Эрх баригчид Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар жил тойрон хичээж байна. Сонгуулийн тогтолцоог тодорхой болгох, гишүүдийн тоог нэмэх, “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэсэн хэд хэдэн гол чиглэлтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн наадмын өмнө нам жим болсон.
Учир нь сүлд өөрчлөх, хүний эрх ба цаазын ял зэрэг хэд хэдэн асуудлыг нэмж аваад гишүүд ҮХНӨ хийх эсэх талаар иргэдийнхээ саналыг сонсохоор тойрогтоо ажилласан. Гэвч иргэд үнийн өсөлт, хил гааль, шатахууны үнэтэй холбоотой асуудалд нэн түрүүнд анхаарахыг шаардаж, маш их бухимдсан тул гишүүд ҮХНӨ-ийг наадмын дараа шуурхайлах төлөвлөгөөнөөсөө буцсан юм. Ялангуяа шинэ гишүүдийн хувьд ҮХНӨ-өөс хүртээд байх ашиг хонжоо байхгүй тул энэ чиглэлд ач холбогдол өгөхөө ихэд бууруулав.
Харин Ерөнхий сайд тэргүүтэй Ардын намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаар туйлын их зүтгэж байгаа. Тэгвэл чуулган завсарлахад л яригдаж байсан ҮХНӨ-ийг хийх ээлжит бус чуулганыг эрх баригчид наймдугаар сардаа багтааж зарлахаар ерөнхийдөө тохирсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар наймдугаар сарын 25-н хавьцаа ээлжит бус чуулганаа хуралдуулж эхлэх аж. Гэхдээ өдрийн тухайд хараахан эцэслэж тохироогүй бөгөөд энэ сарын 17, 22, 25 гэсэн гурван өдрийн нэгийг сонгох төлөвтэй байгаа гэнэ.
Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Ардын намынхан ҮНХӨ-ийг явуулахын тулд гишүүдээ хүчээр “мотордохоор” шийдсэн бололтой. Ер нь ҮХНӨ-ийг эрх баригчид явуулахаар зүтгэж эхэлснийг батлах хэд хэдэн үйл явдлууд өнгөрсөн өдрүүдэд улс төрд өрнөлөө. Тодруулбал, Ерөнхий сайд дэргэдээ намуудын төлөөллүүдийг багтаасан ҮХНӨ-тэй холбоотой ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүнийгээ Н.Энхбаяраар ахлуулав. Энэ бол Ерөнхий сайд уг асуудалд шууд гар бие оролцож эхлэх гэж байгаагийн илрэл. Сая шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэвлэлд ҮХНӨ-ийг явуулах талаар эерэг үг унагав.
Мөн наадмын амралтаар МАН-ын дарга нар энд тэнд бэсрэг уулзалтууд хийж, эсэргүүцэж байсан гишүүдээ түлхүү тойглосон гэх мэдээлэл ч байна. Уг нь Сү-гийн фракц ҮХНӨ-ийг ил тод эсэргүүцэж, Үндсэн хууль ярьсан бүлгийн хуралдаа ч суухгүй зугтаж гүйгээд байсан юм. Гэвч эхнээсээ зарим нэгийнх нь бодол санаа эргэж эхэлсэн бололтой.
Ийнхүү ҮХНӨ-ийг төв нам нь хүчээр хийхээр дахин нэг удаа зүтгүүлэх гэж байна. Үнэндээ Үндсэн хуулиа өөрчилнө, өөрчлөхгүй гэдэг асуудлаа хурдхан шиг нэг талдаа гаргахгүй бол энэ их хүлээлтээс үүдэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш их цаг хугацаа алдаж байна. Энэ хооронд сайдгүй хоёр яамнаас нь эхлээд шүүмжлэлд байнга өртөж буй сайдууд нь хүртэл яахаа мэдэхгүй битүүхэндээ “ачаа бараагаа” зэхчихээд өдөр хоногийг аргацааж сууна.
Тиймээс гишүүдтэйгээ маш хурдтай ойлголцож, ээлжит бус чуулганаа хийж ҮХНӨ-өө цаг алдалгүй явуулах. Эсвэл нэг мөр ҮХНӨ хийхгүй гэдгээ тодорхой болгохгүй бол намрын ажил, төсөв санхүү гээд ирээдүйн ажлууд хоолойд туллаа.