“Эхлэл брэнд” ХХК нь 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 15 цаг 18 минутын үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эхлэл” брэндийн гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийг дээрэмдэж байгаа бичлэгийг байгууллагынхаа “Ehlel Plaza-гаар танилцах LIVE” фейсбүүк цахим хуудсанд байршуулсан.
Эл үйлдэлд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг олон нийтэд сүлжээнд тараасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компаний хууль ёсны төлөөлөгч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх 1.000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Иймд иргэн, хуулийн этгээд бүр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг ажилтнууддаа мэдээлж, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Ташрамд дурьдахад, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль 5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих 1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.