Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Амарбаясгалан нарын боловсруулсан ҮХНӨ-ийг хийх ТӨЛӨВЛӨГӨӨГ Ардын намынхан гишүүддээ ч үзүүлэхгүй НУУЦАЛЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 57 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Улс төрийн намууд нэгдэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх санаачилгыг гаргаж Тунхаг бичигт өчигдөр гарын үсэг зурцгаалаа. Ингэснээр ҮНХӨ-ийг хийх процесс албан ёсоор эхэллээ гэж ойлгоход болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх үйл ажиллагааны дарааллыг нарийн тооцсон нууц план гаргажээ.

Тодруулбал, уг нууц төлөвлөгөөг Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар бэлтгэсэн байна. Тэд уг бэлтгэсэн төлөвлөгөөгөө намын дарга Л.Оюун-Эрдэнэд л ганцхан танилцуулсан бөгөөд намын дарга нь төлөвлөгөөг нь дэмжсэн байна.

Эрх баригчид энэхүү төлөвлөгөөгөө намынхаа бусад хүмүүст үзүүлэхгүй ихээхэн нууцалж буй бөгөөд Их Хурлын гишүүддээ ч үзүүлэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалт болон өчигдөр болж өнгөрсөн намуудын тунхаг бичигт гарын үсэг зурах үйл явц зэрэг уг төлөвлөгөөний нэг хэсэг гэж ойлгоход болно.

Уг төлөвлөгөөнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ямар агуулгын хүрээнд хийх, Ямар үр дүнд хүрэх, хэзээ өргөн барих, ямар хугацаанд хэлэлцүүлэх, хэзээ гэхэд баталсан байх. Мөн дараа нь Засгийн газарт орох өөрчлөлтийн үйл явцыг ямар хугацаанд хийх, ҮХНӨ-ийн үеэр ахмадууд болон гишүүд, бусад намын төлөөллүүдээр ямар үгийг хэлүүлэх. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ямар контентүүд бэлтгэж цацах, сошиалыг хэрхэн хөтлөх гэх мэт бүх асуудлыг тусгаж, он цагийн дарааллаар нь зааж өгсөн нарийн төлөвлөгөөг гаргасан гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм.

Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааны дарааллаа Ардын намынхан ихэд нууцалж буй бөгөөд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, генсек Д.Амарбаясгалан нар дээр л зөвхөн байгаа аж.

ҮНХӨ-ийг хийх цаг хугацааны хувьд бидний өмнө нь мэдээлж байсанчлан наадмаас өмнө албан ёсоор эхлүүлээд 7-8 дугаар сард ээлжит бус чуулганы зарлан хуралдуулж хэлэлцэнэ. Хуулийн дагуу ҮНХӨ-ийг нэг хэлэлцэж эхэлсэн бол тасралтгүй хэлэлцэж дуусгах ёстой. Ингээд 9 дүгээр сарын дунд гэхэд Засгийн газарт өөрчлөлт оруулж, гишүүдээ “давхар дээл”-тэй болгоно. Өөрөөр хэлбэл намрын чуулган, төсвийн төслийг өргөн барихаас өмнө бүх ажиллагаа дууссан байх учиртай.

ҮХНӨ-ийг хийх хуулийн төслийн агуулгын хувьд өчигдрийн Тунхаг бичигт тусгасан

  1. Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах
  2. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх
  3. Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах
  4. Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх

гэсэн үндсэн 4 агуулгынхаа хүрээнд ерөнхийдөө боловсруулагдана.

Харин төрийн сүлдийг шинэчлэх, дээд доод парламенттай байх зэрэг асуудал нь олон нийтийн анхаарлыг маргаантай асуудлууд руу чиглүүлж, сарниулах гэсэн арга юм.

Өөрөөр хэлбэл, Төрийн сүлдийг шинэчлэх ажлыг энэ ҮХНӨ-ийн хүрээнд хийж амжихгүй. Заавал өөрчлөх шалтаг шалтгаан ч байхгүй гэхэд болно. Өмнө нь хийгдэж байсан нэмэлт, өөрчлөлтүүдийн үед ч сүлдийг шинэчилж байгаагүй. Хэрвээ сүлдийг шинэчлэхээр болбол эдийн засгийн энэ хүнд хэцүү үед маш их хэмжээний зардал гарна. Шинэчлэх ажил нь өөрөө ихээхэн цаг хугацаа зарцуулж, хөрөнгө мөнгө гарзадна. Шинэчиллээ гэж бодоход цагдаагийн байгууллагаас эхлээд төрийн албаны маш олон албан хаагчдын хувцас хэрэглэл дээрх сүлдийг солих, төрийн албаны өрөө тасалгаанд хэрэглэгдэж буй одоогийн сүлдийг өөрчлөх, бэлэг дурсгалын хайрцаг саваа солих гээд тоймгүй их зардал гарна. Үүнийг дагаад бужигнасан их ажил өрнөнө.

Тиймээс Төрийн сүлдийг шинэчлэх асуудалд уншигчид та бүхэн төдийлөн анхаарал хандуулах шаардлагагүй. Угаасаа хийгдэхгүй ажил. Харин өөрчилж, шинэчилнэ гэх агуулгаар үндсэн сэдэвт анхаарах анхаарлыг сарниулах төлөвлөгөөг л эрх баригчид хэрэгжүүлж байгаа гэдгийг санах нь зүйтэй. Ямартаа ч ҮХНӨ-ийг хийх ажил бүгд “номын” дагуу үргэлжилж байна.

Г.Лхагвадорж

С.Батчимэг: Миний хүү биеийн тамирын хичээлд орох ХҮСЭЛ, ЗОРИЛГОТОЙ
С.Батчимэг: Миний хүү биеийн тамирын хичээлд орох ХҮСЭЛ, ЗОРИЛГОТОЙ
 
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.