
Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой тохиож байна. Монголд генерал цол хүртсэн эрхмүүдийн статистик мэдээллийг танилцуулж байна.
Генерал цолыг 16 дугаар зуунд Франц улсад анх олгож эхэлжээ. Цэргийн жанжид, удирдах албан тушаалтанд өгдөг цол юм.
Монгол Улсад анх 1944 онд энэхүү цолыг олгож эхэлсэн. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын бага хурлын шийдвэрээр Ардын засгийн газрын 152 дугаар тогтоолоор олгож эхэлсэн тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Анх 11 хүнд энэхүү цолыг олгосон байна. Журамд зааснаар цэргийн дээд цолтнуудад олгоно хэмээн заасан ажээ. Энэхүү 11 хүнээс хойш 82 дахь жил дээрээ Монгол Улсын Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагууд, төрийн цэргийн бусад байгууллагын алба хаагч, удирдах дарга нарт энэхүү цолыг олгож байна. 82 жилийн түүхэн хугацаанд Монгол Улсад 240 хүн генерал цол хүртжээ.
240 генерал цолтноос Маршал цолтон-1 байна. Монгол Улсад 28 насандаа дэслэгч генерал цол хүртсэн Ю.Цэдэнбал хурандаа генерал, армийн генерал цолыг 1970 онд хүртэж, маршал цолыг хүртсэн. Тиймээс албан ёсны генерал цолтны бүртгэлд ордог байна.
1970 онд Армийн генерал хэмээх цолыг Монгол Улсад олгож эхлэн хоёр хүнд хүртээж байжээ. Түүний нэг нь хожим Маршал болсон Ю.Цэдэнбал. Нөгөөх нь Монгол Улсын Армийн генерал Батын Дорж хэмээх эрхэм бий.
Хурандаа генерал цолтон Монгол Улсад 8 байдаг. Энэхүү найман хүнээс одоо нэг нь л амьд сэрүүн байгаа бөгөөд 102 насыг насалсан Сономын Лувсангомбо гэж хүн байна. Тэрбээр өдгөө хамгийн өндөр настай генерал цолтон юм.
Дэслэгч генерал цолтон-23 бий. Анхных нь Маршал Ю.Цэдэнбал хүртсэн бол хамгийн сүүлд 2023 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба хүртжээ.
Хошууч генерал цолыг-123, Бригадын генерал цолыг-73 хүн хүртсэн байна.
Эмэгтэй генерал цолтон-1 бий. Бригадын генерал Ганболдын Болор юм.
Энэ хугацаанд дипломат албанд 50 орчим хүн шилжин ажиллажээ. Дээд тал нь 3-4 улсад үүрэг гүйцэтгэсэн. Түүний 14 нь Элчин сайдаар ажилласан байдаг ажээ.
Одоо 60 гаруй генерал цолтон ажил үүргээ үргэлжлүүлэн хийж байгаа.
Мөн генерал цолтнуудаас зургаан хүн Улсын баатар цол хүртсэн бол хоёр генерал Хөдөлмөрийн баатар цолыг хүртжээ. Генерал цолтнууд дунд Ардын цолтон нэг бий. Монголын цагдаагийн байгууллагын шинэ үеийн удирдагч хэмээн яригддаг Монголын Дотоодын цэргийн анхны командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Баастын Пүрэв Ардын багш цолоор шагнагдаж байв.
Гавьяат цолтон-21 байна. Үүн дотор сансар судлалын гавьяат, Улсын баатар Ж.Гүррагчаа, гавьяат хуульч, барилгын гавьяатууд, үйлчилгээний гавьяатууд, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн гэх мэт бий.
9 генерал шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 40 гаруй генерал боловсролын докторын зэрэг хамгаалсан.
Хамгийн олон генерал цолтонтой аймаг Завхан 27 генерал албан ёсоор бүртгэлтэй байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!