АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэлээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Төрийн өмчит компаниудын орон тоо нэмэгдэж, бүтэц данхайж байгаа асуудлыг АН-ын бүлгийн хурлаар бас ярилаа. АН сонгуулийн өмнө хэлж байсан Монголын төр аль болох цомхон бүтцээр, үр дүнтэй ажиллах ёстой гэсэн зарчим хэвээр байгаа. Төсөв түүхэн дээд хэмжээнд тэлж байна. Яг хэдэн хүн яаж томилсон гэдэг мэдээлэл бидэнд яг одоогоор алга. Энд зөвхөн томилгоо ярихаас илүү системээр нь өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн дагуу бол УИХ төрийн гол шийдвэрийг гаргах ноён нуруу байх ёстой. Гэхдээ харагдахгүй л болохоос биш бид өнгөрсөн 30 жилд ухралт хийжээ. УИХ-ын толгой дээр Ерөнхий сайд гараад суучихжээ. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг гэсэн зарчмыг эвдэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд хуралдааны "толгой" дээр гарч суудаг нэг ч парламентын засаглалтай орон байхгүй. Тиймээс бид чуулганы танхимд Ерөнхий сайд 126 гишүүдийн нэг учраас бусад гишүүдийн дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барих гэж байна.
Төрийн албаны чиг үүрэг давхардуулсан асуудлаар С.Цэнгүүн гишүүн судалгаа хийж, сая бүлгийн хуралд танилцуулсан. Давхардсан орон тоог алга болгох, хуулиас давсан хэм хэмжээг цэгцлэх асуудлыг сууриар нь, эрхзүйн хүрээнд нь шийдэх ёстой. Төр аль болох цомхон байдлаар энэ улс оронд дарамтгүйгээр ажиллах ёстой. Сонирхлын зөрчилгүйгээр үр ашигтай ажилладаг байх ёстой. Дэгийг улам нарийн болгох хэрэгтэй гэдэг дээр хуулийн төсөл боловсруулаад явж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Гарч байгаа батганы идээ бээрийг арчих биш, уутыг нь сугалж эмчилгээ хийх ёстой.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!