Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 19 секунд

Мөнгөний бодлогын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Банкны гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт хамруулах.

Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй.

Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байна.

Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.

Нөгөө талаас, банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байна.

Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

СБД: 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо
СБД: 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо
 
АН-ын Үндэсний бодлогын хороо 5-р сарын 6-нд хуралдана
АН-ын Үндэсний бодлогын хороо 5-р сарын 6-нд хуралдана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!