Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн онд 115 хүүхэд хорт хавдраар өвчилж, 55 хүүхэд нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 24 секунд

Нийгмийн бодлогын байнгын хороонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.

Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн бөгөөд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлсэн байна.

Хорт хавдрын өвчлөлөөр элэгний хорт хавдар нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа бол хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалсан байна.

Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл улам бүр ихсэх төлөвтэй байгаа боловч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байгаа. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.

Жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын 72,4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэгдэх боломж багассан үедээ оношлогдож байгаагаас нас баралтын түвшин өндөр байна" гэлээ.

2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.

ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлсэнээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Хорт хавдрыг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог. Энэ нь өрхийн орлогод хүндээр тусдаг. Хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулж байгаа энэ үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, ус, эрүүл ахуйн асуудалд анхаарах шаардлагатай байна" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгадаг байсан бол энэ жил 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийг насны бүлгээр зургаан хэсэгт хуваан 12-19 төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд долоон төрлийн хавдар оношлох, зонхилон тохиолддог зүрх, судасны өвчлөлөөс гадна цус, биохими, сахарын шинжилгээг оруулсан гэлээ. Эдгээр үзлэгээр ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох боломжтой бөгөөд ямар нэг эргэлзээтэй шинж тэмдэг илэрвэл нарийвчлан оношлох юм байна.

Хавдрын мэс заслын хувьд манай улсын эмч мэргэжилтнүүд сайн бэлтгэгдсэн. Орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлснээр оношлох чадамж дээшилсэн. Гэхдээ манай оронд цусны зарим төрлийн, тархины гүний хорт хавдар, зүрхний хавхлагын болон хүүхдийн зарим төрлийн хорт хавдрыг эмчлэх боломжгүй байгаа хэмээсэн. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний аргыг нэвтрүүлснээр цаашид боломжууд нэмэгдэнэ" гэв.

Б.Жавхлан: Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу
Б.Жавхлан: Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.