
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэлж байна. Гэвч хуралдааны эхэнд прокурор н.Баясгалан зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна. Учир нь тэрбээр Өмнөговь аймагт шүүх хурал давхацсан үндэслэлээр өчигдөр шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн байна. Харин прокурор н.Түмэн-Өлзий хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй аж.
Тиймээс хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс "н.Баясгалан прокурорын хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгож байна. н.Түмэн-Өлзий прокурор шалтгаангүй ирээгүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. н.Түмэн-Өлзий прокурорт хариуцлага тооцох саналтай байна" гэлээ.
Шүүгдэгч Ц.Дагвадоржийн өмгөөлөгч Баттулга "Шүүх хурлыг хойшлуулах хүсэлтэй байна" гэв. Улмаар шүүх хурал ирсэн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа.
Сануулахад, 16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэртэй хохирогч "Ш"-ийн ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, санал нийлэхгүй тул давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж, шүүх хурал өнөөдөр товлогдсон юм.
Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын 5 өмгөөлөгч оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!