Н.Мандуул: Бид одоо л сүүлийн боломжоо ашиглаж, Улаанбаатарыг өөд нь татахгүй бол сүйрэхэд ойрхон байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 13 секунд

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай ярилцлаа. Тэрбээр өмнө нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан билээ.

-Сүүлийн зургаан сарын хугацаанд дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Өмнөх ажлуудаас ялгаатай зүйлс багагүй байгаа болов уу. Дүүрэг удирдаж ажиллах ямар байна?

-Манай хотын асуудлыг цэгцлэхийн тулд дүүргээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг нь сайжруулах ёстой. Ганц манай дүүрэг гэлтгүй бусад дүүргүүдэд ч орхигдсон асуудлууд байдаг юм байна. Өнгөрсөн жил нийслэлээс нэлээн хэдэн функцуудыг дүүргүүд рүү шилжүүлсэн байдаг. Тиймээс дүүрэгт багагүй ажил хийх боломжтой гэж харж байгаа.

Дүүрэгт иргэд амьдарч байгаа учраас иргэдийн амьдралын чанар номер нэг асуудал байх ёстой. Үүнийг мөрдөхийн тулд гадна тохижилт, зөвшөөрөлгүй хаалт хашааг буулгаж цэгцлэх шаардлагатай. Манай дүүргийн нэг онцлог нь томоохон бассейнууд, хотдоо ганц стандартад нийцэх мөсөн гулгуурын талбайтай. Тэдгээрт ЕБС-ийн сурагчдыг хамруулах зэрэг чухал ажлууд хийгдэж байна.

-Нийтйин цэвэрлэгээ хийе гэхээр “Та нар өөрсдөө цэвэрлээч” гэх нэг хэсэг бий-

-Таны хувьд ойр ойрхон албан тушаал сэлгэн ажилладаг гэх шүүмжлэлд өртдөг. Хотын даргын орлогчоор ажиллаж байгаад дүүргийн Засаг даргаар ажиллахаар албан тушаал буурч байна гэсэн үг үү?

-Одоо доошилж байна л гэсэн үг байлгүй дээ /инээв/. Тамгын газрын бүтэц дээрээ шууд удирдах газар, хэлтсүүд бий. Мөн босоо удирдлагатай дэргэдэх хэлтсүүд байна. Жишээлбэл, онцгой байдал, цагдаа, замын цагдаа нартай хамтарч ажиллаад, дүүрэг дээрх асуудлуудаа шийдэх боломж маш их бий.

Энэ бол хөрөнгө мөнгөний бус, зөвхөн зохион байгуулалтын асуудал юм билээ. Мэдээж, тулгарч буй бэрхшээл гэвэл маш их. Та мэдэж байгаа шүү дээ, манай хот өнөөдөр ямар байгаа билээ. Хэрвээ үүнээс цааш явбал Улаанбаатар хот авралгүй болох юм шиг байна лээ. Одоо бидэнд нэг хугарлын цэг бий. Энэ боломжийг л ашиглаж хотоо өөд нь татаж авахгүй бол манай хот сүйрэх нь ээ.

Нөгөө талаасаа иргэдийн хувьд “Хөршийн холбоо” гэдэг шиг амьдарч буй орчиндоо санаа тавих ёстой юм билээ. Энэ бол гадны бүх хотуудад байдаг л жишиг.

Гэвч үүний эсрэг буюу нийтйин цэвэрлэгээ хийе гэхээр “Та нар өөрсдөө цэвэрлээч” гэх нэг хэсэг бий. Хогны менежмент хэрэгжүүлэх гээд цагийн хуваарь гаргангуут “Яахаараа би дуртай цагтаа хогоо хаяж болдоггүй юм” гэх байдлаар хандаж байна. Яг үнэндээ гэрийн хог, гадаах хог ялгаа байхгүй. Ямартаа ч манлайлал үзүүлээд явахад үр дүн гарах байх гэж бодож байна.

-Хогийн хаягдалд цагийн менежмент бий болгосноор татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж байна-

-Та яриандаа дурдлаа. Цагийн менежмент гаргаж, 18.00-21.00 цагийн хоорондохоос бусад цагт хог хаяхыг хориглосон захирамж гарсан байдаг. Одоо хэрэгжилт ямар байна, эсвэл зогсоосон уу?

-Энэ бол хүмүүсийг зовоох гээд ч байгаа юм шиг цагийн хуваарь гаргасан зүйл биш. Нэгдүгээрт, бид төсвийн мөнгөө хэмнэх гээд байна. Өдөржин хогны машин түгжрэл дундуур явж хогоо цуглуулахгүйгээр тодорхой цагуудад хогоо тээвэрлэхэд, өдөртөө ганц рейс хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дүүргийн татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж байгаа юм. Зөвхөн тээвэрлэлтийн асуудал ч биш, хогоо ангилах дараагийн ээлж рүү шилжихийн өмнөх шат.

-Хэр үр дүн гарав. Иргэд, ААН-үүд үгэнд чинь орж байна уу?

-Зарим иргэдийн зүгээс “Шөнө хог хаяна гэж юу байсан юм” гэх шүүмжлэлүүд ирж байсан. Хамгийн их хог ААН-үүдээс гардаг. Тэгэхээр бид цагийн менежментийн үр дүнд ААН-үүдийн хогийг барьчхаж байгаа юм. Мэдээж, иргэдийн дадлыг өөрчилж буй учраас тодорхой цаг хугацаа шаардагдана.

-Анх захирамж гарахдаа хариуцлагын асуудал ярьж байсан. Захирамж зөрчиж, хариуцлага тооцуулсан хэчнээн иргэн, ААН байна?

-Хогны байцаагч нар ерөөсөө байцаагчийн эрхгүй юм билээ. Тийм учраас зөрчилд хариуцлага тооцох байцаагч нар бэлтгэгдэж байгаа. Тун удахгүй ажилдаа орно. Харин яг одоо юу хийж байгаа вэ гэхээр шаардлагаа л тавьж байна.

Шинэ зүйлийг хэрэгжүүлж буй учраас шууд торгоод байх нь бас дэмий. Хэсэг хугацаанд иргэдийг дасгаж байгаад, арга хэмжээ тооцох байдал руу шилжинэ.

-Айлуудын дулаан алдагдлыг бууруулснаар агаарын бохирдол 50 хувиар буурна-

-Дараагийн асуудал бол агаарын бохирдлоос шалтгаалж, айлуудын дулаалга байсан. Энэ ажил хэзээнээс албан ёсоор хэрэгжих вэ?

-Манай дүүргийн 80 орчим хувь нь гэр хороолол байдаг учраас агаарын бохирдлын хэмжээ маш их хэсэгт тооцогддог. Тиймээс дүүргээс санаачилж, нэг сарын хугацаатай аяны хүрээнд 15-р хорооны айл өрхүүдийн дулаан алдалтыг хэмжсэн.

Ирэх тавдугаар сараас албан ёсоор дулаалгын ажлаа эхлүүлнэ. Бид дулаан алдалтын асуудлаа шийдэхгүй бол мянган ногоон шийдэл ярьж, зуух солиод нэмэргүй. Ирэх өвлөөс өмнө дулаалгын ажлаа дуусгахаар зорьж байна. Үр дүнд нь агаарын бохирдол 50 хувиар буурна.

Үүнээс гадна дулаалгаа хийсэн айлд л нийслэлээс ногоон шийдэлтэй газан эсвэл цахилгаан халаагуур өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа.

-Дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор тоосжилт, хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг. Үүний эсрэг танай дүүрэгт ямар ажил өрнөж байна?

-Тохижилт гэхээр бид дандаа гал унтраах байдлаар явж ирсэн юм байна. Бид ирэх өвлөөс өмнө л тохижилтдоо анхаарч, өвөлдөө бэлдье гэж байгаа. Ингэхийн тулд өвлийг ашиглаад, тохижилтод шаардагдах худалдан авалтын тендерийн бичиг цаасны ажлуудаа дуусгалаа. Удахгүй тохижилтын ажлуудаа эхлүүлнэ.

-Засаг даргын хувьд, төрийн албан хаагчдынхаа хүнд суртал, ёс суртахууны асуудалд хэрхэн анхаарал тавьж ажиллаж байна. Ялангуяа, дүүрэг дээрх төрийн албан хаагчид хүнд сурталтай, ааш муутай зэрэг шүүмжлэл иргэдийн дунд байдаг л даа?

-Мэндээгийн “Эрхэс” гэж IT компанитай хамтраад вэбсайт хөгжүүлж байна. Ямар учиртай вэ гэхээр аливаа зөрчил, гомдлуудыг шууд дамжуулах зорилготой.

Хаана, аль цэгт гомдол, санал гарч байгаа вэ гэдгийг миний бие шууд хянах боломж бүрдэнэ гэсэн үг. Улмаар өргөдөл, гомдлуудыг хариуцсан албан тушаалтанд нь цохоод, иргэдээс шийдвэрлэлтийн үнэлгээг нь авна. Нэг ёсондоо, иргэдээ бүрэн сонсоно.

-Өөрийн удирдлагын арга барилтай тохирох сэлгэн томилгоог хийхээс өөр аргагүй-

-Ярилцлагын төгсгөлд томилгооны талаар асууя. Төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүмүүс ойр дотны хүмүүсээ албан тушаалд томилдог жишиг бий. Өнгөрсөн хугацаанд халаа, сэлгээ хэр хийв?

-Цөөн хэдэн томилгоо хийсэн. Өөрийн удирдлагын арга барилтай тохирох сэлгэн томилгоог хийхээс өөр аргагүй. Нөгөө хүн нь муудаа биш, арга барил таарахгүй байж болно. Гэхдээ юу гэж хамаатан саднаа томилох вэ дээ. Хэрвээ ойр дотны хүн нь томилогдлоо гэхэд би хариуцлага нэхэж чадахгүй.

Мөн би НИТХ-ын төлөөлөгч хүн. Иргэдийн өмнө хариуцлага ярих ёстой. Тэгэхийн тулд өөртэйгөө арга барил тохирох, чин сэтгэлээсээ ажиллая гэсэн хүмүүстэй баг болох ёстой. Ерөөсөө зарчим нь л тэр.

-Ярилцсанд баярлалаа.

Инфляцын дарамт, тарифын бодлогын нөлөө эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй
Инфляцын дарамт, тарифын бодлогын нөлөө эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!