Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдэж, хахуулийн мөнгөөрөө Лондонд орон сууц худалдан авсан байдаг. Үүнийг “Лондонгийн хэрэг” гэж нэрлэдэг юм. Лондонгийн хэргийн хохирол нь 6.4 тэрбум төгрөг. Задлаад үзвэл дээрх орон сууцнаас гадна 1.8 тэрбум төгрөг бэлнээр, 269 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх 2 хөрөнгө байсан юм билээ. Валютаар тооцоход 4.7 сая ам.доллар болж байгаа. АТГ энэ хэргийг 2019 оноос эхлэн шалгаж, улсад учирсан дээрх хэмжээний хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн юм. Ингэснээр Лондон хот дахь 116 ам метр талбайтай орон сууцыг тухайн албан тушаалтны хахуульд зувчуулсан төрийн өмчит үйлдвэрийн өмчид шилжүүлэхээр төрөөс шийдвэрлэсэн байдаг. Одоо уг орон сууцыг түрээслэн, түрээсийн орлогыг нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн асрах төвийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа юм.
Энэ бол авлигын улмаас гадаад улс руу хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан нэг л жишээ. Үүнээс гадна “Мэн арлын”, “Виржиний арлуудын”, “Салхитын мөнгөний ордын”, “Эрүүл мэндийн төслийн” гэхчлэн хэд хэдэн хэрэг бий. Тэдгээр хэргүүдийг мөрдөн шалгаснаар 2020 оноос эхлэн буцаан авчирсан хохирлын нийт мөнгөн дүн одоогийн байдлаар 13.9 сая ам.долларт хүрээд байгаа. АТГ-ын мөрдөгчид авлигын хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэх явцдаа хохирол нөхөн төлүүлэлтэд давхар онцгойлон анхаарч ажиллаж байгааг энд зайлшгүй дурдах ёстой.
Зөвхөн гадаад улсаас 13.9 сая ам.доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан төдийгүй дотооддоо авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, битүүмжлэн хамгаалах ажиллагаа мөн тасралтгүй хийгдсээр байна. Энэ ажлын үр дүнг улсын статистик тоон мэдээнээс харж болохоор. Тухайлбал,
- 2019 онд 11.3 тэрбум төгрөг
- 2020 онд 35.6 тэрбум төгрөг
- 2021 онд 96.2 тэрбум төгрөг
- 2022 онд 2.3 их наяд төгрөг
- 2023 онд 238.6 тэрбум төгрөг
- 2024 онд 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.
Ингэхээр АТГ-ын мөрдөгчид сүүлийн 6 жилийн хугацаанд гадаад, дотоодоос нийтдээ 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, улсын төсөвт оруулаад байна. “Тэр их мөнгө хаашаа ордог вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулт болгох үүднээс энэ завсар нэг зүйлийг онцлон хэлье. Юуны өмнө авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн мөнгийг АТГ шууд захиран зарцуулах эрхгүй. Холбогдох хууль журмын хүрээнд Төрийн сангийн данс, Монгол банк, тодорхой төрийн байгууллага, бусад иргэн, хуулийн этгээд рүү шилжүүлэхийг төр, засгаас шийдвэрлэдэг юм. Жишээлбэл, 2022 онд нөхөн төлүүлсэн 2.3 их наяд төгрөгийн хохирлоос 2.9 тэрбум төгрөгийг Төрийн сангийн дансанд, 767.4 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд, 721.2 тэрбум төгрөгийг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д, 235.4 тэрбум төгрөгийг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д, 647.2 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 143.4 сая төгрөг, тэр ч бүү хэл улсын орлогод оруулсан хөрөнгө, барилга байгууламж, газар 244.9 тэрбум төгрөг гэх мэтээр шилжүүлсэн байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэхээс гадна хөрөнгө битүүмжлэх ажлын талаар дурдах тоо баримт мөн бий. 2024 оны байдлаар АТГ-ын мөрдөгчид 23.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнээс гадна хахуульд ашиглагдахаар зэхэж байсан 50.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө төгрөг 2024 онд хураан авчээ. Битүүмжлэн хамгаалах, хураан авах гэдгийг энгийн үгээр хэлбэл, энэ нь царцаагдсан мөнгө бөгөөд тухайн авлигын гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа улсад нөхөн төлөгдөх магадлалтай хохирол гэсэн үг юм. Өнгөрсөн оны хувьд 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлүүлсний дээр ирэх өдрүүдэд нэмээд 70 гаруй тэрбум төгрөгийг улсад орлого болгох боломжтой гэж ойлгож болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглах боломжгүйг эрхэм уншигч болгооно буй за.
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны эрч хүчийг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны арга техниктэй холбон авч үзэж болно. Хэдэн хүнийг дуудан байцааж, эсвэл цагдан хорих нь мөрдөн шалгах ажиллагааны талаарх хэвшмэл ойлголт өнөө хоцрогджээ. Сүүлийн жилүүдэд АТГ-ын мөрдөн шалгах арга техникт томоохон ахиц дэвшил гарсаар байгаа. Өөрөөр хэлбэл, АТГ санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны арга, туршлага, олон улсын стандартад нийцүүлэн аргачилсан заавар, схемийг авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оноос нэвтрүүлэн ашиглаж байна.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь авлигын гэмт хэргийн мөнгө, санхүүтэй холбогдсон бүх талын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг судлах ажил юм. Гэмт хэрэг үйлдэгдэх явц дахь мөнгө, хөрөнгийн хөдөлгөөнийг илрүүлэх, баримтжуулахад санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа чиглэгддэг. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгөний гарал үүсэл, эцсийн өмчлөгч хоёрын хоорондын холбоо, мөнгө хүлээн авсан хугацаа, хадгалагдаж буй байршил, байршуулсан банк, санхүүгийн байгууллагын мэдээ, мэдээлэл зэрэг эх сурвалжийг ашиглан гэмт хэргийн нотлох баримтыг бүрдүүлж, улмаар батжуулдаг. Эдгээр ажиллагааг хэрэгжүүлэхэд 5 үе шат шаардлагатай. Мөрдөгчид үүнийгээ 5 давхар байшинтай адилтган зүйрлэх нь бий. Эхний давхар буюу гомдол, мэдээлэл, лавлагаа судалгаанд үндэслэн суурь гэмт хэрэгтэй холбогдолтой мэдээ, мэдээлэл цуглуулах юм.
Хоёрдугаар давхарт дүн шинжилгээ хийх бөгөөд энд нээлттэй болон хаалттай мэдээллийн эх сурвалжуудыг ашигладаг байна. Үүний дараа санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх бөгөөд дөрөвдүгээр давхарт олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ. Ингэхдээ эрх зүйн харилцан туслалцааны хүсэлтийг улс орнууд руу илгээдэг. Энэ нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр олон улсын гэрээний хүрээнд гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа гүйцэтгэх явдал юм. Одоогийн байдлаар АТГ-аас гадаад улс орон руу 74 хүсэлт илгээсний 33-аас нь хариу ирүүлээд байна. Хэдийгээр хугацаа шаардсан, ээдрээ төвөгтэй боловч өндөр нууцлалтай гэгдэх Америк, Европын холбооны улсууд болон олон улсад оффшор бүсээр зарлагдсан улс оронтой хамтран санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэж байгаа.
Тавдугаар давхарт хулгайлагдсан хөрөнгө буцаах ажиллагааг хийдэг. Хөдөлшгүй тогтоосон нотлох баримт, уйгагүй ажиллагаа, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажлын үр дүнд авлигын улмаас хулгайлагдсан сая сая доллар, тэрбум тэрбум төгрөгийг эргүүлэн авчирдаг. АТГ-аас санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр гарын авлага, арга зүй, практик туршлагуудыг 2019 оноос нэвтрүүлж хэрэгжүүлсэн бөгөөд мөрдөгч нараа энэ чиглэлээрх шат шатны сургалтад тогтмол хамруулж байгаа. Үүний үр дүнд жилийн дараачаас буюу 2020 онд гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгө буцаах чиглэлээр өөрийн улсын сайн туршлагаар бусад улс орнуудад амжилттай жишээ болж чадсан юм. Сайн туршлагаараа дэлхийд үнэлэгдсэнийх тэр хэрээр хил давж оргон зайлсан этгээдүүдийг шилжүүлэн авах, хулгайлагдсан хөрөнгө буцаах чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин идэвхжиж байгааг онцлон хэлмээр байна.
Т.МӨНХТУНГАЛАГ
2025.02.10.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!