Улсын өмчийг үнэгүйдүүлж, завшин ашиг олдог. Татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг албан тушаалтнуудад холбогдох хэрэг эхнээсээ шүүхийн босго давсаар байна. Тэгвэл яг ийм нэгэн хэрэг энэ оны эхээр шүүхээс эцэслэн шийдвэрлэгдлээ. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн нийт хоёр га газраас 800 мк талбайг нь "Чоно" ХХК бүтэл бүтэн 14 жилийн хугацаанд ямар ч төлбөр төлөхгүйгээр ашиглаж, ашиг орлого олж иржээ.
ХЭРЭГ ИНГЭЖ ЭХЭЛСЭН
Дээр хэлсэнчлэн аливаа нэг албан байгууллагын дарга болонгуутаа эд хөрөнгийг нь өөриймсгөөр зарж үрэн, захиран зарцуулах нь цөөнгүй. Тэдний нэг гээд хэлэхэд бараг хилсдэхгүй Х.Пүрэвтогтох нь 2007 онд тус музейн даргаар ажиллаж байжээ.
Ингэхдээ “Чоно” ХХК-тай хамтран ажиллах санал тавьж, музейн арын 800 мк талбайг тус компанид ашиглах эрх олгосон байна. Угтаа гэрээгээр “Чоно” групп нь музейн арын хашааг мэргэжлийн өндөр төвшинд засварлаж, ил зогсоол байгуулан тухайн байгууллага болон жуулчдын автомашиныг байрлуулж байх тохироо хийсэн байна.
Гэтэл цаг хугацаа урсан өнгөрсөн ч “Чоно” ХХК нь музейн арын хашааг засварласангүй. Түүгээр ч зогсохгүй зогсоолыг музейн хашаатай тулгаж байгуулсан нь музейн өв соёлд сөргөөр нөлөөлөх эрсдэл нүүрлэсэн гэнэ. Үүнийг ч шүүхээс тогтоосон байдаг.
Тус хоёр байгууллага анх гэрээ байгуулснаас хойш 2021 он хүртэл буюу нийт 14 жилийн хугацаанд дээрх газрыг “Чоно” ХХК ил зогсоол хэлбэрээр ашиглаж, орлого олжээ.
Гэсэн атлаа газрын төлбөр болох мөнгийг улсад нэг ч удаа төлж байгаагүй. Харин энэ үүргийг нь газраа үнэ төлбөргүй ашиглуулсан Чойжин ламын сүм музей бүхэл бүтэн 14 жил хариуцаж, төлбөрийг нь төлжээ.
Энэ мөнгө хэний халааснаас гарах вэ. Мэдээж татвар төлөгчдийн халааснаас.
Ингэж л “Чоно” ХХК татвар төлөгчдийн мөнгөөр газрын төлбөрийг нь төлсөн газар дээр зогсоол ажиллуулж, 14 жил шахуу ашиг олсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус зогсоол дээр дунджаар 40 орчим автомашин байрлуулах боломжтой. Нэг автомашин цагт 500-1000 төгрөгийн төлбөр төлнө гээд тооцвол, нэг сард цаашлаад нэг жилд хэчнээн төгрөгийн ашгийг сул халааслахыг та бүхэн бодоод үзээрэй.
Гэвч шүүхийн шийдвэр 2022 оны нэгдүгээр сарын 26-нд гарснаас хойш "Чоно" компанийн удирдлагууд газрыг чөлөөлж өгөөгүй байна. Шалтгаан нь шүүхийн шийдвэр гараад, албажаад гурван сар гаруй болчихоод байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан “Чоно” ХХК-ийг хайгаад олоогүйтэй холбоотой.
Тиймээс бид Чойжин ламын сүм музейн арын талбайд байрлах ил зогсоол дээр очсон юм. Биднийг очих үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон "Чоно" компанийн удирдлагууд гэх хүмүүс болон сүмийн ажилтнууд шүүхийн шийдвэр биелүүлэх акт дээр гарын үсэг зурж байгаатай таарсан юм. Бид тэднээс тайлбар авахыг хүссэн. Гэтэл талуудын аль аль нь дургүйцэж, ямар нэг үл ойлголцол үүсгэхгүй байхыг хүссэн юм.
БАС Л ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА
Чойжин ламын сүм музейн арын талбайд 40 орчим автомашин байрлуулах боломжтой гэж дээр хэлсэн. Шүүхийн маргаанд "Чоно" компани ялагдсан болоод тэр үү, өмнө нь төлбөртэй ажиллуулдаг байсан ил зогсоолынхоо хаалтад "Зөвхөн албан байгууллагын бүртгэлтэй автомашин нэвтрэх эрхтэй" гэсэн хаяг өлгөсөн байх бөгөөд төлбөргүй зогсоол гэдгийг харуул хамгаалалтын албанаас мэдэгдсэн юм.
Юутай ч, анх 2014 оноос хойш маргаан үүссэнээс хойш хэд хэдэн удаа шүүхийн хаалга татсан эл маргаан ийнхүү эцэслэгдэн шийдвэрлэгдлээ.
Тэгвэл шүүхэд хариуцагчийн талыг төлөөлж оролцсон “Чоно” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж байжээ. Ингэхдээ “Гэрээг анх 2007 байгуулсан. Гэтэл 2014 онд “Гэрээ цуцлах тухай” мэдэгдэл өгсөн.
Одоо түүнийг баталгаажуулах гэж байна. Энэ бүхнээс харахад шаардах аль 2014 онд үүссэн бөгөөд Иргэний хуулийн 73 дугаар зүйлд зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Зогсоол байгуулсан газарт муу усны худаг болон траншейны хүмүүс амьдардаг байсан.
Адилхан бурханы шашин шүтдэг, соёлын өвийг хамгаалдаг хүмүүс байж юу гэж сүйтгэе гэж бодох вэ. “Чоно” компани байшин бариагүй, машин л байрлуулсан” гэжээ.
Энэ тайлбараас улсын өмч хэрхэн үнэгүйддэгийг харж буй байх.
Тиймдээ ч эцсийн тайлбар, дүгнэлтийг танд үлдээе.
Юутай ч төр өөрийн өмчөө эргүүлэн авлаа. Цаашид энэ мэт үйлдэл дахин давтагдаж, төр, түмний өмч үнэгүйдэж, ашиг хонжоо хайсан этгээдүүдийн хүслийг хангагч болгохгүйн төлөө хаа хаанаа хариуцлагатай байх нь зүйн хэрэг биз ээ.
Сануулахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны болон Чойжин ламын сүм музейн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, чөлөөлөгдөж байгаа авто зогсоолын оронд иргэдийн амарч, зугаалах ногоон байгууламж байгуулах, хотын захиргаатай хамтран иргэдэд таатай орчин бүрдүүлэх, хүүхэд, явган хүний зорчих хэсгийг авто замаас тусгаарлах ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон байдаг.
Соёлын яамнаас Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, шашин, соёл урлагийн өв, дурсгалуудыг сэргээн засварлах, хүчитгэх ажлуудыг хийхээр энэ оны төсөвт зардлыг нь тусгасан. Тухайлбал, энэ жил Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг хийхээр төсөвт 1.7 тэрбум төгрөг тусгаж, музейг бүрэн засварлахаар ажил нь эхэлсэн байгаа аж.