
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас “...Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Энэ талаар ЦЕГ-аас "Шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль 5.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт заасны дагуу уг зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар энэ сарын 17-ны өдөр албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. "Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус тус авах шаардлагатайг зөвлөж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!