...Этүгэний пирошки жижигсээд байна
...Манай бүдүүн найз хүртэл тураад байна
...Эзэн заяа хоёр хоёулаа хичээгээд байхад л болохгүй бээшт
Монголын нийгэмд чадлаараа хөдөлмөрлөж, суралцаж басхүү хичээж байгаа хэн бүхнийг нийгэмд хамгийн энгийнээр ойлгуулахуйц лоозон. Залуусын нийгэмд дуу хоолойгоо хүргэх үйл явц нэг тийм өөрийнхөөрөө басхүү өөриймсөг гэмээр. Үнэн хэрэгтээ, саарал нийгмийг бүүдгэр зураглалыг хэдхэн үгэнд л багтаагаад илэрхийлчихлээ, залуус. Хоёр өдөр үргэлжилсэн хандлага “гоё”-той жагсаалаас анзаарсан бүхнээ тоймлоё.
-Б.Жагарын жагсаалыг “дээрэмдэв”-
“Ард түмний штаб”-ын Б.Жагар, тэмцэгч Б.Жагар ч гэж нэрлээд байдаг. Хөгжлийн банкны асуудалд холбогдсон улс төрчдөд хариуцлага хүлээлгэх, зээлийн эргэн төлөлтөд анхаарал хандуулах зорилгоор Төв талбайд суулт зарлаж буйгаа мэдэгдсэн ч залуусын жагсаалд дарагдсан. Учир нь залуусын дуу хоолой үнэнхүү хүчтэй байв. Харин нөгөө талд Хөгжлийн банкны асуудал ярьж эхлүүлсэн жагсаалаа залууст дээрэмдүүлчихлээ хэмээсээр төв талбайгаад хөөгдсөн Б.Жагар “гомдоллов”.
-Залуус 50 мянган төгрөгийн төлөө жагсаагүй гэдгээ нотлов-
Төрийг эргүүлж чадсан “Таавчигтай ээж”-ийн үйл явдал нийгэмд олон нийтийн дуу хоолой хэр хүчтэй вэ гэдгийг нотолж байв. Энэ удаад ч ялгаагүй. Залуус үнэт зүйл, үзэл бодол дээрээ үнэнч зогссоор үүр цайлгав. Тэднийг хэн нэгэн ир гэж хүчээр албадаагүй. Харин ч залуус өөрсдийнх нь үзэл бодлыг “50 мянган төгрөгийн үнэтэй” хэмээн “харлуулсан” хүмүүсийн амыг алгадах мэт л боллоо. Гол нь шийдэл, үр дүнг нэхэж, Засгийн газарт шаардлага хүргүүлэв. Залуус бидэнд мөнгө өг хэмээн шаардаагүй. Төр ажлаа хийх тэр дундаа үнийн хөөрөгдлийг бууруулах, татварын дарамтыг багасгах, цалинг нэмэгдүүлэх, ардчилсан нийгэмд улс төрчид ч энгийн иргэд ч тэгш эрхтэй байх ёстойг л сануулж басхүү шаардав. Засгийн газрыг ч сандаргаад амжлаа.
Хамгийн гол нь залуус нэгдэх нэгдэхдээ маш тайван бөгөөд зөв хандлагатай оролцов. Сайн хажуугаар саар гэгчээр залуусыг хоёр дахь долдугаар сарын 1-нд өдөөн турхирах хүмүүс ч олны дунд мэр сэр байлаа. Гэхдээ залуус бие биедээ хүндэтгэлтэй хандаж, зөвийг буруугаас нь салгаж зорилгоо замаасаа гээсэнгүй. Цагдаагийн алба хаагчид жагсаалыг үүрээр албадан тарааж жагсаалын эхний өдөр намжив.
-Дүү нараа одоо ах, эгч нар нь та нарыг ХАМГААЛЬЯ-
Жагсаалын хоёр дахь өдөр. Урьд шөнийн явдал ах, эгч нарын уурыг хүргэсэн бололтой. Шөнөжин үргэлжилсэн жагсаал, ядрахаа ч мэдэлгүй жагссан залуусыг албадан тараах үеэр өрнөсөн нөхцөл байдлыг харсан ах, эгч нар харж дүү нараа хамгаалахаар ирэв. Дуудахаас нааш дуугардаггүй инфльюнсерүүд хүртэл гэгээн дүрээ үзүүлэхэд олон нийт өөрсдийнхөөрөө л хүлээн авлаа. Ийнхүү залуусын жагсаалд ах, эгч нар нь хүч нэмэв. Багахан зүйлээс эрч хүч авдаг нь залуу хүний сэтгэхүй энэ юм хойно, аргагүй. Хүч ороод л явчихана лээ.
-Хөөгдөгсдийн “ТАВИЛАН”-
Манайхан ямар ч үед маазралаа мэддэг, мэдэрдэг мэдрэмжтэй улс. Харин залуус өөрсдийнх нь жагсаалыг хэн маазрал болгох гэж явна вэ гэдгийг ялгаж салгахтайгаа байлаа. Үзэл бодол, үнэт зүйлээ нэгтгэсэн тэднийг улс төрийн зорилгодоо ашиглах гэсний шанг ч дорвитойхон өгөв. Энэ удаагийн жагсаалаас нэлээн хэдэн эрхэм хөөгдөв. Жагсаалаа булаалгасан Жагар, Ардчилсан намын О.Баасанхүү, Консул асан басхүү алдарт “лайвчин” Мөнх-Эрдэнэ нар ирсэн хэдий ч залуус хүлээж авсангүй. Олон дунд чимээгүйхэн суусан МоАХ-ны дарга Д.Монголхүүг харсан жагсагчид ч дургүйлхэв. Товчхондоо, залуус өөрсдийн нэгдсэн зорилгыг улс төртэй хутгахыг хүссэнгүй. Б.Жавхлан гишүүний хэлдгээр хөөгдөгсдийн ТАВИЛАН нэг иймэрхүү.
-Бидний болзох цэг “ЖАГСААЛ”-
Талбай орлоо. Хэдэн жил уулзаагүй хүмүүс нүүр хагарч, залуу хосууд ч болзох цэгээ Төв талбайд тогтжээ. Хичээл тараад ангиараа талбайг зорьсон оюутнууд ч их байлаа. Өглөө эхэлсэн жагсаал оройн алдад өчнөөн залуусын уулзах цэгийг төв талбай болгосон нь илт. Хасагдах хүнгүй харин ч нэмэгдсээр залуусын жагсаал Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж чадав.
-“ДУЛААХАН” жагсаал-
Битгий даараарай гэсэн мэт тэнгэр хангай ч ивгээлтэй байлаа. Цаг агаарын хувьд ч, жагсаалын уур амьсгал ч нэг тийм гэгээлэг “дулаахан” энерги мэдрүүлэхээр үйл явдлуудаар дүүрэн байв. Талбай урьд байгаагүйгээрээ хөлтэй. Хөшөөг тойрч зогсоод гитар барин дуулах уран бүтээлчдийг харж, дууг нь даган дуулна. Залуус хэсэгхэн хугацаанд ч болтугай бухимдлаа мартаж тайтгарч байгааг харахад таатай. Удалгүй Ерөнхий сайд шаардлагаа танилцуулахаар гарч ирэв. Гадаа бүрэнхий болсон ч залуус Ерөнхий сайдын шийдвэрт горьдлого тээж, утасныхаа гэрлийг асаан намуухан гэгч нь сууна. Чухамдаа, тэмцлийнхээ үр дүнд хүртэж, өөрсдийнхөө амьдралд багахан ч болтугай гэрэл нэмэхийг хүссэн байх. Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээцтэй сонсож, бие биенээ дэмжиж хүндэтгэлтэй хандах залуусыг хараад “Хандлага гоё” жагсаал гээд нэрлэчихмээр санагдсанаа нуух юун.
-Ерөнхий сайдаар уучлалт гуйлгаж, Засгийн газрыг хуралдуулав-
Ерөнхий сайд жагсагчдын өмнө уучлалт хүсэв. Түүний хувьд Засгийн газрын түвшинд чадах бүх зүйлээ хийх болно гэх амлалтыг жагсаж буй иргэдэд өгсөн. Ийнхүү Засгийн газар яаралтайгаар хуралдаж, шийдвэрээ танилцуулах мөч тулж ирэв. Шийдвэрээс танилцуулья. Үүнд, үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төслийг энэ сарын УИХ-аар хэлэлцүүлэх, саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан, авилгал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон иргэдийн ялын бодлогыг чангаруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих, Хөгжлийн банк, ЖДҮДС-ийн асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Түүнчлэн Засгийн газар хэмнэлтийн горимд шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү Засгийн газар биед дааж шийдвэрлэх асуудлуудыг танилцуулсан ба үлдсэн асуудлыг УИХ-тай хамтарч ажиллаж байж шийдвэрлэнэ гэв.
Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд Л.Оюун-Эрдэнийн эл шийдвэрүүд ар араасаа улс төрийн томоохон шийдвэрүүдийг дагуулах нь ойлгомжтой боллоо. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой улстөрчид түдгэлзээд шалгуулах ёстой, буруутай бол ялаа ч авах ёстой гэх үгийг тэрбээр зүгээр хэлчихээгүй нь лавтай. Ямартай ч хоёр томоохон хуулийн төслийг УИХ-д өргөн барихаа мэдэгдлээ. Одоо харин УИХ-ын эрхэм гишүүдээс үр дүнг хүлээх нь.
О.Отгонтөгс тэргүүтэй нөхөд “буруутан” болж хоцров
Ерөнхий сайдын мэдэгдлийг сонссоны дараахан залуус “Ажлаа хий” гэх шаардлагаа тавьсан хэвээр үлдсэн. Нанчилдаангүй найр гэж байдаггүй шиг хэрүүл маргаан ч үгүй жагсаал болвол жагсаал гэж нэрлэхэд хэцүү л дээ. Харин жагсаал болохоос даруй хоёр өдрийн өмнө үнийн хөөрөгдлийн эсэргүүцэж, сандалтай жагсаал эхлүүлсэн О.Отгонтөгс гэх нөхөр залуусын жагсаалын “хурган” дарга болсон. Харин эцэстээ буруутан ч болчихно лээ. Учир нь Засгийн газраас шийдэл нэхсэн залуусын дуу хоолойг толгойлж байсан тэрбээр сүүлдээ “Одоо тарцгаая, Засгийн газрын шийдвэр бидний амьдралд хэрэгждэг” гэсэн нь нэлээн маргааныг ч дагуулав. Залуус “Чи мөнгө авчихсан юм уу” хэмээн хардах байдал ч ажиглагдав. Ийнхүү хурган дарга хийсэн О.Отгонтөгс тэргүүтэй хүмүүс өөрсдөө буруутан болоод дуусав.