Г.Тэмүүлэн: Монголыг олон төсөвтэй болгох хууль оруулж байгаа нь хуулийн хүрээнд хулгай хийе гэж байгаагаас ялгаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
26 минут 9 секунд

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй гадаад зээлийн ашиглалт болон улс төрийн цаг үеийн үйл явцын талаар ярилцлаа

-Одоогоос нэг жилийн өмнө Х.Ганхуяг, П.Сайнзориг нарын гишүүдийн зүгээс Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслийг өргөн барьж байв. Тухайн үедээ эл хуулийн төсөл олон нийтийн дунд нэлээдгүй хэлэлцүүлгийг өрнүүлж байв. Тэгвэл яг одоо УИХ дээр А.Алтаншагай нарын гишүүдийн санаачилгаар эл хуулийн төсөл дахин боловсруулагдаж орж ирээд хэлэлцүүлэг нь явж байна. Жилийн өмнө өргөн барьж байсан хуулийн төслөөс энэ удаагийн хуулийн төсөл ялгаатай байна уу?

-Гадаад зэлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт УИХ хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр ч өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн гэж бодож байгаа. Энэ удаагийн хуулийн төсөл нь одоогоос нэг жилийн өмнө өргөн барьж байсан хуулийн төслөөс нэр томъёо болон хууль зүйн бичвэр талаасаа ямар ч өөрчлөлтгүй шахуу орж ирсэн. Энэ хууль яагаад батлагдаж болохгүй юм бэ гэдгийг товчоор нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, Монгол Улсыг олон төсөвтэй болгох л хууль. Гоё нэртэй хууль өргөн барихаас илүүтэйгээр гол асуудалдаа анхаарах хэрэгтэй байна. Ингэхдээ агуулгаар нь шийдэх шаардлагатай байна. Төсвийн сахилга батыг алдагдуулах, өр зээлүүдээ төсвийнхөө гадна гаргаж, өрийн удирдлагын эрсдэлийг нэмэгдүүлэх зэрэг хууль зүйн болоод санхүүгийн эрсдэлтэй буюу засаглалын хувьд алдаатай бодлогыг гаргаж ирэх шаардлагагүй. Нэг ёсондоо, цаашид олон төсөвтэй болох агуулгыг л хуулийн хүрээнд нээж өгч байгаа гэсэн үг юм. Одоогоор Эрдэнэбүрэн УЦС, Сэлбэ дэд төв, газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг оруулаад баталчихдаг. Гэтэл явц дундаа наадам, цагаан сар, шинэ жил зэрэг олон нийтийн анхаарал өөр тийш хандсан үеэр магадгүй нөгөө яриад байгаа 14, 24 төслүүдээсээ нэмж оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ нь даамжирвал хариуцлагагүй, хяналтгүй зүйл болж хувирна. Үүний "төлөөс" нь ард иргэдийн амьжиргаа, орлого тал дээр л сөргөөр бууна. Монгол Улс бол төсвийн хүрээнд дүрэм журам, хуультай орон. Хэрэв төсвийн сахилга бат алдагдвал эдийн засагт тэр хэмжээгээр ачаа дарамт ирж, жолоодлогогүйгээр хямралд хүргэх эрсдэлтэй.

2026 оны хувьд авч үзвэл, Монгол Улсын төсөв 31 их наяд төгрөг. Гэтэл эл оруулж ирсэн хуулиар хамгийн наанадаж 3.5 тэрбум ам.доллар төсвийн гадна гаргах эрсдэл үүсэж байна гэсэн үг. Төгрөгөөр тооцвол, 13 их наяд төгрөгийн зардал төсвийн гадна гарах зохицуулалтгүй болж байна гэсэн үг. Энэ нь бодлогын маш том алдаа. Нягтлан бодох талаасаа ч гэсэн олон улсын байгууллагуудад юу гэж хэлэх вэ гэх мэтээс авхуулаад ийм бодлогоор явж боломгүй байгаа юм. Буруу зүйлийг буруу гэдгийг нь хэлээд явахаас өөр зам байхгүй. Энэ бол зарчмын асуудал.

МАН-ын бүлэг эл хуулийн төсөл дээр завсарлага авсан. Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцүүлэг үргэлжлэхээр байгаа.

-Мэдээж мега төслүүдийг урагшлуулахыг эсэргүүцэж байгаа хүн байхгүй. Гэхдээ Эрдэнэбүрэнгийн УЦС болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөлтэй цуг нийслэл дээр хэрэгжиж буй "Сэлбэ дэд төв" төсөл орж ирсэн нь анхаарал татаж байна?

-Таны хэлсэнчлэн, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг том төслүүдийг урагшлуулахыг эсэргүүцэж байгаа хүн байхгүй. Гэхдээ аливаа төсөл хөтөлбөрөө явуулахын тулд "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ" гэдэг шиг эргээд эдийн засагт ирэх ачаалал, төсөвт нөлөөлөх нөлөөллүүдийг нь бид тооцож үзэх ёстой болчхоод байгаа юм. Энэ жилийн хувьд бүр ч онцлогтой. Гадаад нөхцөл байдал ч сайнгүй байна. Ийм үед юу чухал юм бэ гэдэг асуудал байна. Бид эдийн засгийн асуудлаа л чухалчлах ёстой. Төсвийн алдагдлын хажуугаар урсгал дансны хос алдагдал гэдэг ч юм уу эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл яах вэ, ард иргэдийн амьжиргаа орлого дээр сөрөг нөлөөлөл бий болвол яах вэ, инфляцаа контролдож чадахгүй бол яах вэ, ханшаа хянаж чадахгүй бол яах вэ зэргээс авхуулаад маш том эрсдэлүүд бидний өмнө байна. Өөрөөр хэлбэл, дайн дажинтай энэ үед иргэдийн орлогыг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал. Ийм үед ямар нэг байдлаар импортыг дэмжсэн худалдан авалт болоод төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж явах нь зарчмын хувьд буруу.

Хоёрдугаарт, хувь гишүүн талаасаа ч тэр "Сэлбэ дэд төв" төслийг оруулж ирсэн явдалд би эсрэг байр сууринаас хандаж байгаа. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд буруу. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажлыг төр булааж авч хийх нь маш буруу. Орон сууцжуулах ажлуудыг манай хувийн хэвшлийнхэн маш сайн хийж байгаа. Магадгүй 10-20 жилийн хугацаанд манай хувийн хэвшлийн салбар дундаас хамгийн сайн хөгжсөн нь барилгын салбар. Орон сууц, зам гүүр барих ажлуудыг хувийн хэвшлийнхэн сайн хийж байна. Гэтэл төсвөөс асар их мөнгө гаргаж газар чөлөөлөлтийг хийгээд, тэнд төрийн өмчийн компани байгуулаад, төр орон сууц бариад түүнийгээ ард иргэдэд арилжаална гэдэг асуудал нь байж болохгүй. Үндсэндээ эдийн засаг дахь төсвийн нөлөөлөл, төрийн оролцоо асар их болчихсон. 40,50 хувь руу дөхөж орж ирж байна. Төр данхайх тусам, төсвийн зардал нэмэгдэх тусам хувийн хэвшлийг шахах үзэгдэл бий болдог. Эдийн засгийн эрүүл бүтцийг бий болгоё гэвэл, төсвийн сахилга бат болоод данхар төрийг багасгах, бууруулах шаардлага байгаа. Бид хувийн хэвшилдээ орон зай бий болгох ёстой.

-Тэгвэл гадаад зээлийн ашиглалтаа яаж сайжруулах ёстой юм бэ. Мэдээж хууль санаачлагчдын зүгээс ярьж байгаа зөвтгөл нь, мега төслүүдээ урагшлуулахгүй бол хий эргэсэн нөхцөл байдалтайгаар 10,20 жилийг өнгөрүүлнэ гэдэг зүйлийг хэлэх нь элбэг. Гэтэл төсвийн бүрэлдэхүүн хэсэг болсон гадаад зээлийн асуудлыг зохицуулъя гэж байгаа бол Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа зохицуулалт хийж болдоггүй юм уу?

-Бид юу чухал вэ гэдгээ эрэмбэлж чадахгүй байна. Эрх ашгийн эрэмбээр асуудалд хандаж чадахгүй байна. Үүний нэг жишээ нь, саяын хууль дээр орж ирсэнчлэн хувийн хэвшлийн хийж байгаа зүйлийг төр булааж авч буй явдал. Үүний адилаар өнөөдөр Монгол Улсын эдийн засагт ирэх таван жилийн хугацаанд хамгийн хэрэгцээтэй зүйл нь юу юм бэ гэдэг асуудал байна. Магадгүй газрын тос боловсруулах үйлдвэр бол номер нэгт бичигдэх асуудал. Бид үүнийгээ төсвөөсөө хийнэ гэж байгаа бол төсвийн цар хүрээ дотроо багтааж шингээгээд явах ёстой. Үр ашиггүй зардлуудаа бууруулах ёстой. Төрийн данхар бүтцүүдийг багасгах ёстой. Урсгал зардлуудыг хэмнэх бодлогуудыг гаргаж ирэх ёстой. Зээл тусламжуудаа ч гэсэн эрэмбэлээд хэрэгцээгүй, магадгүй авах шаардлагагүй зүйлүүдээ хойшлуулж, хязгаарлаад явах шаардлагатай. Гэтэл гадаад зээл гэх нэрийн дор хэрэгцээгүй зүйл орж ирж байгаа нь хамгийн том асуудал болж гарч ирж байна. Үүний бодит жишээ бол өмнө миний дурдсан асуудлууд байна.

Бид хуулийнхаа дагуу л явах ёстой. Яагаад хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч чадахгүй болчхоод байгаа юм бэ. Яагаад хуулийн хүрээнд юмаа төсөвлөж, тооцож оруулж ирж чадахгүй байгаа юм бэ. Энэ бол бодлого, төлөвлөлтийн алдаа байна гэсэн үг. Монгол Улсын төсөв ингэж тэлж, томорч байсан түүх байхгүй. Ийм том төсөв дотор бид асуудлуудаа чухалчилж, эрэмбэлж чадахгүй байна гэсэн үг. Хойшлуулах зүйлсээ хойшлуулах л ёстой. Түүнээс биш сайхан амьдрахад хууль садаа болж байна гээд хуулийн гадуур, тогтсон дүрэм журмаас гарч алхана гэдэг бол буруу зүйл. Гоё нэртэй хууль оруулж ирээд, хуулийг төөрүүлээд явж байгаа асуудал чинь хуулийн хүрээнд хулгай хийе гэж байгаагаас ялгаагүй зүйл болж хувирч байна.

-Та сая хуулийн төслийг дэмжихгүй гэдэг агуулгыг хэлж байна. Тэгвэл энэ байр сууриа бүлэг дээрээ хамгаалж чадаж байгаа юу. Танай бүлгээс өнгөрөгч Даваа гарагт хуралдаад тус хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн шүү дээ?

-Ардчиллын зарчим ёсоор олонхоороо асуудлыг шийдэж байгаа. Бүлэг дээр ч, УИХ дээр ч олонхын шийдвэрийг дагана. Гэхдээ Төсвийн байнгын хороонд 10 гаруй жил харьяалагдан ажиллаж буй хүний хувьд хэлэхэд, төсөв санхүү эдийн засаг талаасаа алдаатай асуудлуудыг буруу гэдгийг нь хэлээд явахаас өөр гарцгүй. Би зарчмын хувьд тус хуулийн төслийг дэмжихгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ойрын хугацаанд алдаагаа залруулж, төсвийн тодотгол хийж, төсөв дотроо эдгээр зардал мөнгөө шингээх зэрэг алхмуудыг хийх шаардлагатай. Төсвийн гадна зардал мөнгөө гаргаж байна гэдэг бол УИХ өөрөө өөрийнхөө эрх мэдлийг бусдад шилжүүлж байна гэсэн үг. Хяналтыг гадна гаргаж, төлөөллийн байгууллага өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болж байна гэсэн үг. Хууль зүйн болоод санхүү, засаглалын маш олон эрсдэлтэй үр дагавартай зүйлүүдийг УИХ хэлэлцүүлгийн явцад зөв шийдэх байх гэсэн хүсэлт, хүлээлттэй байна. Хууль бус, зарчимгүй, дүрэмгүй зүйлийг хэлээд явах нь мэргэжлийн хүний үүрэг гэж харж байна. Зөвхөн гишүүд ч хэлээд байгаа зүйл биш. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон энэ чиглэлээр мэргэшсэн байгууллагуудын зүгээс маш том бодлогын алдаа хийх гэж байна гэдэг зүйлийг хэлж байгаа.

-Хүссэн ч, эс хүссэн ч бидний тооцоолоогүй зүйлс төсөв дээр гарч ирж байна. Тиймээс ирэх намар нөхцөл байдал хүндрэхээс сэргийлж төсвөө тодотгох шаардлагатай-

-Өнгөрсөн намраас хойш улс төрийн нөхцөл байдал тун ширүүхэн явсаар хаврын чуулгантай золголоо. Гэтэл энэ улс төрийн бужигнааны нөгөө талд иргэдийн аж амьдрал, эдийн засаг дахь нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал түүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлууд орхигдлоо шүү дээ. Тоон статистик мэдээллүүдийг татаад харахад, дүр зураг ер нь хэр байна?

-Гадаад нөхцөл байдал бидний талд биш байгаа. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч байна. Инфляц нэмэгдэх нь ойлгомжтой болж байна. Хүнд сорилт бэрхшээлийн дунд хамгийн муу хувилбарт бэлэн байх шаардлагатай. Гэхдээ гадаад нөхцөл байдлаас илүүтэй хамгийн том бодлогын алдаа нь бид бүхний өөрсдийн алдаа. Сахилга батгүйгээс, хяналт хариуцлагагүйгээс үүдээд эдийн засаг хүндэрч байгаа нь эргээд бидэнтэй л холбогдоно. Иймд бодит нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийгээд учирч болзошгүй эрдлүүдийг саармагжуулах, эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогыг хийх нь бидний хувьд нэн тэргүүний асуудал. Мянга улстөржиж болно. Гэхдээ энэ их улс төрийн чинь цаана улс орны амьдрал хамгийн чухал нь болж гарч ирж байна. Шинэ Засгийн газар байгуулагдлаа. Байгуулагдаад нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өрхийн орлого болоод амьжиргааг хамгаалах чиглэлээр шинэ ЗГ юу хийх гэж байна вэ гэдэг дээр иргэд хүлээлт өндөр байна. Мөн эдийн засгийн бодит эрсдэлээс хамгаалах, тогтворжуулах төлөвлөгөө нь юу байна вэ гэдэг дээр ч хүлээлт байна. УИХ-ын гишүүдийн зүгээс ч гэсэн ЗГ-аас тодорхой бодлогуудаа шуурхай оруулж ир гэсэн шаардлагуудыг тавьж байгаа.

Амны билгээс ашдын билэг гэгчээр улс орны эдийн засаг харьцангуй гайгүй байх, эрсдэлээс хамгаалах бодлогуудыг оруулж ирээсэй гэсэн хүлээлт хаа хаанаа байна. Нөгөө талдаа салхинд туугдсан хамхуул шиг байж боломгүй байна гэдгийг хэлж байгаа. Нэн тэргүүнд эрсдэлээс хамгаалах бодлогоо оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Асуудлуудыг сууриар нь харж, гол асуудалдаа анхаарлаа хандуулах, агуулгаар шийдвэрлэх нь шаардлага байна.

-Жишээлбэл, олон нийтийн зүгээс Татварын багц хуулийн төсөл дээр нэлээн хүлээлт тавьж байна. Буцаагдаад байгаа эл хуулийн төслийг УИХ руу яаралтай оруулж ирэх чиглэлд нь хэрхэн "шахаж" ажиллах вэ?

-Засгийн газар солигдсонтой холбоотойгоор өмнөх ЗГ-ын үед өргөн бариад байсан Татварын багц хуулийн өөрчлөлтүүдээ буцаан татсан. Энэ сард багтаан өргөн барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Иргэд, ААН-үүдийн зүгээс НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад үйл ажиллагаанд нь ачаа дарамт болж байгаа санхүүгийн ачаалал, зардлуудыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлтүүдийг хийгээсэй гэсэн хүсэл хүлээлт бий. Эл хуулийн төслийг энэ сардаа багтаагаад оруулаад ирэх байх. Миний хувьд тодорхой татварын асуудлууд дээр хуулийн төслийг санаачлан боловсруулаад явж байна. Засгийн газраас хуулийн төслөө өргөн барьсны дараагаар өөрийн санаачилж буй хуулийн төслөө өргөн бариад хамтад нь хэлэлцүүлээд явъя гэсэн бодолтой байна. Мэдээж Засгийн газрын бодлогыг нь харъя. Дутуу орон зай байвал түүнийг нь нөхөөд явъя гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Одоогийн нөхцөл байдалд ганц, хоёр татварын асуудлыг хөндсөнөөрөө эдийн засгийн суурь асуудлуудыг шийдэж чадахгүй. Татварын бодлого дээр илүү агуулгаар нь, том зургаар нь харах шаардлагатай. Татварын шинэчлэлийг сууриар нь, үе шаттай хийх ёстой. Хувь гишүүний зүгээс боловсруулж буй хуулийн төсөл маань нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих татварын бодлогын тухай хууль гэх малгай хуультай. Арав орчим дагалдах хуультай байхаар боловсруулагдаад явж байна. Засгийн газраас татварын хуулиа энэ хаврын чуулганаар өргөн баривал хамтад нь УИХ руу оруулаад батлуулаад ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр бодол байна. Цаашид өөрчлөлт шинэчлэл чиглэлд илүү бодлогын ухралт хийхгүйгээр зөв санаачилгуудыг дэвшүүлээд явах учиртай.

-Саяхан энэ оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн дүн мэдээ нэгтгэгдлээ. Сангийн сайдын зүгээс тодотгол хийх нөхцөл шаардлага бүрдээгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Та юу гэж харж байна?

-Нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр, 1.4 их наядын алдагдалтай гэж гарлаа. Нөхцөл байдал энэ жилийн хагаст эсхүл хоёрдугаар улиралд илүү даамжирч гурван их наядад хүрвэл яах вэ. Оны төгсгөлд энэ тоо гурав дахин нэмэгдээд явбал хэрхэх вэ гэдэг ч асуудал байна. Хүссэн ч, эс хүссэн ч бидний тооцоолоогүй зүйлс төсөв дээр гарч ирж байна. Зарчмын хувьд төсөвт тодотгол хийнэ гэдэг нь буруу. Эхнээсээ тодорхой эрсдэлүүдийг буруу зөрүү тооцож, төсвийн төлөвлөлтийг хийсэн л гэсэн үг. Угтаа бид төсвийг тооцоолохдоо зардлыг хамгийн ихээр, орлогыг хамгийн багаар буюу хамгийн муу хувилбараар хийдэг. Түүнд тооцоо, төлөвлөлтийн алдаа 3-5 хувьд нь байж болох юм. Гэтэл нөхцөл байдал дээр тодотгол хийх хэмжээнд хүрч байна гэдэг нь бид эхнээсээ төлөвлөлтөө буруу хийж байна гэсэн үг болж таарч байна. Асуудлыг бага дээр нь, хэмнэж болох зардлуудаа хэмнэж, тодорхой урсгал зардлуудаа бууруулж, эрх ашгийн эрэмбийн хүрээнд чухалчилж болох зүйлсээ чухалчлаад явах шаардлага байгаа. Ийм арга хэмжээ авахгүйгээр ирэх зун, намар хүргэвэл нөхцөл байдал улам дордвол яах вэ гэдгийг бодох ёстой. Тиймээс шуурхай ажиллах шаардлагатай байна. Энэ утгаараа тодотголыг одоо хийгээд явах хэрэгтэй.

-Төсөв тодотгохгүй бол ирэх намар нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Орлогын тасалдал үүсэж байна, төсвийн алдагдал 1.4 их наядад хүрлээ. Цаашид магадгүй бензин түлшний үнэ болон дотоодын бодлогын алдаатай хамааралтайгаар инфляц бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлага байна гэж харж байгаа. Сүүлийн нэг сарын дотор л гэхэд бараа бүтээгдэхүүний үнэ 1-2 хувиар нэмэгдэж байна. Инфляц ч нэмэгдэж байна. Импортын гаралтай инфляц их өдөөгдөж байна. Хүнс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн том нөлөөлөх хүчин зүйл нь болж байна. Тэр дундаа мах, ногооны үнийн асуудал жин дарж байна. Магадгүй энэ байдлаараа тав, зургаадугаар сар руу ороод ирвэл газар тариалангийн сезон орохоор бордооны хүндрэл эрсдэлүүд ч бий болохоор ажиглагдаж байна. Тэгэхээр эрсдэлийг зөөлөн газардуулах шаардлага байгаа.

-Хангалттай улстөржлөө. Одоо илүү асуудлынхаа гүн рүү орохгүй бол цаг хугацаа явсаар байна-

-Өөрөөс тань цаг үеийн улс төртэй холбоотой зарим асуудал дээр байр суурийг тань сонсох нь зөв болов уу гэж бодлоо. Өнгөрсөн намраас хойш танай нам дээр эв нэгдлийн асуудал нэлээдгүй яригдлаа. Одоогийн түвшинд танай намын эв нэгдэл хэр байна вэ?

-Улс төрийн өнцөг гэхээс илүүтэйгээр, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ цаг үед юу чухал вэ гэдгээ л бодох хэрэгтэй байна. Дотоод ашиг хонжоо, улс төр, сандал суудал гэхээс илүүтэйгээр өнөөдрийн нөхцөлд хамгийн чухал асуудал бол улс орны эдийн засгийн асуудал. Бүх хүч, бүх анхаарлаа ийшээ л төвлөрүүлэх шаардлагатай. Ямар нэг байдлаар улстөржиж, хагарч бутарч, үл ойлголцоод байх цаг үе биш. Эрх ашгийн эрэмбээр асуудалд хандах шаардлагатай байна гэсэн үг. Мэдээж тодорхой түвшний үл ойлголцол байсан байх. Тэр нь ойлголцолд хүрээд нэгдэж нийлээд Засгийн газраа байгуулаад тодорхой хэмжээнд бодлого нэг тийшээ чиглээд явж байгаа гэж би харж байгаа.

-Энэ хаврын чуулганаар нийгэм, эдийн засгийн шинжтэй иргэдийн хүлээлтэд байгаа хуулийн төслүүд урагшлах болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэвч сар орчмын хугацаанд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дээр парламент нэлээн төвлөрлөө. Бусад хуулийн төслүүд дээр гишүүд ажил хэрэгч байдлаар хандаж чадаж байна уу?

-Гишүүдийн зүгээс хэд хэдэн хуулийн төслийг санаачлаад өргөн бариад явж байна. Нийгэмд үүсээд буй бухимдалтай холбоотойгоор, төрд итгэх итгэлийг бууруулж буй асуудал дээр цэг тавих үүднээс тодорхой хяналт шалгалтын асуудлуудыг УИХ-ын түвшинд хийх гэх мэтээр ажил явж байна. Мөн түүнчлэн нийгэм, боловсрол, ахмадуудын чиглэлээр нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлаад явж байгаа. Эхнээсээ хэлэлцүүлгүүд нь хийгдээд явж байна. Амьжиргаа, орлоготой холбоотой эдийн засгийн хамгийн гол асуудлын бодлогын нурууг хийх ёстой газар бол Засгийн газар. Засгийн газар үүнд цаг хугацаа алдахгүйгээр түргэн шуурхай, шийдэмгий байдлаар бодлогуудаа оруулж ирэх нь чухал. Тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөг дэмжихтэй холбоотой, ААН байгууллагууд дээр ирж байгаа ачаа дарамтыг бууруулахтай холбоотой бодлогуудаа нэн шуурхай оруулж ирэх ёстой. Өнгөрсөн намрын чуулганаар орж ирээд буцаагдсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай бодлогын асуудлууд байгаа.

-Н.Учрал Ерөнхий сайдаас Сангийн сайдаар ажиллах санал ирсэн ч тодорхой улс төрийн ойлголцолд хүрч чадаагүй учраас татгалзсан-

-Үүний тулд Засгийн газрын тогтвортой байдал чухал байна л даа. Ер нь гурав дахь Засгийн газраа байгуулаад явж байгаа нь гадаад талдаа тийм ч сайн имиж биш л болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Төрийн эрх мэдэл гүйцэтгэхдээ л оршдог. Төр тогтвортой байж бодлого шийдвэрүүд нь үр дүнтэй байна. Ийм л зүйл тогтол шүү дээ. Цаашид төр нь төр шиг байх, тодорхой ажлууд дээр хариуцлагатай хандах, бодлогын ажлуудаа шуурхай хийхийг чухалчлах ёстой. Хангалттай улстөржлөө. Одоо илүү асуудлынхаа гүн рүү орохгүй бол цаг хугацаа явсаар байна.

-Ярилцлагын төгсгөлд танаас асуух нэг зүйл байна. Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газарт өөрийг тань Сангийн сайдад яригдаж байгаа гэх таамаг нэлээдгүй гарсан. Та тухайн үед яг тоймтой хариулт хэлээгүй шиг санагдаж байна. Танд тухайн үед ийм санал ирсэн юм уу. Ирсэн бол яагаад татгалзсан хэрэг вэ?

-Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаж байх үед сайдаар орж ажиллах саналыг Ерөнхий сайдын зүгээс надад тавьсан. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед тодорхой өөрчлөлт, үр дүнг авчрах шийдэмгий алхмуудыг хийх зайлшгүй шаардлагатай байна гэдэг саналаа хэлээд саналаас нь татгалзсан. Тодорхой улс төрийн ойлголцолд хүрч чадаагүй учраас ЗГ-ын бүрэлдэхүүнд ажиллах саналаас нь татгалзсан юм.

Ярилцсанд баярлалаа

АН-ын Үндэсний бодлогын хороо 5-р сарын 6-нд хуралдана
АН-ын Үндэсний бодлогын хороо 5-р сарын 6-нд хуралдана
 
“Улаанбаатар марафон-2026”-гийн бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ
“Улаанбаатар марафон-2026”-гийн бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!