Эмээлт захад үйл ажиллагаа явуулдаг "Өргөө мийт трейд" ХХК-ийн эзэд болох хятадуудыг Гадаадын иргэн, харьяатын газраас баривчиллаа. Тэдний Монголд оршин суух хугацаа таван сар хэтэрсэн. Монголоос гарахгүй гэж ийн олон сар "зугтаж" байхдаа Улаанбаатар руу өмхийрсөн 8 тонн мах оруулахыг завджээ гэх мэдээлэл өнгөрсөн хоёр өдрийн гол дуулиан байлаа.
Тиймээс бид эл асуудлыг холбогдох байгууллагаас тодруулж, талуудын байр суурийг хүргэхээр нэгтгэсэн юм.
Саатуулагдсан БНХАУ-ын хоёр иргэний нэг болох Рен Лигийн хувьд 2010 онд "Уртнамар" компаниа Монголд байгуулжээ. Улмаар хөрөнгө оруулна хэмээн оршин суух зөвшөөрөл авч байсан аж. Компанийн хувь эзэмшигчээр Jia Shijun, Cao Fuhong, Wang Jianfu гэсэн гурван хятад иргэн, мөн Ш.Даваажав гэдэг Монгол иргэн байдаг юм байна. Мөн Л гэх эзэн нь хөдөлмөр эрхлэх визээр орж ирж байжээ.
Тэдний хувьд "өмхийрсөн" гэх найман тонн мах тээвэрлэж яваад сэтгүүлчдэд баригдсан.
Уг мах хэнийх вэ гэдэгт Рен ли "Манай найзын мах. Найз маань "Өргөө мийт трейд" ХХК-ийн эзэн. Манай агуулахад энэ махаа хадгалж байсан" гэх тайлбарыг өгчээ. Тиймээс үнэхээр найзынх нь мэдлийн мах уу, эс бөгөөс өөрсдийнх нь үү гэдгийг хуулийнхан шалгаж тогтоох учиртай.
Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй БНХАУ-ын хоёр иргэний бичиг баримтад шалгалт хийсэн.
1. Хөдөлмөр эрхлэх ангиллын визээр Монгол Улсад ирсэн БНХАУ-ын иргэн Л нь 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Замын-Үүд боомтоор ирсэн. Улмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүртэл оршин суух зөвшөөрөл авсан ч үүнээс дөрвөн сарын дараа наймдугаар сарын 31-ний өдрөөр нутаг буцахаар хасалт хийлгэсэн байна.
2. Харин хөрөнгө оруулагч хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй байсан БНХАУ-ын иргэн Р нь зөвшөөрлийн хугацаа 2022 оны нэнгдүгээр сарын 15-ны өдөр дууссан. Нутаг буцах хүсэлт гаргаж, хасалт хийлгэсэн. Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин сууж байсан. Гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцахдаа ийнхүү хасалт хийлгэдэг" гэлээ.
Дээрх иргэд нь ийнхүү хөдөлмөр эрхлэгч болон хөрөнгө оруулагч ангиллын визээр оршин сууж байгаад, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусч, эх орондоо бүрмөсөн буцахаар хасалтаа хийлгэсэн боловч Ковид-19 цар тахлын улмаас улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир эх орондоо буцах боломжгүй нөхцөл байдалтай байна.
УИХ-аас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.14 дэх хэсэгт “Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө.” гэж заасан. Уг хуулийн дагуу бүртгэл, виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлөгдөж байна" гэлээ.
Тэгвэл Монголоос нэг мөсөн гарах хүсэлтээ илэрхийлж, хасалт хийлгэсэн гадаад иргэдийг 10 хоногийн дотор албадан гаргах хуулийн заалттай.
Энэ дагуу Хятадын дээрх иргэдийг энэ сарын 11-нээс өмнө Монгол Улсын хилээр гаргасан байх ёстой юм.
Харин тэд "өмхийрсөн" гэх 8 тонн махыг агуулахдаа хадгалж байгаад улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэсэн асуудал нь хэрхэн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад "Манай байгууллагын зүгээс Зөрчлийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн.
Прокуророос хэрэг үүсгэх эсэхээ шийднэ" гэсэн юм.
Харин энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Урт намар" компани дээр ямар нэг Зөрчлийн хэрэг яг одоогоор ирээгүй.
Магадгүй өнөөдөр /2022.06.03/-ний өдөр хүсэлт ирэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ "Урт намар" компанид хамаарах дээрх хятад иргэнтэй холбоотой гомдол, санал ирэх юм бол бид хэргийг нягтална. Ингээд хэрэг үүсгэж, шалгах болбол хэрэг бүрэн шийдэгдэх хүртэл Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно. Гэхдээ шүүхийн шатанд шилжвэл, батлан даалтаар суллахыг ч үгүйсгэхгүй.
Хэрвээ хэрэг үүсгэхгүй бол хуулийн 10 хоногийн дотор Гадаадын иргэн харьяатын газар Монгол Улсын хилээр гаргахад асуудал байхгүй" гэсэн юм.
Ямартай ч нууцаар тээвэрлэж явсан найман тонн махаа "САЙН МАХ" гэж эрхий хуруу өргөсөн хятад Гадаадын иргэн, харьяатын газарт баригдлаа. Түүнд хэрэг үүсгэх эсэх нь прокурорын мэдэл боллоо. Гэхдээ найман тонн мах ямар ч асуудалгүй бол тэрбээр ирэх ес хоногийн дотор эх орондоо буцах нь.
Харин Монголд байгуулсан "Урт намар" ХХК-ийнх нь үйл ажиллагаа хэрхэх, тэр дахин Монголд хөрөнгө оруулагч чиглэлээр ирэх эсэх нь тодорхойгүй үлдлээ.
Засгийн газрын зүгээс энэ сарын 2-нд буюу өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л компаниудын улсын хууль, журмыг дагаж мөрдөх учиртай гэдгийг хатуу анхааруулсан билээ. Хууль хэн бүхэнд ижил тэгш үйлчлэх учиртай. Тэгж байж Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдарч, эрүүл хүнс хэрэглэх боломж нээгдэх юм. Тиймээс хууль зөрчсөн хэнтэй ч хуулийнхан хатуу тэмцэж, Монгол, Хятад гэж ялгахгүй хуулийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг юм.