
Дундговь аймгийн боловсролын байгууллагын удирдлага, хоол зүйч, тогооч нарын анхдугаар зөвлөгөөн боллоо.
2026 оныг “Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, хоолны чанар, хүртээмжийг сайжруулахад тулгарч буй бодит хүндрэлүүдийг тодорхойлох, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөний хүрээнд цэцэрлэг, сургуулийн орчин дахь хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа юм.

Мөн цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд ажиллаж буй хүний нөөцийн мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн шим тэжээлт хоол” уралдааныг 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна. Тус уралдаан нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн онцлог нь орон нутгийн онцлогт нийцсэн хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан бага насны хүүхдийн биеийн хэрэгцээнд тохирсон шим тэжээллэг хоолыг шалгаруулж, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, аймгийн Боловсролын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон цэцэрлэг, сургууль, Политехник коллежийн холбогдох нийт 90 гаруй албан хаагч оролцжээ.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга оролцож, мэндчилгээ дэвшүүлэн цаашид хамтран ажиллах чиглэлээр санал дэвшүүлэв.
Нээлтийн үеэр сургуульд суурилсан эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулахад шаардлагатай нүдний үзлэгийн багажийг 7 суманд гардуулж, цэцэрлэгийн хүүхдүүдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих зорилгоор STEAM боловсролын хэрэглэгдэхүүнийг цэцэрлэгүүдэд хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!