UBN сайт Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг хилчдийн ахуй, амьдралыг харуулсан сурвалжилга, видео контентуудыг цувралаар хүргэж байна.
Хүний хөлөөс хол хил орчмын хязгаарт нутагт ажиллаж, амьдардаг хилчин гэр бүлүүдэд тулгамддаг асуудал олон бий. Тэдний нэг нь хүүхдүүдийнх нь боловсрол эзэмших асуудал. Хилчин хүүхдүүд 5 нас хүртлээ аав, ээжтэйгээ хамт хил дээр амьдраад сургуульд сурахаар төв суурин газар бараадаж, эмээ, өвөө, хамаатан садныдаа амьдрахаас өөр аргагүй болдог нь нууц биш. Харин бидний очсон Дорнод аймаг дахь хилийн цэргийн 0306 дугаар ангийн хилчин хүүхдүүд 2021 оноос эхлэн ээж, аавтайгаа хамт амьдарч, боловсрол эзэмших боломжтой болжээ.
Сумын төвөөсөө 150, аймгаас 300, Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайд байрлах тойрсон хэдэн байшингаас өөр тогтож харах зүйлгүй мэнэнгийн талд байрладаг бага сургуульд хэдэн багш ажилладаг, тэдний ажил яаж өрнөдөг бол, 1-5 дугаар ангийн хүүхдүүд бүгд хамт суугаад анги ангиараа өөр өөр хичээл үздэг болов уу. Хичээл сургалтын үйл ажиллагаа яаж өрнөдөг бол, хилчин хүүхдүүд хотын хүүхдүүдтэй адилхан чанартай боловсрол авч чадаж байгаа болов уу. Сурч байгаа орчин нөхцөл нь хэр тав тухтай бол гэх мэт олон асуултад хариулт хайж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Дорнод аймгийн Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн харьяа Мэнэн бага сургууль гэсэн хаягтай энэ жижигхэн байшинд тэтгэвэртээ гарсан хоёр ахмад багш ажиллаж, 1-5 дугаар ангийн 24 хүүхэд суралцдаг.
Эх орныхоо торгон хил даган өсөж буй хилчин хүүхдүүдэд зориулсан тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд ашиглалтад оржээ. Анх 2 багш, 1-5 дугаар ангийн 37 сурагч, 2 ажилтантайгаар сургуулийн үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 24 хүүхэд суралцаж байна. Тодруулж хэлбэл,
- Нэгдүгээр ангид 14
- Хоёрдугаар ангид 2,
- Гуравдугаар ангид 5,
- Дөрөвдүгээр ангид 2
- Тавдугаар ангид 1, нийт 24 сурагч суралцаж байна.
Биднийг үдийн 15.00 цагт сургуулийн хаалгаар ороход хөдөө талд баймгүй цэвэрхэн тухтай орчин, хичээлээ зааж буй багшийн хоолойноос өөр сонсогдох чимээгүй нам гүм байдал биднийг угтлаа.
Хүүхдүүдийн өдрийн давтлагын цаг эхэлсэн нь энэ аж. Бага зэргийн жиндүүхэн санагдсныг эс тооцвол цэвэр цэмцгэр тав тухтай орчинд сурч боловсрох төгс орчинг бүрдүүлж чаджээ. Зухас дурдвал, боловсон ариун цэврийн өрөө, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тохижилт, сандал, ширээ, самбар, хичээлийн хэрэглэгдэхүүн гээд бүх зүйлийг цогцоор нь шийдсэн нь хэнээс асуух шаардлагагүйгээр нүдний өмнө ил харагдаж байв.
1-2 дугаар ангийнхны хичээллэж буй ангид ороход бүх сурагч босож, "Та сайн байна уу" хэмээн мэндлэх нь хайрламаар бас хүндэлмээр санагдсныг нуух юун. Ангид орж ирсэн хүн бүртэй ингэж мэндлэх соёлд багш нь сургажээ.
Бид тус ангийн багш Ц.Гоёлмаад хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг тодруулах хүсэлт тавьж, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ц.Гоёлмаа гэдэг. Миний бие боловсролын салбарт 37 жил 3 сар ажиллаад 2024.01.01-нд тэтгэвэрт гарсан. Улсын Багшийн Их Сургуулийг төгссөн. Бага ангийн багшаар 9, монгол хэл, уран зохиолын багшаар 12 жил, сургалтын менежерээр 5 жил, сургуулийн захирлаар 11 жил ажилласан.
-Таныг Матад сумын ЕБС-ийн захирлаар ажиллаж байсан гэж сонссон. Энэ сургуульд хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Тийм. Би 2018-2024 онд Матад сумын ЕБС-ийн захирлаар ажиллаж байсан. Энэ сургуульд 2025.01.20-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Өмнө нь Матад сумын ЕБС-ийн захирлаар ажиллаж байхдаа энэ бага сургуулийн анхны төсвийг нягтлан бодогчтойгоо хамт баталж байлаа. 3 багш, 3 ажилчинтай, 40 сурагчтайгаар боловсруулж, төсвийг аймаг, орон нутгаас дэмжиж баталж байсан юм. 2021 онд БШУЯ-нд хүсэлт тавьснаар 2 самбар, 50 ш сурагч ширээ, сандал, 4 ажлын шүүгээ, 2 багш ширээ, сандал нийлүүлж, 2023 онд интернэттэй болгосон.
-Та зөвхөн 1-2 дугаар ангийн хүүхдүүдээ хариуцаж ажилладаг юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм. Нөгөө багш маань 3-5 дугаар ангийнханд хичээл ордог.
-Холимог бүлэг болгоод нийт дунд нь хичээлээ ордог гэсэн үг үү?
-Үгүй. Хэдийгээр цөөхөн сурагчтай ч гэсэн анги бүр өөр өөр хөтөлбөрөөр хичээллэх тул холимог бүлэг болгож, нийлүүлж хичээллэх боломжгүй. 1-2 дугаар анги 35 минут, 3-5 дугаар анги 40 минутаар хичээллэдэг. 35 минутын талд нь нэгдүгээр ангийн сурагчдадаа хичээл заагаад, үлдсэн минутад хоёрдугаар ангийн сурагчдадаа зааж үзсэн. Энэ бол үнэхээр боломжгүй юм байна билээ. Эхлээд хоёрдугаар ангийн сурагчдад бие даах даалгавар өгөөд, нэгдүгээр ангийн сурагчдад хичээл заасан. Гэтэл хоёрдугаар ангийн сурагчид хичээлээ хийлгүй шууд нэгдүгээр ангийнхныг хараад, анхаарал нь төвлөрөхгүй, унших, шүлэг цээжлэх зэргийг дагаж хийгээд байсан. Дараагийн цагт нь нэгдүгээр ангийнханд даалгавар өгч суулгаад хоёрдугаар ангийн хүүхдэдээ шинэ хичээл заахад нэгдүгээр ангийнхан даалгавраа хийхгүй хоёрдугаар ангийнханд зааж буй хичээл рүү анхаараад, зарим нь хичээл дээр тоглох зүггүйтэх зэргээр хичээлийн цагийг үр дүнгүй болгож байсан. Ийм асуудал 3-4 дүгээр ангид зааж буй нөгөө багшид маань ч тохиолдсон. Тиймээс бид 2 ярилцаж байгаад үдийн өмнө 1, 3 дугаар ангидаа хичээл заагаад, үдийн хойно 2, 4, 5 дугаар ангидаа хичээлээ зааж эхэлсэн. Ингэснээр заах ёстой хичээлээ хичээлийн цагтаа бүрэн зааж амждаг болсон. Энэ арга багшийн ачааллыг нэмэгдүүлж байгаа ч хүүхдүүдэд ач холбогдол өндөртэй. Эцэг эхчүүд ч сэтгэл хангалуун байгаа.
-Тэгэхээр та 2 илүү цагаар ажиллаж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ бидэнд үдийн хойно хичээл заасан ангийн илүү цагийг олгодоггүй. Бид Матад сумын захирлын үүрэг гүйцэтгэгч Ө.Цэвээнсүрэнд “Бүх хичээлээ зааж байна. Давхар ангид заасны илүү цагийг олгоорой" гэж хэлсэн ч шийдэж өгөөгүй л байна. Миний бие захирлаар ажиллаж байхдаа багш нартаа илүү цаг олгож байсан. 3 багштай болох үед нь ч багш нар даасан ангийнхаа илүү цагийг авч байсан. Гэтэл одоо тэтгэврийн 2 багш үнэнчээр сэтгэл гаргаж, аймгийн төв дэх тохилог орон сууц, гэр бүлийн хүнээ орхин, аймгийн төвөөс 170 км-т алслагдсан багийн сургуульд ирж ажиллаж байхад энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь заримдаа шантармаар санагддаг.
Зарим үед хилчин аав ээж нар ажил ихтэй үед бид 2 оройн 18.00 цаг хүртэл сургууль дээрээ давтлага хийх, ном унших шатар, даам тоглох зэргээр хүүхэдтэйгээ ажиллаж тусладаг.
-Та 2 хаана байрладаг юм бэ?
-Хилийн цэргийн 0306 дугаар ангийн урирдлагууд биднийг байраар хангаж, үнэ төлбөргүй байрлуулдаг. Юун түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна.
-Сургуулийн байр жаахан жиндүүхэн санагдлаа. Ер нь ийм сэрүүхэн байдаг уу?
-Уг нь хийн буюу газаар халдаг. Хүчин чадал нь хүрдэггүй юм болов уу жаахан сэрүүхэн байдаг учраас гэрийнхээ тенийг авч ирж ангидаа тавьж байгаа. Орой тараад харихдаа гэр рүүгээ аваад ордог.
-Гэрээсээ хол ганцаараа энд ажиллаж амар биш байх?
-Мэдээж амар биш. Намайг захирлаар ажиллах хугацаанд энэ сургууль байгуулагдсан учраас энэ сургуулийг тогтвортой үйл ажиллгаагаа явуулж, хүүхдийн цовоо цолгин дуу цуурайтсан эрдэмд дуудсан мөнгөн хонх үргэлжид цангинаж байгаасай л гэж хүсдэг. Хэрэв Мэнэн бага сургууль байгуулагдаагүй байсан бол хүүхдүүд аймаг, сумын төв рүү сурахаар явах байсан. Дөнгөж зургаан настай хүүхдээ ганцааранг нь явуулж болохгүй болохоор ээж нь ажлаасаа гараад дагаад явах болно. Заримыг нь өвөө, эмээ ахан дүүс нь харна. Гэрээсээ хол байх нь хүүхдийн сурлагын чанарт ч нөлөөлдөг. Харин сургуультай болсноор хүүхдүүд гэртээ аав, ээжтэйгээ хамт амьдарч, гэрийнхээ хажууд сурч байна шүү дээ. Хамгийн гол нь хилчид, хилийн цэргийн ажилтнууд санаа зовох зүйлгүйгээр үүргээ гүйцэтгэж байна. Энэ бүхнийг харж мэдрэх надад сайхан байдаг. Тийм ч учраас багшгүй болчихлоо гэхээр нь ирж ажиллаж байгаа юм. Хэрэв өөр тогтвор суурьшилтай ажиллах хүмүүс ирвэл ажлаа хүлээлгэж өгөөд явахад бэлэн байгаа. Гол нь тогтвор суурьшилтай ажиллах хүн л хэрэгтэй байна. Багш нар нь тогтохгүй солигдоод байхаар хүүхдүүдийн сурлагад ч нөлөөлж эхэлдэг. Бага боловсролыг чанартай эзэмшвэл боловсролын суурь мэдлэг чадвар сайн тавигдана шүү дээ.
-Тогтвор суурьшилтай ажилладаг багштай болоход ямар асуудал тулгарч байна вэ. Яагаад багш тогтохгүй байгаа юм бол?
-Тогтвор суурьшилтай ажилладаг багштай болъё гэвэл багш нарын тохилог орон сууцны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Залуу багш нарт санал тавихаар хамгийн эхлээд амьдрах орчин, халуун дулаан байр сав асуудаг. Энэ асуултанд л бүдрээд байгаа юм. Мөн 2 ангид зурагт юм уу ухаалаг самбар, хүүхэд бүрт таблет, биеийн тамирын талбай, спортын хэрэглэгдэхүүн, гал тогооны тоног төхөөрөмж, хүүхдийн уран зохиолын номнууд нэн тэргүүнд шаардлагатай байна. Хүүхдийн тоог нэмэгдүүлье гэвэл ойролцоох малчдын хүүхдийг сургуульдаа авах нь зөв ч дотуур байраа бэлтгэх хэрэгтэй. Мөн ирэх хичээлийн жилээс англи хэлний хичээлийг гуравдугаар ангиас заана гэж байгаа. Иймд англи хэл, биеийн тамир, хөгжмийн боловсролын багш хэрэгтэй болж байна. Чанартай боловсрол олгоход дээрх зүйлүүд маш чухал. Монгол улсын эдийн засагт, монгол малчин залуу гэр бүлүүдэд их тустай. Малчин айлууд ч гэсэн энд байгаа хилчид шиг бяцхан үр хүүхдэдээ ойр, амар тайван мал сүргээ өсгөн, ажиллаж амьдрах боломжтой болно шүү дээ.
Энд хүрээд бидний яриа өндөрлөж, хүүхдүүдийн тарах цаг ч болов. Бидний амьдардаг Улаанбаатар хотод бага ангийн сурагчдын хичээл тарахтай зэрэгцэн эцэг эхчүүд яаран ирж, гараас гарт гэх дүрэм үйлчилдэг. Энд тийм зүйл байсангүй.
Ээж аавынхаа өврөөс гараад удаагүй 6 настнууд хэдийнэ биеэ дааж, хэнээс ч юунаас ч айх айдасгүйгээр сургуулиасаа ганцаараа гарч, гэрийн зүг итгэлтэйгээр алхах дүр зургийг бид зөвхөн эндээс л харж чадна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!