Улсын баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Эл өдрүүд бол автомашин худалдаачдын хувьд сезоны үе нь. Өөрөөр хэлбэл, наадмын өдрүүд дөхөхтэй зэрэгцэн иргэд хөл дүүжлэх унаатай болох аль эсвэл унасан унаагаа “томруулах”-аар автомашин худалдааны зах, төвүүдийг зорих элбэг. Зарим нь бэлтэй харагдах алхмаа автомашин болгодог гэхэд ч хилсдэхгүй. Тэгвэл сезон эхэлсэн байх ёстой энэ үеэр автомашины худалдан авалт, үнэ ханшийн үзүүлэлт ямар байгаа талаар сурвалжиллаа.
14 цаг. 22 товчооны авто худалдааны цогцолбор. Автомашинаар “хахсан” хэдий ч эзэнгүй оргисон худалдааны талбай. Худалдан авагч бага байгаагаас автомашин борлуулагчид ч нам гүм. Эгнэн байрласан автомашинуудад заримд нь “Наадмын урамшуулал: 1.5 хувийн хямдрал” хэмээх бичгийг өлгөсөн байх. Тэд урамшуулал, хямдрал зарласан ч худалдан авалт тааруу байгааг хэлж байлаа. “Харин ч өнгөрсөн жилийн наадмаар худалдан авалт маш сайн байсан. Зах бараг л машингүй шахам болж байсан шүү дээ” хэмээн ярих худалдаачид их байлаа.
Автомашин борлуулагчид ЮУ ХЭЛЭВ
-Худалдан авалт муу байгаагаас гаалиас “бууж” буй машинуудынхаа татварыг төлж чадахгүй тохиолдол гарч байна-
Автомашин борлуулагч н.Бүдболд “Өнгөрсөн жил тээврийн үнийн зардал, гааль дээрх гацалт, вальютийн өсөлт зэргээс шалтгаалж автомашины үнэ нэмэгдэж байсан. Үнийн хувьд бага зэрэг нэмэгдсэн. Цаашид автомашины үнэ буурахгүй гэж харж байгаа. Тээврийн үнэ буурч байж түүнийгээ дагаад автомашины үнэ буудаг. Бид нийлүүлэгч компаниас худалдаж авахдаа бүхий л төлбөр тооцоогоо вальютаар хийж байгаа шүү дээ.
Энэ жилийн хувьд ойн баяртай аймгууд их. Наадмын өмнө автомашин худалдан авах, жижиг машинаа дунд гарын болгож томруулах сонирхолтой иргэд их байдаг. Өдийд хөл хөдөлгөөн ихтэй байдаг үе. Гэтэл худалдан авагч бага байна. Эл хуль оргисон байдалтай байгааг харж байгаа байх.
Хил нээгдсэн боловч тодорхой хэмжээнд гацалт байгаа. Зарим үед хил дээр гацаад байсан автомашинууд бөөндөө буух үе байна. Гэтэл энд худалдан авалт бага байгаагаас татвараа ч төлж чадахгүй байх тохиолдол гарч байгаа” гэлээ.
-Цаашид автомашины үнэ НЭМЭГДЭНЭ-
Харин автомашин борлуулагч н.Гантөгс “Наадам болоход 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн байна шүү дээ. Гэтэл өдийд ийм л байдалтай зогсож байна. Зогсоол нь дүүрэн. Худалдан авагчид нь бага. Иргэдийн худалдан авах чадвар бага байна. Иргэд үнэ багатай автомашинг л сонирхох болсон байна.
Автомашины үнэ буурсан зүйл одоогоор байхгүй. Ихдээ 1-2 сая төгрөгөөр суларсан байх. Цаашид автомашины үнэ нэмэгдэнэ. Тээврийн зардал буурч байж л автомашины үнэ бууна шүү дээ. Борлуулагчид үнэ хөөргөөд байгаа зүйл байхгүй.
Бэлэн мөнгөөр авч байгаа хүн цөөхөн. Голчлон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авах иргэд их байдаг. Өдийд хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм. Гаалийн талбай дээр болон ирж байгаа машинууд зөндөө бий. Гэтэл талбай дээрхээ борлуулж дуусаагүй л байна. Цар тахлын өмнө нэг автомашины тээврийн зардалд хоёр орчим сая төгрөг зарцуулдаг байсан. Гэтэл ковидын үеэр тээврийн зардал нь 6-7 сая төгрөг болж нэмэгдсэн. Ийм байхад автомашины үнэ нэмэгдэхгүй гээд яах билээ” гэв.
-Худалдан авалт хийж буй иргэдийн 80 орчим хувь нь банк, ББСБ-аар авч байна-
Дараагаар автомашин борлуулагч н.Баатартай ярилцахад “Худалдан авалт тааруу байна. Сезоных нь үе л дээ. Автомашин сонирхохоор ирж байгаа хүмүүс байна. Гэхдээ тэр дундаас худалдан авалт хийх нь цөөн. Голчлон приус маркийн автомашин их сонирхож байна. Мөн дунд гарын жийп, RX зэрэг автомашин сонирхож байгаа.
Өнгөрсөн жил тээвэрлэлтээс шалтгаалан үнэ ханшид өөрчлөлт орж, нэмэгдсэн. Одоогоор 1-2 сая төгрөгөөр буурсан. Ковидын өмнөх үетэй харьцуулахад нэг автомашин дээр 10 сая төгрөг нэмэгдчихээд байгаа шүү дээ. Тээвэрлэлтээс гадна цаад үйлдвэрлэгч компаниудын дуудлага худалдаа зэрэгт өөрчлөлт орсон нь үнийн өсөлтөд нөлөөлж байна.
Худалдан авалт хийж буй иргэдийн 80 орчим хувь нь банк, ББСБ-аар авч байна. Өнгөрсөн жилийн наадмаар худалдан авалт давгүй байсан юм” гэлээ.
Иргэн: Автомашины үнэ тэнгэрт ХАДЧИХЖЭЭ
Автомашин худалдан авахаар ирж буй иргэдийн 80 орчим хувь нь банк болон ББСБ-ын нөхцлөөр автомашин худалдан авч байгаа талаар худалдаачид хэлж байна. Мэдээж эдийн засгийн хүнд нөхцөлд бэлэн мөнгөөр автомашин худалдан авах иргэд барагтай л бол үгүй. Иймдээ ч 22 товчооны авто худалдааны цогцолборын талбайд очиход иргэдийн хөл хөдөлгөөн бага байлаа.
Энэ зун аймгийн ойн баярыг зорих тул хөл дүүжлэх унаатай болохоор шийдэж, автомашин худалдааны төвийг зорьж ирсэн иргэн Б-тэй ярилцахад “Автомашины үнэ ч тэнгэрт хадчихжээ. Аймгийнхаа наадамд очих тул жижиг ч болтугай унаа авья гэж санаалсан юм. Ямартай ч сайн үзэж байгаад л худалдаж авахыг бодно доо. Байгаа мөнгөндөө л тааруулаад машин хайж байна. Ер нь бол ченж нар өөр өөр л үнэ хэлж байна. Болохгүй бол дахиад өөр автомашины зах орж судална даа" гэв.
Харин автомашин худалдаачдын хувьд автомашины үнэ нэмэгдсэнийг тээврийн зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж буй. Ийнхүү иргэдийнх халаас өдрөөс өдөрт нимгэрч байхад, автомашины үнэ нь тэнгэрт хадаж буй дүр зураг ил байна.
ҮНИЙН СУДАЛГАА: АВТОМАШИНУУД ЯМАР ҮНЭТЭЙ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА ВЭ
Бид та бүхэнд 22 товчооны авто цогцолборт худалдаалагдаж буй зарим автомашины дундаж үнийн үзүүлэлтийг хүргэж байна.
/Иргэдийн түгээмэл сонирхон худалдан авдаг автомашинуудыг сонгосон болно/
ГЕГ: Эхний таван сарын байдлаар 26413 суудлын автомашин, 8920 ачааны автомашин орж ирсэн
Автомашин худалдаачдын хувьд хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан автомашин татан авалт хэвийн болж буй боловч худалдан авалт бага байгааг хэлж буй. Хилийн боомтуудын захиргаанаас импортын автомашины татан авалт чиглэлд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Тэгвэл гаалиар орж ирж буй автомашинуудын тоон үзүүлэлт ямар байгааг сонирхуулъя.
Тайлбар: Эхний таван сарын байдлаар гаалиар 26413 суудлын автомашин орж иржээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 17.1, 2021 оны мөн үеэс 18.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тайлбар: Эхний таван сарын байдлаар гаалиар 8920 ширхэг ачааны автомашин орж иржээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 18.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 2021 оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлт аж.
НЭМЭЛТ: Манай улс жилд 700 мянга орчим ам.долларын машин импортоор оруулж ирдэг
Манай улсад нэг жилд дунджаар 75-90 мянган автомашин импортоор орж ирдэг. Тэдгээрийн дийлэнх хувь буюу 70 орчим хувийг суудлын автомашин эзэлдэг бол, 30 орчим хувийг ачааны машин тус тус эзэлдэг байна. Энэ нь манай улс жилд 700 мянга орчим ам.долларын машин импортоор оруулж ирдэг гэсэн үг юм.
№ |
Он |
Суудлын машины импортын үнийн дүн /мян.ам.дол/ |
Ачааны машины импортын үнийн дүн /мян.ам.дол/ |
Ачааны машин, суудлын машины импортын нийт үнийн дүн /мян.ам.дол/ |
|
1 |
2018 |
407.847 |
283.745 |
691,592.00 |
|
2 |
2019 |
|
421.145 |
839,884.00 |
|
3 |
2020 |
|
269.017 |
566,332.00 |
|
4 |
2021 |
|
385.241 |
770,402.00 |
|
5 |
2022 /эхний хоёр сарын байдлаар/ |
|
9.680 |
54,267.00 |
ШУУД ҮЗЭХ: