-Уг үйлдвэр бол төрийн бодлогод туссан хөгжлийн бүтээн байгуулалт-
Хөгжлийн банкны зээлүүдээс хэвийн төлөлттэй, зориулалтын дагуу хэрэгжиж буй төслүүдийг цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаад баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах "Ховд Эко цемент" үйлдвэрийг онцолж байна. Уг үйлдвэр нь төрийн бодлогод туссан томоохон бүтээн байгуулалт гэдгийг юуны өмнө дурдъя. "Ховд Эко Цемент" төсөл нь баруун бүсийг хөгжүүлэх Монгол төрийн бодлого болон хэрэгжиж байгаа юм. УИХ, Засгийн газраас сүүлийн 12 жилийн турш энэхүү төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж иржээ.
2012 онд Монгол Улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоолоор “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн 4.3.5-д Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулахаар тусгасан.
Мөн 2015 онд Засгийн газрын 335 дугаар тогтоолын нэгдүгээрт, Баруун бүсэд жилд 250.000 тн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг Ховд аймгийн Буянт суманд барьж ашиглалтад оруулахыг дэмжиж Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол батлагдсан байдаг.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ховд эко цемент"-ийн үйлдвэр барих зорилт тусгагдсан бөгөөд 2016 онд Улсын Их Хурлын тогтоолоор "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус үйлдвэрийг барих төрийн бодлого баталгаажсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг бодитой хэрэгжүүлэх хөгжлийн нэгэн томоохон төсөл болон хэрэгжиж байгаа учир онцолж байгаа юм.
“Ховд Эко цемент”-ийн үйлдвэр бол баруун бүсийг цементээр хангах, цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох зорилготой, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой. Тус үйлдвэр Ховд аймгийн төвөөс 18 км, Буянт сумаас 15 км-ийн зайд байрлаж буй. Үйлдвэрийн барилгын ажил дуусч байгаа бөгөөд одоо тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна.
Уг төслийн барьцаа хөрөнгөний үнэлгээг сонирхвол 2021 оны байдлаар барьцаа хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь 161.3 тэрбум төгрөг байгаа юм байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 70 сая ам.доллар буюу 200 гаруй тэрбум төгрөг бөгөөд үүний 28.2 сая ам.долларыг МУ-ын Хөгжлийн банкны зээлээр, 41.8 сая ам.долларыг хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг аж ахуй нэгж нуруундаа үүрч баруун бүсийн хөгжлийн төслийг эхлүүлжээ.
Хөгжлийн банкны 28 сая ам.долларын зээл нь бусад арилжааны банкуудтай ижил буюу өнөөдрийн төгрөгийн ханшаар дүйцүүлбэл зээлийн хүү нь 18 хувийн хүүтэй тэнцүү байгаа юм. Ийнхүү үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх Хөгжлийн банкны зээл олгох бүхий л шалгуурыг бүрэн хангасан хөгжлийн төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж, зээлийн эргэн төлөлт хэвийн, санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж байгааг Хөгжлийн банкнаас албан ёсоор мэдэгдсэн билээ.
С.Жавхланбаатар: "Ховд эко цемент" үйлдвэр бол төрийн бодлогод туссан бүтээн байгуулалт
Төслийн удирдагч С.Жавхланбаатартай цөөн хором ярилцлаа.
-Үйлдвэрийн ажлыг 2019 онд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж шавыг нь тавьж эхлүүлж байжээ. Танай төслийн хувьд баруун бүсийг цементээр хангах, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь цаг хугацааны хувьд цар тахалтай давхцлаа. Мөн л хохирол амслаа шүү дээ?
-Энэ бүх бэрхшээл бидэнд маш их туршлага болж байна. Бидний нуруун дээр тооцоолоогүй дарамтууд ирж байна. Эрсдэлүүдийг туулаад л гарлаа. Барилгын материалын өртөг 2020, 2021 онд хоёр дахин өсчихлөө. Ажиллах хүчний өртөг ч хоёр дахин өсчихлөө. Үнэ тогтвортой байсан нь ганц цемент л байлаа. Тоосго, арматур гээд үнэ нь дийлдэхээ больсон. 2019 онд биднийг үйлдвэрийн ажлаа эхлэхэд арматурын үнэ 1.6 сая төгрөг байсан чинь 2020 онд гурван саяд хүрчихсэн. Тоосгыг 300 төгрөгөөр авдаг байсан чинь 450 төгрөг болж нэмэгдчихсэн. Хөөсөнцөр 130 мянга төгрөг байсан чинь бараг гурав дахин өсөөд 300 мянган төгрөг болчихоод байна.
-Танай үйлдвэрийн барилгын ажил дуусаад одоо тоног төхөөрөмжийн угсралтын ажил ид өрнөж байгаа юм байна. Төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард үйлдвэр ашиглалтад орох аж. Гэтэл сүүлийн үед Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотойгоор зээлдэгчдийг нийтээр нь харлуулдаг явдал их гарч байна. Газар дээр нь, үйлдвэр дээр нь ирээд бодит нөхцөл байдлыг харахад өөр юм байна шүү?
-Нэгдүгээрт, бидний хувьд бага хүүтэй зээл аваагүй. Арилжааны банкуудынхтай адил хүүтэй зээл авсан. Хоёрдугаарт, зээлийг авчихаад зориулалтын бусаар зарцуулчихаагүй. Ковидын эрсдэлтэй энэ хоёр жилд бид гамшгийн нөхцөл байдлын үед байдгаараа л зүтгэсэн. Ийм хүнд үеийг туулаад гарч ирж байхад банкнаас хөнгөлөлттэй зээл аваад, зориулалтын бусаар зарцуулчихсан мэтээр цоллогдоно гэдэг бол бидний хувьд бол дарамттай байна. Яагаад Хөгжлийн банкнаас зээл авав гэхээр арилжааны банкууд ийм томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж бага, хязгаартай, хаалттай, Монголбанкны дүрэм, журмын дагуу. Хөгжлийн банк бол улс орны болоод нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн чиг үүрэгтэй банк шүү дээ. Эргээд өөрсдөө ашиг олно. Зээл олгохгүй бол ашиг олохгүй. Нэг талаасаа ашгийн төлөө байгууллага. Зээл авсан, зээлээ зөв зарцуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хулгай хийчихсэн мэт байдалд оруулж нийгэмд буруу ойлголт өгч байгааг газар дээр нь ирж үзэж буй та бүхэн л ойлгох байх. Валютаар авсан зээл. Мөн хамгийн өндөр хүүтэй зээлүүдийн нэг буюу жилийн 18 орчим хувийн хүүтэй зээл л дээ. Одоо валютын ханш хэд хүрчихээд байгаа билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. Гэвч манай зээл хэвийн төлөлттэй, бүтээн байгуулалт нь ковидоос үл шалтгаан хэрэгжээд явж байна.
-Сүүлийн үед ард иргэдийн хувьд шинэ үйлдвэр ашиглалтад орох, бүтээн байгуулалтын ажил хөдөлж эхлэхэд баярладаг болжээ. Нутагт нь, бүсэд нь ийм томоохон үйлдвэр ашиглалтад орох гэж буй нь иргэдэд хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой?
-Ялангуяа эндхийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд хувийн хөрөнгө оруулалтаар барилгын төсөл хэрэгжүүлээд явъя гэхээр цементийн үнэ Улаанбаатарынхаас хоёр дахин өндөр үнэтэй байдаг. Барилгын материалын үнэ өндөр бол өртөг нь өснө. Өртөг нь өсөхөөр хөрөнгө оруулалтаа нөхөх ашиг олох боломж нь багасна. Ийм үйлдвэр ашиглалтад орох гэж байгаад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн барилгын компаниуд маш их хүлээлттэй байгаа. Хурдан ашиглалтад ороосой, танай үйлдвэр хэзээ ашиглалтад орох гэж байна гэдэг асуултыг байнга тавьж, хүлээлт үүсгэж байна гэв.
Мөн тэрээр “Бизнес утгаараа том төсөл баруун таван аймагт хэрэгжихэд хамгийн тохиромжтой газар бол Ховд мөн. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх дэд бүтэц бусад аймагт сул гэж хэлж болно. Энэ үйлдвэрийн байршил сонгогдсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шохойн чулууны орд бий. Ордоосоо үйлдвэр маань 1.8 км-ийн зайтай. Хоёрдугаарт, зам дэд бүтэц сайн. Баян-Өлгий, Увс явах зам дагуу. Мөн аймгийн төвдөө ойр. Энэ нь зах зээл, хэрэглэгчдэд илүү ойртоно гэсэн үг. Эрчим хүчний шугамдаа бас ойрхон. Тийм учраас үйлдвэрийг энд барихаар сонгосон юм. Цемент гэдэг бүтээгдэхүүн дан ганц шохойн чулуунаас бүрдэхгүй. 80 хувь нь шохойн чулуунаас бүрдэж байгаа. Үлдсэн 20 хувийг нь өөр түүхий эд, материал бүрдүүлдэг. Гөлтгөнийн орд, Увс аймгийн Сагил суманд байгаа. Харганатын төмрийн хүдрийн орд бий, Хөшөөтийн нүүрсний орд байгаа. Хөшөөтийн нүүрсний ордоос бид коксжсон нүүрсийг ашиглахгүй. Хаягдал, нунтаг нүүрсийг ашиглаж холино. Занарын орд манай энэ шохойн чулууны ордын хажууд байгаа юм” гэлээ.
Үйлдвэрийн шавыг 2019 онд тавьсан бөгөөд түүнээс хойш манай төрийн удирдлагуудаас эхлүүлээд, харьяа яамны сайд нь удаа дараа ирж барилгын ажлын явцтай танилцсан юм байна. Үүнийг төслийн багийнхан өөрсдийг нь дэмжихээс гадна төрийн хяналт, УИХ, ЗГ-ын тогтоолын хэрэгжилтийг хянаж буй нэг өнцөг" хэмээн хардгаа энэ үеэр нуусангүй. 2019 онд үйлдвэрийн барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн ковидын цар тахал дэгдэж, хил гааль хаагдаж, хөл хорио тогтоосноос төлөвлөж байсан бүх тооцоо алдагджээ. Гэсэн ч хүнд хэцүү нөхцөлд хоёр жилийн турш татан авалтаа тасалдуулахгүй 90 гаруй хувьтай хийж чаджээ. “Ховд эко цемент” төсөл хэрэгжсэнээр барилгын суурь материал болох цементийн үнийг төвийн бүстэй адил болгон бууруулна. Өнөөдөр баруун бүсэд 1 тн цементийн үнэ 500 мянган төгрөгт хүрч тээврийн зардлаас үүдэлтэй үнийн галзуурал үүсч буй асуудлыг хазаарлаж цементийн үнийг 2 дахин бууруулна. Ховд аймагт 250 шинэ ажлын байр бий болох бөгөөд шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 3000 орчим малчин болон иргэний орлогыг нэмэгдүүлэх аж. Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулагдаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, алслагдсан бүс нутгийг хөгжүүлэх АЛСЫН ХАРАА-2050-ын бодлого биеллээ олох юм. Цаашлаад зам, гүүр, барилгын материалын үйлдвэрлэл гээд, бусад бүтээн байгуулалтыг дэмжиж, тэдгээрийн өртөг зардлыг бууруулах үндсэн хөшүүрэг болно. Орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлж,баруун бүсэд барилга орон сууцны үнэ хямдран, орон нутагт утаа бууруулж, яндан цөөлөх нь дамжиггүй. Үүнийг дагаад үндэсний инженер техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх үйлдвэрлэлийн талбар болно. Эх орныхоо баруун бүсийн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын орлогыг нэмэгдүүлж ОХУ-д цемент гаргах шинэ боломж нээгдэх зэргээр эерэг, өөдрөг зорилт, зорилтууд хэрэгжих юм.
Өнгөрсөн сард Хөгжлийн банкны асуудлаар болсон Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банк Монгол банк болон хуулийн байгууллагаас тус зээлийг хэвийн төлөлттэй, хөгжлийн банкны хуулийн дагуу мөн тавьсан бүхий л шалгуурыг хангаж буй гарын арван хуруунд багтах төсөл гэж тайлагнасан. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах үеэр УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Ховд аймагт хэрэгжиж буй Баруун бүсийг хямд чанартай цементээр хангахаар баригдаж буй төсөлтэй ажлын хэсгээс холбогдох хүмүүс очиж шалгалт хийсэн. Зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй хэрэгжиж байгаа хөгжлийн төсөл" гэж хэлэлцүүлгийн эхэнд онцолж байсан юм.
БАРУУН БҮСИЙН ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДИТ ХЭРЭГЖИЛТ болсон хөгжлийн энэ төслийг Монгол Улсын төр засаг ч байнга дэмжиж ирсэн түүхтэй. Тухайлбал, 2019 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ховд эко цемент төслийн шавыг тавьж бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлж байсан бол Монгол Улсад хууль тогтоох дээд байгууллага болсон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар,, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар газар дээр нь очиж төслийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцтай танилцан байнга бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд "Ховд эко цемент" төслийн талбар дээр 600-800 монгол барилгачид тасралтгүй ажиллаж, олон хүнийг ажилтай орлоготой байхад чухал хувь нэмрээ оруулсан төдийгүй баруун бүсийн хөгжлийн түүхэнд урьд өмнө байгаагүй нүсэр том бүтээн байгуулалт өрнөж байна. Өнөөдөр Ховд эко цемент төслийн бүтээн байгуулалтын хувьд барилга угсралтын ажил 95 хувь, тоног төхөөрөмжийн угсралт 35 хувьд хүрч, нийт дүнгээрээ төслийн явц 75 хувьд хүрч энэ 2022 ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Хэрвээ хөгжлийн энэ том төсөл арилжааны банкных шиг хэт өндөр хүүтэй долларын зээлдээ дарлуулаагүйсэн бол, зарим нэг төсөл шиг бага хүүтэй төгрөгийн зээлийн санхүүжилтээр дэмнүүлсэн бол, төр түмнийг нэлэнхүйд нь нэрвэсэн цар тахлын нөхцөл байдал сөргөөр нөлөөлөөгүй бол үүнээс ч өмнө ашиглалтад орох боломжтой байсан нь тодорхой. Төр хөгжлийн төслүүдээ алагчилж, хүүгийн зөрүүгээр ялгаварлаж болохгүй гэдгийг энд сануулах нь зөв байх. Тиймээс ч улс орны хөгжил дэвшил, алслагдсан баруун бүсийн хүн зоны амьдралд эерэг нөлөө үзүүлэх ийм хөгжлийн төслөө УИХ, Засгийн газар анхаарч, ажлыг нь саатуулах биш харин дэмжиж төр нь хувийн хэвшилтэйгээ түншилж, хамтарч ажиллана гэдэгт эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн санал нэгдэх байх. Яагаад гэвэл олон жил төрийн бодлогоос орхигдож, гээгдэж ирсэн баруун бүс, тэнд амьдарч буй иргэдээ одоо л төр засаг анхаарч жинхэнэ утгаар нь бодлогын бодит ШИНЭ ЭРГЭЛТ хийнэ гэдэг итгэл найдвар ард иргэдэд дүүрэн байна.
Аливаа ШИНЭ СЭРГЭЛТ бодит ажил, бодит бүтээн байгуулалтаас л эхэлнэ.
Байгаагаа байхгүй болгох бус байгаагүйг бий болгохоос, гаднаас авдгаа өөрсдөө үйлдвэрлэдэг, гадаадад экспортолдог болохыг хэлнэ.
Д.ГАНСАРУУЛ