Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонссон.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Парис-2024” зуны олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийг шинээр сонгон шалгаруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэх заалтын хүрээнд “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийг шинээр сонгон шалгаруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам, ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” 4 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар “Үндэсний шигшээ багийг бүрүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах журам”, хоёрдугаар хавсралтаар “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох шалгаруулах ажлын хэсгийг бүрэлдэхүүн”-ийг тус тус батлуулсан. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилт хийх орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв”-ийг байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолоор “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв”-ийг байгуулсан. Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, “Техник спортын төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлэн “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан.
Биеийн тамир, спортын тухай хуульд заасны дагуу спортын холбоодын баталж мөрдүүлж байгаа тамирчны ёс зүйн дүрмийн зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагын тогтолцоо сайжруулах зорилгоор спортын холбоодтой гэрээний дагуу хамтран ажиллахад тэдгээрийн ёс зүйн дүрмийг сайжруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Олимп, дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад олгож байгаа шагнал урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгох, тамирчны сахилга хариуцлага, нийгэмд үлгэрлэх байдалтай нь уялдуулж олгох байдлаар өөрчлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх заалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгогдож буй сар бүрийн мөнгөн урамшуулалд олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 118 медаль авсан 67 тамирчин хамрагдаж, медальд ногдох урамшуулалд сар бүр 154.0 сая төгрөг авч байна. Шагнал урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгох олимпын бус спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж медаль авсан тамирчдад сар бүр урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт бүрдүүлж, хэрэгжүүлбэл шаардагдах төсвийн хэмжээ 3 дахин нэмэгдэж, цаашид тогтмол нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Тус судалгаагаар одоо олгогдож буй шагналын төсвийн хэмнэх талаар судалсан бөгөөд дор дурдсан хувилбаруудыг гаргаад байна. Үүнд, олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өндөр амжилт үзүүлж хүртсэн тус бүр нэг медальд сар бүр урамшуулал олгох тохиолдолд сард 32.0 сая төгрөг, жилд 384.0 сая төгрөг хэмнэх, олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр амжилт болох нэг медальд сар бүр урамшуулал олгох тохиолдолд сард 53.0 сая төгрөг, жилд 636.0 сая төгрөгийг хэмнэх тооцоо гарч байна. Хэмнэх боломжтой 53.0 сая төгрөгийг дунджаар хуваарилж үзэхэд олимпын бус спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 132 тамирчдад сар бүр урамшуулал олгогдох тооцоо гарч байна" гэлээ.