
“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөр, “Боловсрол, эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн зорилгоо тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Боловсрол экспо-2026” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцлоо.
Мөн Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ц.Намжилмаа, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн орос хэл, боловсролын хэлтсийн дарга Борисова Даяна Викторовна, Дэгү их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын багш н.Бат-Эрдэнэ нар оролцож, сурагчдад мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн амьдралын чухал суурь болохыг онцлон, амжилт хүссэн юм.

Тус өдөрлөгт Политехник коллеж болон ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн 1500 гаруй сурагч хамрагдаж, боловсролын чиг баримжаа, мэргэжил сонголтын мэдээллийг нэг дороос авах боломж бүрдсэнээрээ онцлог болж байна.
Энэ хүрээнд гадаад, дотоодын 21 их, дээд сургууль, коллеж, сургалт зуучлалын 14 төв оролцож, элсэлтийн журам, шинэ хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байгаа нь сурагчид элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа элсэн суралцахад бодит дэмжлэг болж байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!