Түлхүүр мэдээлэл:
- Ковид-19 халдвар аваад эдгэсэн хүний биед хангалттай хэмжээний эсрэг биет хуримтлагдахад гурван 7 хоногийн хугацаа шаардагдаж байна.
- Шинэ төрлийн коронавирус маш хурдан мутацид орж, одоогоор дэлхийд 4300 мутацын төрөл бүртгэгдээд байна.
- Уг вирусний халдвар авсан хүмүүсийн биед өндөр хэмжээний цикотин ялгарч байгаа нь вирусийг нууц үед нь илрүүлэх сэжүүр болж байна гэж эрдэмтэд үзжээ.
Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирустэй холбогдох судалгаа, шинжилгээнүүд үргэлжилж байна. Тэдгээрээс гол судалгааны үр дүнгүүдийг багцлан хүргэе.
Өмнөд Солонгос улсад бүртгэгдсэн тохиолдлуудыг судалсан вирус судлаачид халдвар авч эдгэрсэн хүний биед хангалттай хэмжээний эсрэг биет хуримтлагдахад гурван 7 хоногийн хугацаа шаардагдаж байгааг олж тогтоожээ. Гэвч хуримтлагдсан эсрэг биет нь дахин өвчлөхөөс хэдхэн сар хамгаалах чадвартай аж. Үүнээс үндэслээд өндөр үр дүнтэй вакцин гарах хүртэл Ковид-19-ийг дарах боломжгүй гэж дүгнэхэд хүрчээ. Тэгвэл уг вирус маш хурдан мутацад орж, одоогоор дэлхийд 4,300 мутацын төрөл бүртгэгдээд байгаа нь вакцин гаргах ажилд хүндрэл учруулж байна. Мөн эрдэмтдийн тооцоолж, хүлээж байгаагүй хэлбэрээр өөрчлөгдөн хувьсаж, зарим нь маш аюултай төрөл зүйлийг үүсгэж болзошгүйг анхааруулсаар байна.
Судлаачдын дүгнэснээр, БНХАУ-ын Жөжян мужид илэрсэн шинэ төрлийн коронавирусний хэлбэр нь маш аюултай бөгөөд Европын орнууд болон АНУ-ын Нью-Йорк хотод түгээмэл тархсан. Харин АНУ-ын Вашингтон мужид илэрсэн хэлбэр нь хоруу чанар багатай. Иймээс улс орон, бүс нутагт Ковид-19-ийн улмаас нас барж буй иргэдийн тоо харилцан адилгүй байгаа нь тухайн газар оронд тархсан шинэ төрлийн коронавирусний мутацын хэлбэрээс хамааралтай хэмээн эрдэмтэд дүгнэж байна.
БНХАУ-ын вирус судлаач зарим эрдэмтэд коронавирусний судалгааг вирус илрүүлэх, цитокин (дархлааны болон бусад эсээс ялгардаг молекул), дархлаа судлах, саармагжуулах эсрэг бие, эмийн концентрац гэсэн 5 хэсэгт хуваан судалж байна. Судалгааны дүнд Ковид-19-өөр өвдсөн хүмүүсийн биед өндөр хэмжээний цитокин ялгарч буй нь өвчнийг эрт илрүүлэх сэжүүр болж байгааг тогтоожээ.
Жөжяний Их Сургуулийн харьяа Нэгдүгээр эмнэлэг Ковид-19 өвчний халдвар авсан 3497 өвчтөнөөс сорьц аван, вирусний хүний өтгөнд хадгалагдах хугацаа болон хүчийг судалжээ. Судалгаагаар, вирус амьсгалын замд 18 хоног, цусанд 6 хоног тэсвэртэй байдаг бол хүний өтгөнд 22 хоног хадгалагдаж байгааг тогтоосны зэрэгцээ эрчүүд эмэгтэйчүүдээс удаан хугацаагаар вирус тээж байгаа нь ажиглагдсан байна. Ялангуяа хүнд хэлбэрээр өвчилсөн хүний өтгөн дэх вирус илүү удаан хугацаанд халдварлах чадвар өндөртэй байна.
Бээжингийн Үндэсний хүнс, эмийн хяналтын хүрээлэнд бүтээж буй шинэ төрлийн коронавирусний эсрэг 3 дахь вакцины клиник туршилт өнгөрсөн долоо хоногт эхэлж, туршилтын үр дүн эерэг гарч байгаа аж. Гэхдээ тус улсын хэмжээнд Ковид-19 өвчний клиник туршилтын 598 төсөл батлагдсан ч, халдварын тоо буурснаар клиник туршилтад орох хангалттай тооны өвчтөн байхгүй болж, судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэл тулгарах болжээ. Мөн “Remdsivir” эмийн клиник туршилтыг хийж байсан хоёр төсөл зогссон бөгөөд тус эм хатгалгааны үрэвслийг намжааж байсан ч, вирусийг хоргүйжүүлэх нөлөө үзүүлэхгүй байгаа нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар