“Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлэл хийлээ.
ДБХХ-ны гишүүн, Хустайн цогцолборт төв ТББ-ын захирал Ц.Дашпүрэв "Монгол улсад Тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой болж байна. Энэхүү ажил нь дэлхийд маш цөөхөн хэрэгжиж буй сэргээн нутагшуулах томоохон хэмжээний ажил болсон. Учир нь том биетэй хөхтөн амьтанг байгальд сэргээн нутагшуулсан амжилттай тохиолдол дэлхийд байхгүй гэж хэлж болно. Томоохон хөхтөн амьтанг сэргээн нутагшуулах ажлын хүрээнд дэлхийд оруулж буй маш том хувь нэмэр юм. 1992 он хүртэл Тахь нь байгальд устсан гэх ангилалд байсан. Одоогийн байдлаар Монгол улсад тахийг гурван газар амжилттай нутагшуулснаар хоёр удаа зэрэглэлийг нь бууруулсан томоохон амжилт гаргасан. Ийм тохиолдол дэлхийд байхгүй. Монголчууд бид энэ ажлаар маш их бахархах хэрэгтэй" гэв.
Хоёр шат бууруулсан гэдэг нь байгальд устсан гэх ангилалд байсан Тахийг эхлээд устаж болзошгүй ангилалд оруулсан байна. Харин одоогийн байдлаар нэн ховор амьтан гэх ангилалд оруулаад байгаа аж.
Уг ажлын хүрээнд Завхан аймгийн Дөрвөлжин суманд 134 Тахь сэргээн нутагшуулсан байна. Мөн энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газраас НЭГ Ч төгрөг гаргаагүй. Гадаадын байгууллага, сайн хүмүүсийн сайн санааны тусламжаар хэрэгжиж байгаа гэдгийг төслийн хэрэгжүүлэгчид хэллээ.