Хүмүүний амьдралд хөг нэмж, хүнд үед хүч өгдөг хамгийн нандин харилцаа бол найз, нөхдийн харилцаа. Тэр дундаа он цагийн хэлхээнд эрчлэгдэж, нэг хүн шиг болтлоо ижилдсэн амьдралын найзтай байна гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй онцгой хувь ерөөл. Тиймээс бид сайн, муу, сайхан, муухай бүхий л цаг мөчийг хамтдаа даван туулсан амь нэгтэй найзуудыг онцолдог "НАЙЗ" контентийг эхлүүлж байна.
Анхны дугаарынхаа зочин хойморт хоёр биеэндээ түшиг болж, 20 жил нөхөрлөсөн дуучин бүсгүйчүүдийг урьж ярилцлаа. Тэд бол МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА П.Жимсээ нар юм.
-20 жил үргэлжилсэн нөхөрлөл эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Анх нийтийн дуучдын хамтарсан тоглолтын үеэр дуучин П.Жимсээ гэдэг бүсгүйг олж харсан. Цэвэрхэн цагаан царайтай эмэгтэйг хараад П.Жимсээ эгч гэж ийм гоё эмэгтэй байдаг юм байна даа гэж харж байсан. Ааш зан биеэ авч яваа байдал нь таалагдсан учраас уулзах бүртээ дотносож, ойр дотно нөхөрлөж эхэлсэн. Тэгж эхэлсэн нөхөрлөл минь өнөөдрийг хүртэл 20 жил үргэлжилсэн байна. Миний найз чинь намайг бодвол тайван, дөлгөөн, буурь, суурьтай эмэгтэй. Тэр зан чанар нь надад маш их өмөг, түшиг болдог.
П.ЖИМСЭЭ: Өөрийгөө маш сайн илэрхийлдэг, шулуун шударга зантай галзуу охин байсан. Тэр зан чанар нь таалагдсан учраас ойртож, нөхөрлөсөн. Гал цогтой, эерэг байдал нь надад хүч өгч, хурцалдаг байсан учраас улам бүр хайрласаар байсан. Түүнээс гадна өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд түмээ минь надад их үнэнч байжээ гэж би боддог. Итгээд хэлсэн үгээ өөр хүнээс сонсох мэдрэмж, их олон хүнийг найзын хүрээллээсээ хасахад хүргэж байсан. Энэ бүх хугацаанд Түмээ надад тийм зүйлийг нэг ч удаа мэдрүүлээгүй. Ганцхан найздаа хэлсэн нууцыг хэн нэгнээс сонсож байгаагүй гэсэн үг. Тийм болохлоор бидний нөхөрлөл маш гоё бат бөх байж, олон жилийг ардаа үдсэн байх.
Хоёр биеэндээ итгэж, нэгнийгээ асар их хүндлэх хүндлэл дээр бид 2-ын нөхөрлөл тогтдог.
-Салж хагацахгүй сайн найзууд байсан хэрнээ шалихгүй зүйлээс болж маргалдаад эвлэрч чадахгүй холддог хүмүүс олон бий. Та хоёр хэр их санал зөрөлддөг вэ. Зөрчилдсөн үедээ яаж учраа олдог бол?
П.ЖИМСЭЭ: Санал зөрөлдөх үе байлгүй яах вэ. Гэхдээ санал зөрөлдсөн үедээ учиргүй зөрүүдлээд өөрийнхөөрөө зүтгээд байх байж болохгүй гэж боддог. Миний бодол ийм байна. Чи юу гэж бодож байна. За хоёулаа чиний бодлоос энийг нь хасаад минийхээс энийг нэмчихье гээд л шийдчихдэг. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо нэгтгэчихдэг. Олон жил нөхөрлөөд ирэхээр угаасаа санаа бодол нэг болчихдог юм шиг байна лээ.
-ХҮМҮҮС БИД 2-ЫН ИНЭЭДНЭЭС Л ИХ ГОЁ КАЙФЫГ АВДАГ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. ЭНД ТЭНД ОЧООД ИНЭЭДЭЭРЭЭ ХИЙМОРИЙН САН ТАВИАД Л ЯВЖ БАЙДАГ ДАА-
-Та 2 нийлэхээрээ хэр галзуу найзууд вэ?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Чи буруу юм асуучихлаа /ИНЭЭВ/. Хэр галзуу вэ гэж асууж байна. Ойлгомжтой байгаа биз дээ. Бид 2 нийлэхээрээ маш их инээдэг. Хүмүүс бид 2-ын инээднээс л их гоё кайфыг авдаг юм шиг байна лээ. Яалт ч үгүй өөрийн эрхгүй цаанаасаа инээгээд сурчхаж. Энд тэнд очоод инээдээрээ хийморийн сан тавиад л явж байдаг.
П.ЖИМСЭЭ: Зарим хүмүүс ямар заваан юм бэ гээд зэмлэх үе ч бий. Гэхдээ инээж байгаа хүнийг муухай байна гэж хэлдэг хүмүүсийг их гайхдаг. Инээж байгаа хүнийг хараад уур нь хүрч байгаа хүн өөрөө жаахан асуудалтай, маш стресс өндөртэй, цухалдуу хүн байдаг байх гэж боддог.
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Инээж л явбал жаргал биз дээ. Бид 2-ыг үзээд стресстэж байгаа хүмүүсийг хараад "Хэцүү л юм даа" гэж хэлмээр санагддаг.
П.ЖИМСЭЭ: Бид 2-ыг үзээд дагаад инээж байвал тэр чинь эмчилгээ шүү гэж хэлье /ИНЭЭВ/.
А.Түмэн-Өлзий, П.Жимсээ гэх хоёр үг бараг холбоо үг болтлоо хамт хэлэгдсэн байх?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: А.Түмэн-Өлзий, П.Жимсээ гэхээсээ илүү Түмээ, Жимсээ гэж их ярьдаг. Сүүлдээ бүр Түмэнжимс гэдэг болчихсон.
-ХОЁУЛАХНАА ХЭЛХЭЛДДЭГ БАЙСАН БОЛ ОДОО НӨХӨР ХҮҮХДҮҮДЭЭ НЭГТГЭЭД 7-УУЛАА ХЭЛХЭЛДДЭГ БОЛСОН-
-Хэр их цагийг хамт өнгөрүүлдэг вэ. Гэр бүлтэй болоод амьдрал зохиохоор бага зэрэг холддог санагддаг?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Хэн нэгэн нь тоглолтоор явах үед л уулзахгүй хэд хонож байгаа юм. Бусад үед бол байнга хамт. Зав гарвал нэгнийдээ очиж, хоол хийж идээд, хамтдаа цагийг өнгөрүүлдэг. Төрснөөсөө хойш бол бүр ч ойрхон уулздаг болсон.
П.ЖИМСЭЭ: Анх хоёулахнаа хэлхэлддэг байсан бол одоо нөхөр хүүхдүүдээ нэгтгээд 7-уулаа хэлхэлддэг болсон.
-Төрснөөсөө хойш гэснээс сайн найзууд ойрхон жирэмсэлж, ойролцоо хугацаанд төрнө гэдэг гоё мэдрэмж байх. Анх мэдээд яаж хүлээж авсан бэ?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Бид хоёр 4 сарын зайтай төрсөн. Жимсээг 4 сартай жирэмсэн байхад нь би жирэмсэн гэдгээ мэдсэн. Хоёр зураасныхаа зургийг хамгийн эхлээд Жимсээрүү явуулсан.
П.ЖИМСЭЭ: Би бараг гадарлаж байсан ч маш гоё санагдсан. Өмнө нь "Бие маань нэг л сонин ингээд байна, тэгээд байна" гээд хэлэхэд нь би "Чи яг жирэмсэн болчихсон юм биш үү" гээд хэлж байсан юм. Нэг тийм зөн совингоороо ч юм уу би мэдээд байсан юм.
-Хоёулаа хүүтэй болсон билүү?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Бид хоёр 2 жилийн Завхан нутгаар гэр бүлээрээ аялаад явж байхдаа Отгонтэнгэр хайрханаасаа 2-уулаа хүссэн. Тэр хүсэл маань биелээд хүүтэй болсон.
-Хоёр найз хамт төрөхөөр давуу тал их байдаг байх?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Манай хүү бид 2-т маш их мэдрэгдэж байгаа. Агаагийнхаа багадсан хувцаснуудыг өмсөнө. Сүү, памперс гээд хэрэглэж байгаа бүх зүйлийг нь дагаж хэрэглэхээс эхлээд олон давуу тал бий.
-Таны найз хэр сайн ээж вэ?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Миний найз чинь анх удаа төрсөн шинэ ээж хэрнээ надаас илүү мэдлэгтэй байсан. Би 10 жилийн дараа төрж байгаа болохоор анхлан төрөгч шиг болчихдог юм байна. Бүх зүйлийг найзаасаа асууж, туслалцаа авч, суралцаж л явна. Олон хүүхэд гаргачихсан хүн шиг туршлагатай, сайн ээж байгааг нь хараад үнэхээр их гайхсан. Бас мэдээж бахархсан.
П.ЖИМСЭЭ: 10 жилийн өмнө анхныхаа охиныг төрүүлэхэд нь цуг байсан. Цуг өсгөлцсөн шүү дээ. Ярих юмгүй сайн ээж шүү дээ миний найз.
-ТӨРӨӨД УДААГҮЙ НЯЛХ БИЕТЭЙ БАЙЖ, ТОГЛОЛТ ХИЙГЭЭД ШУНАЛТАЙ ЮМ БЭ ГЭХ ХҮМҮҮС БАЙГАА Ч ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДЭМЖИЖ, ХҮЛЭЭЖ БАЙГАА ХҮН ОЛОН БИЙ-
-Төрөөд удаагүй хэрнээ хамтарсан тоглолтоо товлосон байсан. "Хоёулаа нялх биетэй байж яагаад тоглолт хийхээр шийдсэн бол. Ядардаггүй юм байхдаа" гээд гайхсан хүмүүс олон байсан?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Нөхөрлөлийнхөө 20 жилийн ойгоор хамтарсан тоглолтоо хийнэ гэж эртнээс төлөвлөсөн. Энэ жил бидний 20 жилийн ой тохиож байгаа учраас тоглолтоо хийхээр болсон. Хүмүүс яах вэ янз бүр л хүлээж авч байна лээ. Мэдээж сайн сайхнаар дэмжиж байгаа хүмүүс их байгаа. Төрөөд удаагүй нялх биетэй байж, тоглолт хийгээд ШУНАЛТАЙ юм бэ гэх хүмүүс байсан. Бид хоёр тиймэрхүү юманд ач холбогдол өгөөд байдаггүй болохоор тоохгүй байгаа. Хүмүүс тэгж ярьлаа гээд бид хоёр тийм болчихгүйгээс хойш ач холбогдол өгч өөрийгөө стресстүүлэхгүй байсан нь дээр байдаг юм.
П.ЖИМСЭЭ: Бид 2 ярилцаж байгаад нөхрүүддээ хэлэхэд, хоёулаа дэмжсэн. "Ямар ч асуудалгүй арыг чинь бат даана. Хүүхдээ асуудалгүй харна. Бид 2-т хөхүүлээд л өгчих. Бид 2 бүх чадлаараа дэмжинэ" гэж хэлсэн. Чадах болов уу гэсэн бага зэргийн эргэлзээ байсныг нөхрүүд маань арилгаж, хурцалсан. Хэлсэндээ ч хүрсэн. Арыг минь бат дааж, тоглолтын ажилд маань ч тусалж байгаа. Нөхрүүдээс гадна ээж болон ах, эгч нар минь хүртэл дэмжиж хүүхдүүдийг минь харж өгч байгаа. Их олон хүний дэмжлэг тусламжтайгаар ажлуудаа нугалж байна даа.
-Хүүхэд харах асуудал тэгээд шийдэгдэж. Та минь нялх биетэй ядрахгүй байна уу?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Ядрахгүй байна гэж хэлбэл худлаа хэлсэн болно. Гэхдээ ядарсан ч цоглог нь хаачхав. Өдөржингөө тоглолтын бэлтгэл гэж явчхаад орой гэртээ ороод хүүхдүүдээ хараад л хамаг ядаргаа тайлагдаад сайхан болчхож байгаа юм чинь.
П.ЖИМСЭЭ: "Яана аа. Ямар аймар зориг вэ" гэсэн бодол одоо л төрж эхэлж байна. Тоглолтын бэлтгэл хангагдаад тоглолт хаяанд ирчихсэн энэ үед шүү дээ. 2 цагийн тоглолт гэдэг хүнээс асар их хөдөлмөр шаарддаг зүйл. Энэ бүх зүйлийг амжуулаад ард нь гарна гэдэг асар их тэвчээр олон хүний дэмжлэг тусламжаар л бүтэж байгаа юм. Бид хоёрыг дэмжиж, тусалсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Онцгойлон нөхрүүддээ баярлалаа гэж хэлье.
-ӨӨРСДӨӨ НАЙЗЛАХААС ГАДНА ҮР, ХҮҮХДҮҮДЭЭ ОЙР ДОТНО НӨХӨРЛҮҮЛЭЭД ТӨРСӨН АХ, ДҮҮ ШИГ ДОТНО ӨСГӨХИЙГ ХИЧЭЭДЭГ-
-Найзтайгаа хамт 20 жилийнхээ нөхөрлөлийн ойг тэмдэглэх гэж байгаа болохоор ядралт мэтийн зүйл нөлөөлөхгүй байх шиг?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Тэр мэдээж хоёр биенийхээ эрч хүчээр цэнэглэгдээд л явж байна. Хоёр талаас ядарснаа гайхсан хүмүүс хөмсгөө зангидаж уулзаад 2 минутын дараа маазарч хөхрөлдөөд ядарснаа мартчихсан л байдаг 2 шүү дээ.
П.ЖИМСЭЭ: Бидний нөхөрлөл 20 жилээр дуусахгүй. 30, 40 жил гээд үргэлжлээд явна. Өөрсдөө найзлахаас гадна үр, хүүхдүүдээ ойр дотно нөхөрлүүлээд төрсөн ах, дүү шиг дотно өсгөхийг хичээдэг. Энэ бол бид 2-ын мөрөөдөл.
-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Сүүлийн хормыг та 2-т үлдээе?
А.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Энэ сайхан нэвтрүүлэгт бид 2 бас анхны зочид болж орсондоо маш их баяртай байна. Сэтгэл уудалсан гоё контент эхлүүлж байгаа танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж найздаа миний найз болж энэ дэлхийд над дээр ирсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Чамгүйгээр юуг ч төсөөлж чадахааргүй тийм их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлжээ бид. Миний нэг орон зай болж намайг нөхөж явдагт баярлалаа. Хайртай найздаа 20 жилийн баярын мэндийг хүргэе.
П.ЖИМСЭЭ: 20 жил хөөрхөн үнэнч байсан найздаа баярлалаа. Хайртай шүү. Улам илүү гялалзаарай гэж хэлмээр байна. Мэдээж энэ гоё болзоондоо урьсан танай сайтын хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье.
-Ярилцсанд баярлалаа. Та 2-тоо 20 жилийн ойн баярын мэндийг хүргээд тоглолтод нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!