Дэлхийд алдартай "Tesla" компанийн үүсгэн байгуулагч Элон Маск харилцаа холбооны компаниа Монголд байгуулсан гэх мэдээлэл цацагдсан билээ. УБЕГ-ын мэдээллээр өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдөр “Старлинк Сервисес Монголиа” компани бүртгэгдэж, Гүйцэтгэх захирлаар нь Лаурен Эшли Дрейер хэмээх “Starlink Lithuania”-ийг удирддаг бүсгүй бүртгүүлжээ. Харин эцсийн өмчлөгчөөр нь алдарт Элон Маск байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаранаас дараах асуудлыг тодрууллаа.
-Элон Маск "StarLinp" компанийнхаа тусгай зөвшөөрлийг авах хүсэлтээ танай байгууллагад гаргасан юм болов уу?
-Одоогоор тийм албан хүсэлт ирээгүй байна.
-Хэрвээ хүсэлт гаргах болбол Монгол Улсын талаас ямар шалгуур үзүүлэлт тавигдах вэ?
-Монгол Улсын хувьд харилцаа холбооны салбарыг стратегийн салбарт зорилт болгон авч үздэг. Энэ хүрээнд гаднын хөрөнгө оруулалттай компаниуд хуучнаар Үндэсний хөгжлийн газар буюу одоогийн Эдийн засгийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл авч бүртгүүлэх ёстой. Үүний дараа манай хороонд хүсэлтээ гаргаж тусгай зөвшөөрөл авах ёстой. Яг үүнтэй холбоотой Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Nam orbit хиймэл дагуулын сүлжээ ашиглах бодлогын баримт бичгийг батласан. Энэ дагуу манай хорооноос холбогдох хууль, эрх зүйн хүрээнд судлаж, хүсэлтийг шийдвэрлэх бүрэн боломжтой.
-Хэрвээ "StarLink" компани манай улсад үйл ажиллагаа явуулахаар болох юм бол харилцаа холбооны салбарт ямар ахиц дэвшил авчирна гэж та үзэж байна вэ?
-"StarLink" компанийн түрүүн дурдсан хиймэл дагуулын үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ дэлхий дээр ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг хэд хэдэн компани бий. Хэрвээ энэ технологи Монгол Улсад нэвтэрвэл сүлжээ ороогүй алслагдсан орон нутагт сүлжээ хүрэх боломж бүрдэх юм.
-Та иргэдэд шууд ойлгогдохоор энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү. Зарим иргэд датаны үнэ хямдрах нь гэж шууд утгаар ойлгож байсан?
-Газар зүйн байрлалаас үл хамаарсан сүлжээг байршуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 330 суманд шилэн кабель татсан ч цаана нь сүлжээ ороогүй маш олон газар бий. Уул уурхай, аялал жуучлалын бүс нутаг гээд. Эдгээр газарт сүлжээ бүрэн орох боломжтой болох юм.
-Хэрвээ гаднын томоохон хөрөнгө оруулагчтай харилцаа холбооны компани Монголд орж ирвэл үндэсний хөрөнгө оруулалттай зарим компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа байх. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас гаргасан бодлогын баримт бичигт "StarLink" болон бусад компаниуд үйл ажиллагаа эрхлэхдээ сүлжээний цар хүрээг тэлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Нэг үгээр хэлбэл, үүрэн холбооны оператор компаниуд энэ компанийн тусламжтайгаар сүлжээ ороогүй байсан газруудад хэрэглээгээ улам тэлэх боломж бүрдэнэ.
-Элон Маск яагаад Монгол Улсад салбар компаниа байгуулсан юм бол. Энэ нь дэлхий нийтэд үйл ажиллагаагаа тэлэх гэсэн зорилтын нэг нь үү, эсвэл?
-Дэлхий нийтэд яг ийм процесс өрнөж байна. Жишээлбэл, Энэтхэг улсад салбар компаниа байгуулж, тусгай зөвшөөрлөө авахаар хэлэлцэж байна. Онцолж хэлэхэд, Nam orbit хиймэл дагуулын сүлжээ бол шинэ үйлчилгээ. Энэ утгаараа дэлхийн хаана ч энэ үйлчилгээгээ хүргэх зорилтыг Элон Маск тавьсан юм билээ. Нөгөөтэйгүүр, энд нэг зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Энэ нь, Nam orbit хиймэл дагуулын сүлжээг онцгой байдлын болон гамшгийн үед ашиглах боломжтой. Жишээлбэл, Герман улсад болсон үерийн үеэр үндсэн гол сүлжээ тасарсан. Калифорнид гал гарах үеэр бас үндсэн сүлжээ тасарсан. Энэ үеэр "StarLink"-ийн сүлжээг ашигласан. Манай улсад ч гэсэн ийм болож нээгдэх юм. Энэ сүлжээ ашиглахын тулд нэг төхөөрөмжийг 500 ам.доллараар худалдаж авах ёстой. Сарын төлбөр нь 99 ам.доллар орчим байдаг юм билээ.
Г.Нацаг-Эрдэнэ
ШУУД ҮЗЭХ: