Л.Мөнхбаясгалан: Туулын хурдны зам эхлэхдээ л хулгайн замаар орсон

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
17 минут 12 секунд

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-УИХ-ын асуулгын цагийн үеэр та Ерөнхий сайдад хөлбөмбөгийн шар хуудастай зүйрлэсэн асуултыг хүргүүллээ. Энэ ямар утга агуулга бүхий зүйл байсан бэ?

-УИХ-ын гишүүн Ерөнхий сайдад асуулт өгч болдог, асуулга тавьж болдог. Би хөлбөмбөгөөр шар карт буюу асуулт тавьсан. Хөлбөмбөгийн тамирчинд хоёр удаа шар карт өгөхөд улаан карт болж хувираад тухайн тоглолтоос хөөгддөг.

Би Ерөнхий сайдад яагаад асуулт тавьсан бэ гэхээр, Ерөнхий сайд “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй эвлэрч ажиллахгүй, авлигаас Монгол Улсыг чөлөөлнө, авлигын эсрэг зоригтой тэмцэнэ” гэсэн. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа Чимэдийн Хүрэлбаатар гэдэг хүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан н.Цасчихэр гэдэг хүнийг “Шивээ-Овоо” ХК-ийн тэргүүн дэд даргаар тавьсан. Тэр хүн юу хийсэн бэ гэхээр одоо Увс аймгийн МАН-ын даргаар ажиллаж байгаа Б.Одгэрэлд найман удаагийн үйлдлээр 108 тэрбум төгрөгийн дизель түлш нийлүүлэх тендер өгсөн. Үүнийг хардах үндэслэлтэй. Ямар ч бизнесийн түүхгүй, байгуулагдаад хоёрхон сар болж буй компанид өгч байна. Энэ бол Увсын зөвхөн нэг жишээ. Увсын улс төр, бизнес дагасан авлигын сүлжээ явж байна. Тэгэхээр би үүнийг тендерийн хуулийг зөрчсөн бүх зүйл заалт бүрээр нь гаргаж Ерөнхий сайдад асуулт тавьсан.

Монголд 20 гаруй жил дуншсан говийн усны төслийг хөдөлгөхийн тулд 9 тэрбумыг төсөвт тавиулах гэж өнгөрсөн жил юу болов оо. Гэтэл 108 тэрбумыг авч авлига, албан тушаалын гэмт хэрэгт үйлдсэн байж болзошгүй гэж үзээд, Ерөнхий сайдад асуулт тавьсан. Энэ бол шар хуудас. Хоёр удаа авбал улаан болдог хөлбөмбөгийн дүрэм бий. Тийм болохоор Ерөнхий сайдаас “Хөлбөмбөг үздэг үү” гэж асуудаг нь ийм учиртай.

-Хоёр дахь шар хуудсаа хэзээ өгье гэж бодож байна?

Эхний удаа өгсөн энэ асуултанд хуулийн дагуу ямар нэг дорвитой алхам хийхгүй бол дараагийн удаа бүр том хэрэг оруулж ирнэ. Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөнө.

-Ер нь Н.Учралын Засгийн газрыг хэр сайн Засгийн газар бүрдсэн гэж харж байгаа вэ?

-Ер нь бусад сайд нартай яриад байх юм байхгүй шүү дээ. Яагаад гэвэл УИХ Ерөнхий сайдыг л томилдог байхгүй юу. Ерөнхий сайдтай л хариуцлага ярина. Ерөнхий сайд бол сайд нараа дураараа сольж болно. Өдрийн нэг сайд ч сольж болно. Хүн биш нохой ч оруулаад ирж болно. Тэр бол Ерөнхий сайдын асуудал. Тэгэхээр бүх галаа, бүх хууль эрх зүйн ачаагаа өөр дээрээ авч байгаа. Бусадтай нь ярих ч шаардлагагүй.

-Туулын хурдны замыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, эргэлзээтэй асуудлуудыг эцэслэтэл ЗГ-аас түр зогсоосон. Энэ төсөл цаашид явах ёстой юу?

-Энэ төсөл эхлэхдээ л хулгайн замаар орсон юм билээ. Би Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд байдаг. Анх энэ төслийг Туул голын 60 метр татам дотор цементэн багануудыг хийх асуудлыг дагах хуулиудын хамт оруулж ирсэн байхгүй юу. Тэрийг нь эсэргүүцэж байсан. Дараа нь 2025 оны долоодугаар сарын 9-ний өглөө маш хурдтайгаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор оруулаад, улмаар УИХ-аар оруулаад баталчихсан. Энэ бол хуулийн хулгайн зам. Гишүүдийн анхаарал суларсан, зарим нь байхгүй үеийг ашигладаг. Долоодугаар сарын 9-ний өдөр би УИХ-ын даргаас томилолт аваад Турк руу явсан байсан.

Туулын хурдны замаас хамгийн түрүүнд эсэргүүцэж буй зүйл бол Усны тухай хуульд хулгайн замаар өөрчлөлт оруулсан. Хоёрдугаарт, голын усан дотор 1.6 диаметртэй цементэн багана цутгана гэж байгаа. Энэ бол байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Тийм учраас хурдны замынхаа трассыг өөрчлөөд, хэтэрхий өндөр төсөв болон Т.Даваадалайн эхнэрийн компани орсон уу гэдгийг хуулийн байгууллага шалгачих. Тэгээд цаашаа явах ёстой.

-Би чинь энэ улсын “Усны элч” шүү дээ-

-Ингээд ярихаар “Танк орж ирнэ”, “Хятадууд орж ирнэ” гэдэг шиг “Зам барихаар гол ширгэнэ” гэж төслүүдийг гацааж байна гээд байгаа. Ялангуяа таныг Х.Баттулга гэдэг хүнтэй холбоод “Төсөл гацаагч” гэдэг шүү дээ?

-Тэгээд яах юм. Ийм янз бүрийн мэдээллээс айгаад хэлэх үгээ хэлэхгүй, тавих шаардлагаа тавихгүй явах юм уу. Би чинь энэ улсын “Усны элч” шүү дээ. Дээрээс нь НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын элч хүн шүү дээ. Тэгэхээр байгаль орчин, усыг хамгаалах үүрэгтэй. Би гэнэт “Усан дотор юм хийх гэж байна. Усаа хайрлая” гэж давхиагүй шүү. Монгол Улсад гадаадаас хөрөнгө оруулалттай байгаль орчны төслүүдийг нуруун дээрээ авч явдаг ТББ-ууд болон эрдэмтэд хэлээд байгаа юм. Тийм учраас үүнийг эсэргүүцэж, усан дотор барихаа больчих оо л гэж байна.

Хэн нэгэнтэй холбогдчихно гээд айгаад, дуугүй суудаг гишүүн байж би чадахгүй юм билээ. Би эд нарын хэнээс нь ч айж яваагүй, надад тийм түүх ч байхгүй.

-Энэ төслийн урьдчилгаанд 627 тэрбум төгрөг төлсөн гэх мэдээлэл бий. Төсөл цааш зогсчихвол энэ мөнгө нь яах юм бэ?

-Би яг бусадтай л адилхан мэдээлэлтэй байгаа. Х.Нямбаатар дарга үүнийгээ зөвтгөж байгаа харагдсан. Хуулийн байгууллага нь шалгах байлгүй. Засгийн газраас зогсоож буй үндэслэл нь хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн. Одоо нэг зогсоосон дээр нь байгаль орчин талаас нь хяналт тавьж сайн ажиллана гэж бодож байгаа.

-Дараагийн асуудал бол УИХ-аар хэлэлцэхийг нь олонх дэмжсэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл. Үүнийг дэмжээгүй гишүүдийн нэг нь та. Яагаад дэмжээгүй вэ?

-Би дэмжээгүй гишүүдийн нэг мөн. Анхнаасаа ч дэмжээгүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл нь манай хуулиудад хангалттай байгаа. Тийм учраас нэмэлт хэрэггүй. Энэ хууль батлагдчихвал энэ нөхрийг татчих юм байна гэж бодоод байгаа юм. Гэхдээ энэ хууль дараа, дараагийн парламентуудад үнэхээр гай болно. У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхийлөгчөөс буугаад намынхаа дарга болно. Би бүр Ванга шиг хэлчихье. Тэмдэглээд аваарай.

Тэр хүн гарч ирээд өөртөө таалагдахгүй гишүүдийг эгүүлэн татна. Бүх намын дарга нар тэгнэ. Намын дарга нар чинь бодитойгоор Ерөнхий сайд болохыг мөрөөддөг хүмүүс байхгүй юу. Бодитойгоор Монгол Улсын төрийн эрхийг авахыг мөрөөддөг хүмүүс байхгүй юу. Тэр хүмүүс өөрт таалагдаагүй буюу хайрцганд нь ороогүй хүмүүсийг энэ хуулиар далайлгаж дуугүй болгоно. Бид дараагийн парламентуудад гай тарьж өгөх ёсгүй. Жагсаалтын гишүүд бол хамгийн зоригтой, шударга ажилладаг хүмүүс байх ёстой юм билээ. Гэтэл жагсаалтын гишүүдийг ч, тойргийн гишүүдийг ч будаа болгох нь л дээ. Би өнөөдөр говийн дөрвөн аймгаас сонгогдчихоод нам дамнасанд бүлэглэлд таалагдахгүй бол хэдэн хүний гарын үсэг цуглуулаад, мөнгийг нь төлж байгаад татах нь байна шүү дээ. Би угаасаа ч эд нарт таалагддаггүй. Тэгэхээр бид ийм юмыг дараагийн парламентуудад үлдээж болохгүй.

Ёс зүйг хуульчилж болохгүй. Ёс зүйг хуульчилсан улс Хойд Солонгос л байна. Жинсэн өмд өмсөж болохгүй. Зөвшөөрөлгүйгээр гадагшаа явж болохгүй. Гадаад паспорт авч болохгүй. Удирдагчийгаа үхэхэд уйлах ёстой. Удирдагчийгаа үг хэлэхэд араас нь дагаж гүйгээд сөхөрч унах ёстой гэдэг. Манайд болон ардчилсан улсуудад ийм зүйл байхгүй. Харин хариуцлага нь байлгүй яах вэ. Гэхдээ нэг гишүүн хараалын үг хэллээ гээд түүнийг ёс зүйгүй юм байна гэж татаж болохгүй. Ард түмэн энэ хүн биднийг төлөөлж чадна гээд сонгосон байхад намын дарга нь түүний эгүүлэн татаж болохгүй. Харин эрх мэдлээ бусдад давуу байдал болгон ашигладаг, авлига авдаг, кнопоо наймаалцдаг байж болохгүй.

-Үндсэн хуулиар нам бус байх ёстой Ерөнхийлөгч бодит байдал дээр яг нам бус байж чадаж байна уу. Далд байдлаар ЗГ-ын бүрэлдэхүүн, томилгоо зэрэгт оролцоод байгааг шүүмжлэх хэсэг байдаг даа?

-Ерөнхийлөгчид оролцохгүй юм гэж алга. Бүх юманд оролцож байна. Яагаад гэвэл өөрийнхөө Ардын намыг хангалттай хагалан бутаргаж, хангалттай барьцаанд хийж байна. Энэ бол нам бус байгааг нотолж буй нотолгоо байх. Сөрөг хүчний гишүүний хувьд энэ нь сайн ч юм шиг. Бодитойгоор өнөөдөр хууль хүчний байгууллага, Засгийн газарт нөлөөлж, дургүй өдрөө нэг юм, дуртай өдрөө нэг юм хийж байгаа нь таалагдахгүй байна.

Ер нь цаашид Ерөнхийлөгчийн асуудал дээр УИХ тодорхой анхаарах ёстой. Дээрээс нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг Ерөнхийлөгч дээр өөрчлөх хэрэгтэй юм байна гэсэн бодолд хүрчихээд сууж байна даа.

-Танай нам С.Баярцогтыг “ГЕНСЕК”-ээр жинхлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг сар хүрэхгүй хугацааны дараа шийднэ. С.Баярцогтыг жинхлэхийг та дэмжих үү?

-Хүмүүс хоёр янзаар яриад байгаа. Нэгдүгээрт, сөрөг хүчний Ерөнхий нарийн бичгийн дарга бол зангарагтай, харизмтай, бусдыг манлайлах чадвартай байх ёстой. Харин намын дарга О.Цогтгэрэлийн ярьж буйгаар, эрдэмтэн, судлаач, дуугүй хүн байх ёстой ч юм шиг. Би бол аль, аль нь байгаасай л гэж бодож байна. Гэхдээ Монгол Улсад гай тариагүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх ёстой. Ер нь Монголын ард түмний өмнө ялтан хүн байх ёсгүй. С.Баярцогт шиг гай тарьсан хүн битгий байгаасай гэж бодож байна. Монголын ард түмний боломжийг хулгайлсан нь УИХ дээр нотлогдсон шүү дээ. Хянан шалгах түр хороо байгуулаад, шалгаад, улс даяар дуулиан болоод, Оюу толгойн гэрээнээс Монголын ард түмэн ашиг авахгүй нь тодорхой болсон шүү дээ. 16 жил өнгөрчихөөд байхад энэ хүний гай дуусаагүй.

Би нэг зарчмын зөрүүтэй санал оруулсныг ажлын хэсэг ч дэмжсэн, УИХ ч дэмжсэн. Энэ юу вэ гэхээр, дээрх гэрээг байгуулахад үндэсний эрх ашгийг умартсан, үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлж болохуйц шийдвэрүүдийг гаргаж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тэр нөхдийг хариуцлага тооцож, авлига, албан тушаалын хэрэг байвал шалгах зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. АТГ, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ ажлаа хийж байгаа юу, үгүй юу. Миний бие УИХ-ын гишүүний хувьд Оюу толгойн асуудалд байнга хяналт тавина. Энэ ярилцлага бүх хүнд хүрээсэй гэж бодож байна.

Манай намынхан дансандаа сая ам.доллар мартталаа баяжсан, Монголын ард түмний бүх боломжийг хулгайлсан хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож болохгүй.

-Тэгвэл С.Баярцогтоос өөр ЕНБД хийчих хүн танай намд байгаа юм уу. Танай намын лидер гэгддэг Н.Алтанхуяг, З.Энхболд тэргүүтэй хүмүүс шүүхээс салахгүй, ялтан болоод явж байна шүү дээ?

-200-аад мянган гишүүнтэй 36 жилийн түүхтэй Ардчилсан нам шүү дээ. Энэ дотроос С.Баярцогтоос өөр хүн олдохгүй л байв гэж дээ. Би хэрвээ намын дарга байсан бол зөндөө хүнийг нэрлэж чадна. Хэнийг оруулж ирэх нь намын даргын бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр С.Баярцогтыг ЕНБД-д дэвшүүлсэн алдаатай шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байгаа.

Урам хугарсаар байгаад хугарах урам ч үгүй болсон. Харин одоо битгий л найдах найдваргүй болчихоосой гэж бодож байна.

-АН С.Баярцогттой сонгуульд орвол С.Эрдэнэ цагаан хуудасны орсон шиг юм болно-

-Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой Н.Алтанхуяг, З.Энхболд нарын хүмүүс шүүхээс салахгүй байгааг юу гэж харж байна?

-З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр хоёулаа шүүхийн шийдвэрээр цагаадсан байсан. Гэтэл хоёуланг нь буцаагаад хэрэгт хутгаж байна. 50 нас хүрсэн, ард түмний дэмжлэгийг авах боломжтой, Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүс байхгүй юу.

С.Баярцогт Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болоод гурав хоногийн дотор юу болов. Манай нам Ерөнхийлөгчийн хуулийг дэмжлээ. З.Энхболдыг шоронд хийлээ. З.Энхболд гурав хоногийн Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Ингээд л шоронд орсон. Үүнээс хойш зөндөө юм болно. Та нар баталгаатай хараарай.

С.Баярцогттойгоо манай нам сонгуульд орвол 2021 оны сонгуульд Содномзундуйн Эрдэнэ яалаа гэдэг шиг л юм болно. Гурван хүний дөрөвт буюу цагаан хуудасны ард орсон биз дээ. Нам нь эсрэг ажиллаж байна гэсэн үг байхгүй юу. Яг л тийм юм болно. Энэ С.Баярцогт гэж хүн Ерөнхийлөгчид санаатай байх өө. Би энэ хүнийг 20 жил мэдэх юм байна.

-Төгсгөлд нь асуухад, О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нар З.Энхболдыг эргэсэн гэсэн. Эргэлтээр юу яригдсан бол?

-Намын дарга болон Л.Гантөмөр, Ц.Туваан, С.Эрдэнэболд нарын гишүүд очсон. Ц.Туваан, С.Эрдэнэболд хоёр Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүн учраас очсон. Миний бие ирэх долоо хоногт очиж эргэх хүсэлтэй байгаа.

З.Энхболд даргын талаар асуухад, их цоглог байна гэсэн. Тэр хүн угаасаа нугарахгүй, хатуу хүн л дээ. Ер нь зохиомол хэргээр ял авсан хүмүүс нурдаггүй юм билээ. Социализмын үед ч, Ю.Цэдэнбалын даргын үед ч хилс хэргээр явж байсан хүмүүсийн хэн нь нурж байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн гэрийг яг одоо ЭЦА-наас нэгжиж байна
Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн гэрийг яг одоо ЭЦА-наас нэгжиж байна
 
ШУУРХАЙ: Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
ШУУРХАЙ: Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!