Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслөөс эхнэрийнхээ болон түүний хамаарал бүхий хүмүүсийн ААН-ийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал,
-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж саяхан АТГ-аас Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар яллагдагчаар татсан байна.
Дашрамд, Т.Даваадалай өчигдөр /04.29/ Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөгдөж буйгаа мэдэгдсэн байдаг.