Нийслэл дээр өрнөж буй Ардын намын улс төр ирэх сард туйлын “халах” шинжтэй байна. Х.Нямбаатар тэргүүтэй хотын намын хороо болон Н.Учрал даргатай төв нам энэ өдрүүдэд ил далдаар тулалдаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Эв эвдрэлцээгүй мэт харагдавч үнэн хэрэгтээ Х.Нямбаатарын эргэн тойрны хүмүүс дээр хуулийнхан “ажиллагаа” явуулаад удлаа. Өчигдөр орлогч Т.Даваадалайг мөнгө угаасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдэж, араас нь Т.Даваадалай ажлаа өгөв.
Асуудал ингэснээр шийдэгдэхгүй. Одоо өрнөж буй үйл явцыг харахад нэг бол Х.Нямбаатараас хотоо бүхэлд нь авах. Эсвэл Х.Нямбаатар болон Л.Оюун-Эрдэнэ талынхан Ерөнхий сайдыг огцруулах “ажиллагаа"-гаа хугацаанаас нь өмнө эхлүүлэх дээрээ тулж ирлээ. Байдал энэ хэвээрээ удаан үргэлжлэхгүй. Хэрвээ улс төр ийм байдлаар удаан өрнөвөл МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өөрөө легитм шинжээ бүрэн алдах нигууртай.
Тэгвэл талууд ирэх өдрүүдэд тус бүрдээ түр хороо байгуулах акцыг өрнүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар болон Л.Оюун-Эрдэнэ талынхан “Бодь”-той холбоотой нүүрсний оффтейк гэрээний асуудлыг шалгах түр хороог хаврын чуулганаар байгуулах. Нөгөө талд нь одоогоор 40 гишүүн дэмжээд буй “Нийслэлийн мега төслүүдийг шалгах” түр хороог байгуулах гэсэн хоёр улс төрийн ажиллагаа эхэллээ.
“Бодь”-той холбоотой нүүрсний оффтейк гэрээний асуудал гэдэгт 2019-2022 оны үеийн төмөр замын бүтээн байгуулалт тойрсон нүүрсний хулгайн асуудал яригдана. Ингэхдээ “Бодь”-той холбоотой оффтейк гэрээ одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үетэй шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн тал энэ сонсгол дээр илүүтэй хохирол амсах, нэрс нь яригдах эрсдэлтэй. Шадар сайд Н.Номтойбаяр болон бусад олон гишүүд энэ түр хороог байгуулж, сонсгол зохион байгуулах ёстой гэдэг байр суурийг өнгөрсөн өдрүүдэд илэрхийлээд байна.
Тэгвэл нөгөө талд нь Х.Ганхуяг тэргүүтэй 40 гишүүний санаачилж буй том төслүүдийг шалгах “ажиллагаанд” Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 2023-2025 оны үеийн асуудлууд яригдана гэсэн үг.
Тиймээс ирэх сарын улс төрийн гол пойнт нь энэ хоёр түр хорооны аль нь дэмжигдэж, аль нь улс төрийн зорилгоо биелүүлэх вэ. Эсвэл “Харбины гэрээ”, “Ухаа худаг”-ийн түр хороо шиг хоёулаа дэмжигдэхгүй байх уу гэдгийг хамтдаа харцгаая.
Гэхдээ энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд иргэд, олон нийтэд бол энэ хоёр түр хороо хоёулаа байгуулагдах нь ашигтай.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!