
2026 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 15.15 цагт 16 настай амь хохирогч Ч.Ш-ийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхлэв. Тус шүүх хуралдаанаас сурвалжилснаа хүргэе.
Шүүх хурал эхлэхээс өмнө 12.30 цагт:
Шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарын өмгөөлөгч Б.Мэргэн шүүхийн танхимд ирэв. Түүнээс тодруулга авахыг хүссэн ч татгалзан шууд шүүхийн танхимын хүлээлгийн өрөө рүү орсон юм.
12.45 цагт: 32 настай амь хохирогч М-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүхийн байранд ирэв. Түүнээс тодруулга өгөхийг хүссэн ч шүүх хурлын шийдвэр гарсны дараа хэмээн хойшлуулав.
14.30 цагт: Өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Солонго, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх, М.Баасанбат нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа нар шүүхийн байранд ирлээ.
Ингээд өмнөх шүүх хурал дуусахыг хүлээн шүүхийн хүлээлгийн танхимд бүгд орцгоосон байлаа.
Харин шүүхийн байрны үүдний хүлээлгийн танхимд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг нэгээрээ цувж ирсээр л байв. Шүүхийн шийдвэрийн ажилтнууд ирсэн хүн бүрд Шүүхийн тухай хуулийн заалтуудыг танилцуулан шүүхийн байранд зураг, дүрс авахыг хориглов.
Хэргийг эргэн сануулахад: 2024 оны зургаадугаар сард 32 настай болон 16 настай охидыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байдаг. Тус хэргийн Анхан шатны шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр болж яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. Харин Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэм буруугүйд тооцон цагаатгасан байдаг. Үүнтэй хохирогчдын хууль ёсны төлөөлөгчид санал нийлэхгүй тул Давж заалдах шатны шүүхэд хандсан.
15.10 цагт: Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүх хурлыг шууд дамжуулах дэлгэцтэй өрөөнд оруулж байраа эзлэхийг сануулав. Ингэхдээ шүүх хурлын нээлт хаалтыг л нээлттэй дамжуулах боломжтойг дурдав.
15.15 цагт: Давж заалдах шатны шүү хурал эхэллээ. Ирц танилцуулахад хоёр прокурорын аль нь ирээгүй байв. Энэ тухай улсын прокурор Г.Баясгалан Өмнөговь аймагт болох шүүх хурал дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох байсан ч хойшлогдож давхацсан тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү хэмээн мэдэгдлээ албан бичгээр ирүүлжээ. Харин Ч.Түмэн-Өлзий ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй, хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчид хоёр прокурор хоёулаа ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулахыг хүсэв. Харин хохирогчийн хууль хууль төлөөлөгчдийн өмгөөлөгчид хоёр прокурор шүүх хуралд оролцох ёстой ч нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралд ирээгүй нь шүүх хурлыг хойшлуулах шалтгаан биш. Тус прокурорт хариуцлага тооцож, шүүх хурлыг хэвийн үргэлжлүүлэхийг хүсэв.
15.20 цагт: Шүүгч хоёр талаас ирсэн саналыг хэлэлцэн шийдвэр гаргахаар түр завсарлав.
15.30 цагт: Шүүгчид шийдвэрээ гаргаж танилцуулав. Ингээд тус шүүх хурал 2026 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.
16.00 цагт: Хохирогчдын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид тодруулга өглөө.
Өмгөөлөгч Р.Булгамаа: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг бүхэлд нь хянаж, бодитой, шударга ёсны зарчимд нийцсэн, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гарна гэдэгт бид итгэл төгс байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурор ирээгүй явдалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Шүүх хуралдаанд ч үгээ хэллээ. Яагаад вэ. Дөрөвдүгээр сарын 8-нд хурал товлогдсон гэдэг шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж болно. Энэ бол Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-д заасан үндэслэлээр байна.
Яагаад гэвэл давж заалдах шатны хурлууд долоо, долоо хоногоор товлогддог. Тэгэхээр урдаас төлөвлөгдсөн хурал маань олон оролцогчтой гээд давхацжээ. Ч.Түмэн-Өлзий гэх прокурор энэ хэрэг дээр маш урт хугацаанд ажиллаж байгаа. Улс орон даяар битгий хэл дэлхий хүртэл мэдэхүйцээр хоёр хүний амь нас хохирсон энэ хэрэг дээр ямар нэгэн алга дарам цаас ирүүлэхгүй байна гэдэг бол төрийн нэрийн өмнөөс улсын яллагч хийж байгаа прокурорын хувьд асар хариуцлагагүй үйлдэл. Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйл байгаа. Улсын яллагч гэдэг бол төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцоно. Хүний хувь заяаны асуудал яригдаж байна. 16 настай охин хүүхэд, 32 настай залуухан эмэгтэйн хувь заяаны асуудлын үнэн худал нь дэнслэгдэх гэж байгаа. Энэ цаг мөчид шүүхэд хүндэтгэлгүй хандаж байгаа нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх үндэслэл хэмээв.
Шүүх хурал болох үеэр иргэд гадаа уриа лоозон барин жагссан байлаа. Зарим иргэдийн сэтгэгдлийг мөн тодруулсан юм.
Иргэн: Би одоо хохирогч Ч.Шинэсаран охинтой чацуу 16 настай. Бид цагдаадаа итгэдэг, шүүхэд хандахаасаа айдаггүй баймаар байна. Томчууд маань биднийг ойлгодог хамгаалдаг байгаасай. Үе тэнгийн охиноо аймшигтайгаар алдсан учраас бид дуу хоолойгоо илэрхийлэхээр нэгдээд ирсэн.
Иргэн: Бүтэн жил гаруйн хугацаанд хоёрын хоёр эмэгтэйг алчихсан энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа нь өөрөө монголын хууль шүүх яаж явагддаг вэ гэдгийг харж болохоор байна. Үнэхээр эмгэнэлтэй. 32 настай эмэгтэйг алсны дараа монголын цагдаа хурдан шуурхай ажиллаж чадсан бол 16 настай Шинэсаран охин алуулахгүй байсан. Бас дахиад нэг насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн байгаа шүү дээ. Энэ олон удаагийн гэмт хэргүүд давтагдахгүй байсан. Шинэсаран охиныг алахад хамт байсан дөрвөн хүнийг бүгдийг нь ял авах ёстой гэж бодож байгаа. Иргэн хүний хувьд. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл ял завшаад наранд сул явснаар дараа дараагийн хүмүүс хохирох магадлалтай. Бид, бидний үр хүүхэд энэ нийгэмд яаж амьдрах вэ. Маргааш өглөө миний хүүхэд хичээлдээ явахаар гараад эргэж ирэх, ирэхгүй нь эргэлзээтэй. Хүний буруу хүмүүжүүлсэн, хүн гэхэд хэцүү араатнуудын дунд, сул чөлөөтэй яваа энэ нөхдийн дунд хүүхдүүдээ өсгөнө гэхээр үнэндээ айж байна. Энэ нийгмийг засаж өгмөөр байна. Энэ бол иргэн бүрийн үүрэг гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!