
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ олгох ногдол ашгийг өнөөдөр буюу энэ сарын 30-ны өдөр олгох гэж байна.
Үүнтэй холбоотойгоор Гүүдсек Үнэт Цаасны Компани хувьцаа эзэмшигчид мэдэх ёстой зөвлөмжүүдийг хүргэжээ.
- Хэдэн төгрөг шилжиж орох вэ?
-Нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгох ба тус дүнгээс татвар хасан хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжин орно. 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөг олгогдоно. Хувьцаатай, үнэт цаасны данстай, брокер компанидаа банкны зөв дансаа бүртгүүлсэн байсан харилцагчид хүлээхэд л болно. Брокер компанид бүртгүүлсэн банкны данс нь ашиглах боломжгүй болсон, буруу данс бүртгүүлсэн бол данс нээлгэсэн брокерын компанидаа хандан зөв банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Банкны дансаа солих хүсэлт өгснөөс үүдэн ногдол ашиг шилжиж орох хугацаа хойшлохыг анхаарна уу.
-Үнэт цаасны дансгүй иргэд яах вэ?
-Үнэт цаасны данс нээлгэх ба данс нээлгэх үед харилцагч өөрийн нэр дээрх “банкны зөв дансыг бүртгүүлэх” шаардлагатай. Үнэт цаасны данс нээгдэх, банкны дансыг бүртгэж баталгаажуулах, овог нэрийг тулгах зэрэгт хугацаа ордог тул ногдол ашиг шилжиж орох хугацаа хойшлохыг анхаарна уу.
-2024 онд болон түүнээс хойш төрсөн хүүхдүүд яах вэ?
-2024-2026 онд төрсөн хүүхдүүдэд одоогоор хувьцаа олгогдоогүй байгаа тул ногдол ашиг авахгүй. Холбогдох тогтоол шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч болох, цаашлаад ногдол ашиг авах боломжтой болно. Олгогдсон тохиолдолд бид мэдээлэл хүргэх болно.
-Нас барсан иргэдийн хувьцааг хэрхэн шалгаж, хэрхэн авах вэ?
-Хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцаа, холбогдох ногдол ашгуудыг өвлөн авах тухай тогтоол шийдвэр гарсан ба тус хувьцаа, ногдол ашгийн мөнгийг өвлөн авах ажиллагаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Нас барсан иргэнийг хувьцаа эзэмшиж байсан эсэхийг шалгах, хэрхэн өв залгамжлан авах талаар мэдээлэл тодорхой болмогц бид цахим сувгуудаар хүргэх болно.
-Үнэт цаасны данстай, банкны зөв дансаа бүртгүүлсэн ч 4-р сарын 30-ны өдөр дуусахад ногдол ашиг ороогүй байвал яах вэ?
-Та үнэт цаасны данс нээлгэсэн брокерын компанидаа хандан бүртгүүлсэн банкны дансаа шалгуулаарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!