Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АСУУДЛЫН МӨРӨӨР: С.Баярын үед оруулж ирсэн 400 автобусыг аваад эргэн төлөлт хийгээгүй компаниудын ХЭРЭГ ЮУ БОЛОВ...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 47 секунд
Caption

Өнгөрсөн амралтын өдөр Сансараас 13 дугаар хорооллыг чиглэж явсан автобус шатсан. Тус автобусанд 5 зорчигч байсан бөгөөд зорчигчдыг яаралтай буулгасан юм. Үүнээс үүдэж, автобусуудад парк шинэчлэл хийгээгүй гэх шүүмжлэл цацагдсан. Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Энэ 2010 оны автобус. Золоор аюул учирсангүй. Яаралтай парк шинэчлэл хийх ёстой. С.Баяр даргын Засгийн газар 2009 онд 400 автобус оруулж ирснээс хойш парк шинэчлэл хийгээгүй. Сая 2 давхар 10 ш, у/а 60 ш, хүүхдийн 20 ш автобус ирсэн. Энэ ондоо багтаж хүүхдийн 50 ш, бусад 591 автобус ирнэ" гэх мэдээллийг өгсөн.

Харин ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Баяр даргын ЗГ-ын үед оруулж ирсэн 400 автобусыг хувааж авсан ХХК-ууд эргэн төлөлт хийгээгүй байдаг. Шалгаж төлүүлмээр байна" гэх ноцтой мэдээллийг өгсөн.

Үүнтэй холбогдуулан тус 400 ширхэг автобусыг ямар компаниуд авсан, яагаад эргэн төлөлт хийгдээгүй зэрэг асуудлын мөрөөр нэхэн сурвалжиллаа.

Дээрх автобусны 100 орчмыг нь "Автобус-1, 3" болон "Цахилгаан тээвэр" компанид олгожээ. Энэ дагуу өдгөө ч ашиглаж, ашиг олж буй гэх.

Тэгвэл дээрх байгууллагуудыг нэгтгэж, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ байгуулах тогтоолыг НИТХ-аас 2014 онд баталсан байдаг. Энэ утгаараа 100 гаруй автобус "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн мэдэлд шилжээд байгаа. Гэвч төлбөрөө Сангийн яаманд байршуулаагүй гэх.

Тиймээс тус газрын дарга Ц.Баттөмөрөөс уг асуудлыг тодруулахад "Манай байгууллагад хамааралтай асуудал биш. Бид ашиглалтаа мэднэ. Бусад асуудлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар мэдэх учиртай. Аль 2009 оны асуудал" гэсэн юм.

Ингээд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяртай утсаар холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

-Улсын төсвөөр худалдаж аваад хувийн хэвшлийнхэн "ашиглаж" байгаа гэх 400 автобусны асуудал сөхөгдөөд байна. Эдгээр автобусны төлбөрийг барагдуулах ажил ямар шатанд яваа вэ?

-Энэ асуудал аль 2008 оноос яригдаж байгаад 2009 онд Солонгос улсаас нийт 400 автобус худалдаж авсан байдаг.

-Яг аль аль байгууллагад хэдэн ширхэгийг хуваарилсан юм бол?

-Тэр шийдвэр батлагдах үед би ажиллаж байгаагүй учир мэдэхгүй байна. Ямар ч байсан 10-аад ААН бий.

-Эдгээр аж ахуйн нэгжүүд төлбөрөө буцааж төлсөн үү?

-Зарим нэг нь жаахан төлбөр төлсөн. Энэ утгаараа хэрэг шүүхийн шатанд шилжсэн.

-Төлбөрийг татан төвлөрүүлэх ажлыг танай байгууллага хариуцах ёстой гэж ойлгосон. Та энэ тал дээр яаж ажиллаж байна вэ?

-Энэ их төвөгтэй асуудал. Хэн хариуцаж төлбөр мөнгийг нь цуглуулах ёстой вэ гэдгийг бичиг баримтыг нь шалгаж үзсэн нь дээр байх. Хот юм уу, Сангийн яам юм уу, ТӨБЗГ юм уу. Би сайн хэлж мэдэхгүй.

-Нийт хэдэн төгрөгийн асуудал яригдаж байгаа вэ?

-Тухайн үед 30 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авалт хийж байсан санагдаж байна.

-Үүнээс хэдэн төгрөг нь улсад орж ирсэн юм бол?

-Бичиг цаас харж байж л хэлнэ. Цээжээр мэдэхгүй байна. Шүүхээс асуудлыг шийдэх биз хэмээлээ.

Тэгэхээр нийт 30 гаруй тэрбум төгрөгийн автобусын асуудал ШҮҮХИЙН ШАТАНД байгаа аж.

Ингээд ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас цөөн зүйл тодруулав.

-Ерөнхий сайд асан С.Баярын үед оруулж ирсэн 400 гаруй автобусыг компаниуд хуваарилж аваад, эргэн төлөлт хийгээгүй гэх мэдээллийг та өгсөн. Нийт хэчнээн болон ямар компаниудад хуваарилсан гэх мэдээлэл байна уу танд?

-Намайг НИТХ-д төлөөлөгч байх үед энэ мэдээлэл надад ирж байсан юм. Тэгэхээр нь төлөөлөгчийнхөө хувиар нийслэлийн Засаг дарга асуулга тавьсан.

-Тэгэхэд танд ямар хариу өгч байсан юм бэ?

-Төрийн сангийн зүгээс "Засгийн газраас хөрөнгийг нь гаргаж хийхээр шийдвэрлэсэн ажил. Төсөв нь улсын төсвөөс гарсан. Нийслэлд ямар ч хамааралгүй" гэсэн.

-Зардлыг нь улсаас гаргасан юм бол автобуснуудыг аль байгууллага өөрийн нэр дээр бүртгэж авсан юм бол?

-Тэрийг мэдэхгүй. Төрийн сангийн зүгээс нийслэл, улс хоёрын аль нь ч өмчиндөө бүртгэж аваагүй гэсэн. Нийслэлээс зардал мөнгө нь гараагүй юм чинь төлбөр нэхэмжлэх эрхгүй, боломжгүй гэсэн. Миний санаж байгаагаар "Тэнүүн-Огоо" ХКК-иас эхлээд Автобус-1, 2, 3 болон Цахилгаан тээвэр компанийн нэр дуулдаж байсан санагдаж байна. Нийт 400 автобуснаас олонхийг нь хувийн компаниудад өгсөн.

-Урьчилгаа төлбөр авсан юм болов уу?

-Аваагүй.

-Та энэ асуудлын араас дахиад хөөцөлдөх үү?

-Ажлын чиг үүргээрээ боломжгүй. Гэхдээ би бичсэн жиргээн дээрээ АТГ болон АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг миншн хийсэн. Мөн өчигдөр (2022.06.21) АТГ-ын Олон нийтийн зөвлөлтэй санамж бичиг байгуулсан юм. Энэ үеэрээ энэ асуудлыг хэлсэн.

-Тэгэхэд юу гэсэн бэ?

-Маш ноцтой мэдээлэл байна гэсэн. Цаашаа мэдээлэл өгөөд, АТГ-аас шалгах эсэхийг нь мэдэхгүй. Ямар ч л байсан шалгах ёстой асуудал. Яагаад гэвэл, төрөөс мөнгийг нь даалгаад автобус авсан компаниудаас гарын таван хуруунд багтах нь маш бага төлөлт хийсэн. Дахиж төлөлт хийгдээгүй. Яагаад төлөлтөө хийхгүй байгаа юм гэхэд, төлбөрөө авна гэвэл ажил хаялт хийнэ гэж нэг хэсэг бөөн юм болсон доо. 2014-2015 оны үед. Үүнээс болж асуудал дарагдсан юм болов уу гэж би бодсон. Сангийн яаманд энэ мөнгийг төвлөрүүлэх ёстой тусгай данс байдаг гэж сонссон.

-АТГ-аас энэ асуудлыг өмнө нь шалгаж байсан юм болов уу?

-Өмч хөрөнгөний асуудлыг нь шалгаж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Тээврийн газар эдгээр автобусыг өмчиндөө бүртгэх ёстой гэдэг асуудал хөндөгдсөн юм шиг байна лээ. Шалгалтаар тухайн үеийн Төрийн өмчийн хорооноос яг аль байгууллагад бүртгэх ёстой гэдэг тогтоолыг нь батлаагүй. Энэ утгаараа нийслэл бүртгэж чадаагүй гэсэн байх. Шалгалтын процесс 2014, 2015 оны үед нийслэлийн алба хаагчид буруугүй юм байна гээд хэргийг хаасан гэсэн. Хамгийн гол нь аль байгууллагын өмчид бүртгэгдэх ёстой байсан бэ гэдгээс гадна эдгээр автобусыг хэрэглэж, ашигласан компаниуд төлбөрөө төлөх ёстой гэдэг маш чухал.

С.Мөнхчулуун: С.Баяр даргын ЗГ-ын үед оруулж ирсэн 400 автобусыг хувааж авсан ХХК-ууд эргэн төлөлт хийгээгүй байдаг
С.Мөнхчулуун: С.Баяр даргын ЗГ-ын үед оруулж ирсэн 400 автобусыг хувааж авсан ХХК-ууд эргэн төлөлт хийгээгүй байдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.