Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮНХЭЛИЙН ИРГЭД: М.Нарантуяад зөвшөөрөл олговол бид ч мөн зөвшөөрөл авна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 37 секунд
Ubn.mn

Дуучин, зөгийчин М.Нарантуяа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Шонхор зусланд аж төрж, зөгийн аж ахуй эрхэлдэгийг бүгд мэднэ. Энэ ч утгаараа тэрбээр Түнхэл тосгонд таван жил ажиллаж, амьдарсныхаа үр шимд мөрөөдлийн байшингаа барих тухайгаа цахим орчинд илэрхийлээд байсан. Гэтэл үүнтэй зэрэгцэн нутгийн ард иргэд газрын маргаан үүсгэсэн гэх асуудал даамжирч эхэлсэн ба иргэдийг хооронд нь талцуулаад байгаа юм.

Иймээс бид Түнхэл тосгоны оршин суугч иргэдийн төлөөллөөс дээрх асуудлын талаар тодруулга мэдээллийг авлаа.

-Сайн байна уу? Түнхэл тосгоны иргэд болон дуучин М.Нарантуяа нарын газрын маргааны асуудлын талаар уншигчдад тайлбар өгөөч?

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Шонхор зусланд дуучин М.Нарантуяа амьдардаг. Үүний хажуугаар зөгийн аж ахуй эрхлээд амжилттай яваа. Гэтэл сүүлийн үед байшин барихаар төлөвлөсөн юм байна лээ.

Энд түүнийг байшингийн хундаам цутгаснаас үүдэн иргэд маргаан үүсгэсэн талаар огт дурдахгүй. Учир нь дуучин М.Нарантуяагийн амьдарч буй тухайн объект нь Батлан хамгаалах яамны харъяа улсын онцгой бүс юм. Мэдээж Улсын онцгой бүс гэхээр хэн бүхэн ойлгоно шүү дээ. Тухайн газрыг өмчлөх, ашиглах, худалдан борлуулах эрх хаана ч байхгүй. Гэтэл дуучны хувьд онцгой бүсэд байшин барих гэж байгаа нь хууль зөрчих үйлдэл болно.

-Шонхор зусланд газар олгох боломжгүй юм байна. Тэгвэл дуучин М.Нарантуяа тухайн газарт зөвшөөрөлтэй оршин суудаг уу?

-М.Нарантуяа зөвшөөрөлгүй юм байна лээ. Бидний хүсч байгаа зүйл бол дуучин Нараг Түнхэлд амьдрамаар байвал зөвшөөрөлтэй газар амьдар эсхүл зөвшөөрлөө аваад амьдраасай гэж хүсч байна. Гэхдээ түүнд зөвшөөрөл олговол малчид болон оршин суугчид ч мөн тухайн объектод газар авна гэдгийг хэлж байгаа юм.

Дуучин Нараг ирэхээс өмнө бид Шонхор зусланд газар авъя гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Гэхдээ Шонхор зусланд газрын зөвшөөрлийг газрын албанаас олгох боломжгүй, Батлан хамгаалах яамны хариуцах асуудал гэдэг мэдээллийг өгдөг. Тухайлбал, энэ зун малчдын зөвлөгөөний үеэр Мандал сумын Газар зохион байгуулагч н.Булганхангай "Шонхор зуслангийн бүсэд дуудлага худалдаагаар бүү хэл ямар ч зөвшөөрлөөр газар олгох эрх байхгүй" гэж байсан юм.

Мэдээж Шонхор зусланд зөвшөөрөлгүй очоод амьдарч болохгүй. Бүр хэсэг малчид нүүж очоод амьдарч байгаад хөөгдөж байсан удаатай. Хориотой газар шүү дээ.

Энд бид дуучин М.Нарантуяатай маргалдаад байгаа асуудал биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Хууль хэрэв үйлчилбэл, бүгдэд нь ижил тэгш хандах ёстой.

-Хэсэг иргэд М.Нарантуяагийн гэрт очиж маргаан үүсгэсэн гэж лайв дээр байсан шүү дээ. Ямар хүмүүс очсон юм бол. Үнэхээр маргаан үүсгэсэн хэрэг үү?

-Нарагийн лайвыг үзсэн. Лайв дээрээ Шонхор зуслангаас хөөгдсөн иргэд ирж надтай маргаан үүсгэсэн гэж байна лээ. Гэтэл үнэн хэрэгтээ малчдын зүгээс М.Нарантуяатай очиж маргаан дэгдээсэн явдал байхгүй. Хөдөө малаа маллаад явж байгаа хүмүүст хэл ам хийгээд зав хаана байхав.

Харин Байгаль орчны төлөөлөгч, ИТХ-ын дарга, Захиргааны нярав зэрэг хүмүүс очсон. Шаардлага хүргүүлсэн. Тухайн үед очсон хүмүүсийн ярьсан зүйлүүд болон баримтууд нь бичлэг хэлбэрээр хадгалагдсан байгаа. Тэнд ганц нэг хүн дургүйцэж, хашхирсныг тооцвол ямар ч хэрүүл маргаан үүсээгүй. Энэ газар бол хуулийн дагуу хүн авч болохгүй газар, бусад нь яагаад амьдарч болохгүй байгаа юм бэ зэрэг асуудлууд л яригдсан.

Гэтэл шаардлага хүргүүлэхээр очсон хүмүүс гүтгэгдээд, цаашлаад Түнхэлт тосгоны иргэд, малчидын нэр хүнд маш ихээр хөндөгдөж байна. Тиймээс тухайн үед юу болсныг гэрчлэх бичлэгийг бас цацах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл хүмүүс гүтгэгдэхгүй байх.

-Цаашдаа ямар шийдэлд хүрээсэй гэж хүсч байна?

-Тухайн үед дуучин М.Нарантуяа гэр бүлийн маргаантай байсан юм байна лээ. Гэтэл түүнийгээ Түнхэл тосгоны иргэдтэй холбож байгаа нь буруу байх. Эндээс миний хэлэхийг хүсч байгаа зүйл бол ажил амьдралаа ялгаасай, иргэдийг талуулсан үйлдэлдээ зөв тайлбар хийгээсэй гэж хүсч байна.

Хэдий харь хүмүүсийн өнцөгөөс харахад дуучин М.Нарантуяа хөөгдөөд байгаа юм шиг харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ Батлан хамгаалах яамны харъяа улсын онцгой бүсэд зөвшөөрөлгүй амьдрах нь буруу юм.

Түнхэл тосгонд 50, 60 жил амьдарсан ахмадаас эхлээд малчин иргэд ч Шонхор зусланд газар авч чаддаггүй. Тиймээс дуучин М.Нарантуяаг зөвшөөрөлтэй газар амьдраасай гэж хүсч байна. Үүнээс гадна түүнд газрын зөвшөөрөл олговол энгийн иргэд бид ч бас зөвшөөрөл авмаар байна.

-Үүнээс гадна Түнхэл тосгоны хувьд малын бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээр хомсдсон талаар мэдээлэл явж байна?

-Тэр бол үнэн. Малчид өвөлжөө, хаваржаа, зуслан руугаа нүүхдээ ч заавал зөвшөөрөл авдаг. Хүний буурин дээр нүүгээд очиж болохгүй шүү дээ. Миний аав, ах нар ч малчин хүмүүс. Тэглээ гээд хүссэн зоргоороо энд тэнд очоод амьдраад байдаггүй л дээ. Тийм ч учраас бэлчээрийн асуудлаас үүдэн малчдын дунд ямар нэгэн маргаан гардаггүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

З.Балдандугар: Томуу болон BA.4, BA.5 хувилбараар бага насны хүүхдүүд өвдөж байгаа учир дархлаажуулах нь зүйтэй
З.Балдандугар: Томуу болон BA.4, BA.5 хувилбараар бага насны хүүхдүүд өвдөж байгаа учир дархлаажуулах нь зүйтэй
 
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.