Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батчимэг: Миний хүү биеийн тамирын хичээлд орох ХҮСЭЛ, ЗОРИЛГОТОЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 15 секунд

- Зуны амралтаараа юу хийх вэ?

- Гэртээ л байна.

Нүүр дүүрэн инээмсэглэсэн энэ хүүг Б.Баатархүү гэдэг. Б.Баатархүү Төв аймгийн 5 дугаар сургуулийн нэгдүгээр ангийг энэ хавар “дүүргэсэн”. Тэр ирэх намар хоёрдугаар ангид орно. Үеийнх нь хүүхдүүд тоглож, үсэрч, харайж дураараа гүйлдэнэ. Харин түүний хувьд энэ боломжгүй зүйл. Ангийнх нь хүүхдүүд биеийн тамирын хичээлд ороход тэр багштайгаа хоёулаа ангидаа үлддэг. Биеийн тамирын хичээлд орох түүний туйлын хүсэл.

Учир нь Б.Баатархүү гэх энэ хүү тархины усжилтаас үүссэн саажилт, булчингийн чангарал гэх оноштой. Хэн нэгэн хүн, асран хамгаалагчийн дэмжлэггүйгээр алхаж, сууж, ариун цэврийн өрөө ч орж чадахгүй. Тэргэнцэртээ суугаад ээжээрээ сургуульдаа хүргүүлж, авхуулдаг аж.

Ээж хүү хоёрын гэрээс сургууль руу явах замд багагүй бэрхшээл тулгардаг гэнэ. Учир нь “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зам байхгүй. Энгийн хүүхдүүдийн сургуульд сурдаг учир түшээд зогсох хана байдаггүй. Харин хүүхдээ бусад хүүхдүүдтэй нийгэмшүүлж, найзуудтай болгож, сэтгэлээр энэ бүхнийг болгоод л явж байна.

Хүүгийн маань хараа өөрчлөлттэй учир тэгшхэн бичиж чаддаггүй. Өөрөө түүнийгээ мэддэг учир намайг хамт хичээлд сууж туслуулахыг хүсдэг. Өдөрт хоёр цаг гаран хичээлдээ суудаг. Удаан суувал булчин нь чангарч, шүлс нь их гоожоод байдаг. Манай хүү сургуульд явах дуртай. Сургуульдаа л явж байвал бүх юм “окэе” байдаг.

Миний хувьд газар зохион байгуулагч мэргэжилтэй. Гэвч 2015 онд хүүгээ төрүүлснээс хойш ажил хийгээгүй. Хүүгээ хардаг” гэж хүүгийн ээж С.Батчимэг ярилаа.

Б.Баатархүү сүүлийн хоёр өдөр Төрийн ордны гадна болсон саажилттай хүүхдүүд болон эцэг, эхчүүдийн эсэргүүцэлд оролцохоор Төв аймгаас ээжтэйгээ хамт ийнхүү зорин иржээ. Тэдний энд ирсэн зорилго нь ижил төрлийн оноштой хүүхдүүдэд зориулсан сургуультай болох. Өөрсдөө гадаад улс руу явах эмчилгээнд хамрагдаж чадахгүй байсан ч хамаагүй. Бусад хүнд төрлийн өвчтэй хүүхдүүддээ хүч нэмэхээр ирсэн нь энэ ажээ.

Нийгэмд үе тэнгийн хүүхдүүдийн дарамт, гадуурхал их байдаг. Гэтэл Б.Баатархүүгийн ангийн хүүхдүүд түүнийг шоолж, ялгаварлах биш харин ч хайрлаж энхрийлэн, үсийг нь илдэг аж. Ээжтэйгээ хамт анги руугаа ороход хүүхдүүд цүнхийг нь авч дэвтэр, үзгийг нь гаргаж өгдөг талаар мөн ярилаа.

Түүний бие сүүлийн жилүүдэд сайжирч таталт өгөхөө больж байнгын эм уухгүй байгаад ээж болон гэр бүлийнхэн нь ихэд баяртай байгаа гэв.

Ярилцлагын эхэнд Б.Баатархүүгээс “Зуны амралтаараа юу хийх вэ” гэж асуухад “Гэртээ л байна” гэж хариулсан юм. Хүү үнэхээр гэртээ байхаас өөр хаачих билээ. Бусад хүүхдүүд шиг гарч тоглож, хүссэн газар руугаа явж чадахгүй гэж бодохоор гунигламаар санагдана. Гэвч түүний нүүрэн дэх чин сэтгэлийн инээмсэглэл, ээжийнх нь "болно" гэсэн өөдрөг итгэлээс харахад энэ бүхэн тийм ч гунигтай биш болоод явчихна.

Ийм нэгэн цовоо, итгэлээр дүүрэн ээж хүү хоёртой цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Тэдний сэтгэл дэх гэрэл мөнхөд асаалттай байхыг хүсэж энэхүү нийтлэлээ жаргааж байна.

Б.Баатархүүгийн ээж С.Батчимэгээс зөвшөөрөл авч хүүгийн зураг, дүрсийг авсан болно.

“Салхитын мөнгөний орд“-ын ТУЗ, Гүйцэтгэх захирал нар хууль зөрчиж, өөрсдөдөө ЦАЛИН, УРАМШУУЛАЛ “ОЛГУУЛЖЭЭ“
“Салхитын мөнгөний орд“-ын ТУЗ, Гүйцэтгэх захирал нар хууль зөрчиж, өөрсдөдөө ЦАЛИН, УРАМШУУЛАЛ “ОЛГУУЛЖЭЭ“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.