Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо

Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны өчигдрийн хуралдааны үеэр Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн.

Түр хорооны хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 -т “Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.” гэж заасан.

Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Идэрийн Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Лувсандашийн Эрдэнэчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй ажиллах юм.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өнгөрсөн онд 115 хүүхэд хорт хавдраар өвчилж, 55 хүүхэд нас баржээ
Өнгөрсөн онд 115 хүүхэд хорт хавдраар өвчилж, 55 хүүхэд нас баржээ
 
Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.