
Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж, 3 сэжигтнийг баривчлах арга хэмжээ аваад байгаа юм.
Тодруулбал, АТГ-аас гаргасан мэдээлэлд, "Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг шалгаж байна гэжээ.
Асуудалд холбогдоод буй Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар Алдарт уяач С.Дамжабав томилогджээ. Тэрбээр 1995 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байсан. Хангийн боомт, Нисэхийн боомт, Сайншанд дахь Гаалийн газрын эрхлэгчээр ажиллаж байсан хүн аж. Улмаар
Замын-Үүд дэх Гаалийн газрын асуудлыг шалгаж байх хугацаанд АТГ-аас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчилсан байдаг.
Тодруулбал, Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч “Н” нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20.00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50,000,000 төгрөгийн хахууль авч байх үед нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!