгол эзэнтэй байсан баг. 

Mongolz баг видео тоглоом тоглодог залуучуудад амжилтанд хүрч болдог юм байна гэсэн итгэлийг их олон хүнд өгсөн. Миний хувьд цахим спорт гэдэг ойлголтыг үндсээр нь өөрчилсөн баг. Тиймээс би энийг хүмүүст ойлгуулж хүргэх ёстой юм байна гэж бодоод сэтгэл шулуудсан. 

Таныг e-sport сонирхож эхэлсэн үеэс одоо хүртэлх хугацаанд хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ?

Эхлээд энийг спорт гэдгийг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй байсан. Спорт гэдгийг хурд, хүч, хөдөлгөөн л гэж ойлгодог байсан. Харин хэсэг хугацааны дараа харьцангуй хүмүүсийн хандлага ойлголт өөрчлөгдсөн. Спорт гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цахим спорт нь  уралдаан тэмцээнтэй, тамирчидтай болсон. Тамирчид нь  мэргэжлийн ба сонирхогчийн гээд ялгагдаад эхэлсэн. Тамирчны дасгалжуулагч, сэтгэл зүйч, эрүүл ахуй ложистик,  тактик,  стратеги гээд бүх зүйл нь уламжлалт спорттой адилхан болж эхэлсэн.

Түүнчлэн бизнес гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн.Код, программ, зохиол, хувцас, өмсгөл гээд бүхий л бизнесийн салбар луу хөрвөх болсон. 

Сүүлийн үед шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж эхэлж байна. Тамирчдын эрүүл мэндийг ярьдаг боллоо. 

Анх видео тоглоомыг эрчээ авч байх үед тоглож байсан залуучуудын ихэнх нь сургуулиа хаясан байдаг юм байна. Харин одоо тоглогчдоос боловсрол мэдлэг шаарддаг болсон.Тоглогчдоосоо шаардах зүйл их болж байна.

Та Esportsnew.mn сайтыг нээсэн. Энэ сайтыг ажиллуулах гол зорилго нь юу вэ?

Эхлээд esportsnews.mn пэйж байсан. Дараа нь Greensoft-ийнхан надад вэб сайт хийж өгсөн. Би өөрөө ажилтай болохоор вэб сайтаа бас сайн хөгжүүлж чадахгүй байгаа. 

Миний хийж байгаа гол зорилго бол гадны мэдээллүүдийг монголынхоо цахим спорт сонирхдог залуучуудад цаг алдалгүй хүргэх.  Цаг үеээсээ хоцрохгүй мэдээлэлтэй байлгах. Монголд цахим спортоор дагнан тогтмол үйл ажиллагаа явуулан мэдээлэл өгдөг хэдхэн л вэбсайт байгаа. Гэхдээ тэд долоо хоногт нэг л мэдээлэл хүргэдэг. Би ч бас долоо хоногт нэгийг хүргэж байгаад саяхнаас дэлхийд болж байгаа үйл явдлуудыг товчхон бичээд өдөрт нэгийг оруулж байхаар болсон. 7 хоногт нэг мэдээ оруулахаар маш их зүйлээс хоцроод, учир дутагдалтай байгаа юм. 

Би өдөрт нэг цагийг заавал цахим спортын тухай мэдээлэл олж уншихад зарцуулдаг. 

Цахим спортоор хичээллэдэг, тоглодог хүүхдүүд англи хэлний ямар нэгэн түвшинтэй байдаг. Огт мэдэхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр би баттай эх сурвалжийн линкийг мэдээнийхээ доор оруулчихаар тэд ороод уншвал өөрсдөд нь хэрэгтэй байх гэж боддог.

Та өөрөө ямар нэгэн багт тоглодог уу? 

Би ерөөсөө тоглодоггүй. Харин хүмүүс намайг тоглодог гэж бодоод байдаг юм.  Гэхдээ хараад бол мэднэ.

Монголд e-sport-ын хөгжлийн түвшин ямар байгаа вэ? гадагшаа тоглож байгаа хэдэн монгол тамирчин байгаа вэ? 

Яг одоогоор бол dota 2 төрөлд Сингапурын Reatlity Rift багийн тамирчин Р.Нармандах “Hustla” тоглож байна. Өмнө нь “CS GO”-р их олон хүн гадны багт тоглодог байж байгаад буцаад ирсэн. Яг монголын хувьд DOTA, CS GO бол үнэхээр сайн хөгжсөн. Монголын тамирчид ч гадны тэмцээнд явж багагүй амжилт ч үзүүлж байсан. 

Тухайлбал ESL One Road to Rio тэмцээний Азийн бүсийн шалгаруулалтад Монгол улсын Mazaalai, Tiger, D13 багууд тоглохоор болсон. Азийн бүсийн 8 багийн 3 нь  монголоос шалгарсан. Ингээд харахаар монголын цахим спорт бусад орны цахим спортоос нээх хоцроогүй, адилхан л явж байгаа.

Нэг л зүйл дутаад байдаг. Ивээн тэтгэгч нар. Нэг үеэ бодоход харьцангуй гайгүй  болсон. Гэхдээ хамгийн гол нь том компаниуд нь ийшээ орж өгөхгүй байна. Яагаад орж өгөхгүй байна гэхээр цахим спорт гэж юу байдгийг тэр хүмүүс ойлгохгүй, мэдэхгүй байгаад байна. 

Цахим спорт үүсээд 20-иод жил болж байна. Гадны улс орнууд өөрсдийнхөө уламжлалт спорт болох волейбол, хөл бөмбөг, сагсанбөмбөгийг  хөгжүүлээд бизнес, энтертаймэнт болгочихсон. Үүний араас эдгээр төрлүүдээр гарч ирэх хэцүү. 

Харин цахим спорт болохоор яг чацуу. Монгол улс дэлхийн улс оронтой яг зэрэгцээд явж байгаа. Энэ зэрэгцээд явж байгаа боломжоо монголын залуучууд алдмааргүй байгаа юм. Би хааяа хоцорчих вий дээ гэж бодоод айдаг. 

Тогтмол уламжлалт болгон зохион байгуулагддаг тэмцээн бий юу?

Монголын цахим спортын холбоо 2019 оныг CS GO-д зориулаад бүтэн жилийн лиг явуулсан. Энэ жил dota 2-р мөн бүтэн жилийн лиг явуулъя гэж байтал цар тахлаас болоод больсон. Одоогийн байдлаар pubg-ийнхэн онлайнаар олон улсын хоёр ч тэмцээнд оролцчихлоо. Дэлхийн улс орнууд онлайн хэлбэрлүүгээ орсон. Монгол нэг л орж өгөхгүй байна. 

Монголд саяхан Dgamers cup Volume1 тэмцээнд Dota2 тоглоомын immortal-ас дээш цолтой тамирчдаас бүрдсэн 8 багийн онлайн тэмцээн болоод IMG баг түрүүлсэн.

Ер нь уралдаан тэмцээнийг pc тоглоомын төвүүд өөрсдийнхөө нэрэмжитээр зохион байгуулдаг.  Lof төв өнгөрсөн жил 10 жилийнхээ ойд зориулаад pubg-н маш том тэмцээн зохион байгуулсан.

Цар тахал хэрхэн нөлөөлж байна? 

Их нөлөөлж байгаа. 3 сарын 24 нд Лос Анжелос хотод ESL One Los Angeles 2020 /dota2/ тэмцээн болох байсан.Гэхдээ тэр тэмцээн цуцлагдсан. Ер нь олон үзэгчтэй болдог том тэмцээнүүд нь цуцлагдсан. Би сайтаа төлөөлөөд хэвлэлийн эрх авч ордог. Тийм болохоор арай давуу эрхтэй байдаг. 

Би өөрийнхөө амьдарч байгаа хоттой ойрхон болж байгаа цахим спорттой холбоотой арга хэмжээнүүдэд аль болох оролцдог. 2019 онд PUBG-н дэлхийн аваргыг очиж үзэж байсан.Над шиг цахим спортын хурал, арга хэмжээнд оролцож байгаа хүн монголд байхгүй.Надад оролцох боломж арай их, байршлаас  хамаарч байгаа юм.

Хувь хүнийхээ хувьд алдагдалтай л даа. Ажлаасаа чөлөө авна, буудлын байр хоолны мөнгө гээд л. Гэхдээ хичээгээд л явж байна. 

Таны ар гэрийнхэн анх таныг энэ спортыг сонирхож эхэлж байхад хэрхэн хүлээж авсан бэ? одоо ямар хандлагатай байдаг вэ?

Нөхөр маань анх тоглодог болчихсон юм бол уу гэж бодсон гэсэн.Эхлээд жаахан гайхдаг байсан. Одоо бол дургүйцсэн хандлага байхгүй.

Одоо та ямар ажил хийдэг вэ? 

Уг нь орос, англи хэлний багш, Америкд тэр ажлаа хийх боломжгүй. Тэгээд одоо хөгшин хүн асардаг ажил хийдэг. Тэр ажлаа хийх завсраараа олон зүйл уншина, сонсоно, тийм боломж ихтэй.

Саяхан би онлайн цахим спортын 8 долоо хоногийн курст сууж төгссөн. Уг нь аль нодлин эхэлсэн. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас болоод хойшлоод саяхан л шалгалтандаа тэнцээд сертификат авсан.Энэ сургалтанд суусан нь намайг системэнд оруулж өгсөн. Би энд тэндээс авч уншсаар байгаад нэг тийм үсэрсэн ойлголттой байсан. Тэгээд одоо цэгцтэй, системэнд орсон ойлголттой болсон.

Түймрээс сэргийлэх үүднээс 140 автомашин, 322 иргэнийг ногоон бүсээс гаргалаа
Түймрээс сэргийлэх үүднээс 140 автомашин, 322 иргэнийг ногоон бүсээс гаргалаа
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.