Ардчилсан намд өрнөж буй үйл явцтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед Ардчилсан намд өрнөж буй үйл явц олон нийтийн анхаарлын төвд байна. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд нөгөө талд АН-ын даргаа сунгаа зохион байгуулагдаж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан талаар мэдээлсэн. Та бүхний зүгээс тус сунгаа хууль бус гэх байр сууриа өмнө илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч сунгаа зохион байгуулагдчихлаа. Сунгааны үр дүн тал дээр С.Эрдэнэ даргатай АН ямар байр суурьтай байна вэ?
-Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа. Манай Ардчилсан нам ямар нэг байдлаар даргын сунгаа зохион байгуулаагүй. Иймээс тухайн сунгаа хууль бус гэдгийг олон нийт харж байгаа. УДШ-ээр Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн. Удахгүй бүх шатны бүх шатны төлөөллийн байгууллагуудынхаа эргэлтийн сонгуулийг зарлаж, шинэчлэлийг ажлаа эхлүүлнэ.
Хоёрдугаарт, ганцаараа өөрөө өөртэйгөө өрсөлдөөд 96.3 хувийн санал авна гэдэг бол инээдэм. Хойд Солонгос аль эсвэл социалист орнуудад л ийм сонгууль болдог. Зарим нэг дарангуйлагч улс орнуудын удирдагч нар хүртэл өндөр хувьтай сонгогдохоосоо ч санаа зовдог. Гэтэл өрсөлдөгч нэр дэвшигч нь хүртэл нэрээ татчихаад байхад 96.3 хувийн санал авсан гэж ярьж байгаа нь цаасан дээр л тоо гаргасан хэрэг.
Бидэнд байгаа мэдээллээр 20 орчим мянган хүн л тус сунгаанд оролцож, саналаа өгсөн юм билээ. Зарим орон нутагт саналаа ч очиж өгөөгүй. Иймэрхүү байдлаар намын гишүүдэд буруу ойлголт өгч, хагаралдуулсан явдал бол буруу зарчим гэж харж байгаа. Ер нь эвдрэлцэж ханалаа. Тиймээс одоо томоохон эрх ашгаа харж, намынхаа үзэл зарчим дээрээ нэгдээд явъя гэсэн л байр суурьтай байгаа. Бид намынхаа жирийн гишүүд төдийгүй намдаа зүтгэсээр байгаа бүх хүнд үүд хаалга нээлттэй гэдгийг хэлсээр байна. Ардчилсан нам хэн нэгэн даргын өмч биш.
-Сунгаа болохоос хоёр хоногийн өмнө УДШ намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан талаараа мэдэгдсэн. Гэхдээ нөгөө талаас нэмэлт өөрчлөлтөд даргын сунгааг хориглох ямар нэгэн заалт байхгүй тул хэвийн болно гэж мэдээлж байсан. Ер нь Үндсэн дүрмийн өөрчлөлтөд ямар өөрчлөлт багтсан юм бэ?
-Үндсэн дүрмийн өөрчлөлтөд зарчмын таван өөрчлөлт байгаа. Үнэн хэрэгтээ тэдний юу гэж ярих нь хамаагүй. Өнөөдөр хууль ёсны АН-ын Х.Алтанхуяг даргатай дотоод сонгуулийн хороо л гэж байгаа. Энэхүү Дотоод сонгуулийн хороо ямар нэгэн даргын сунгаа зохион байгуулаагүй. Хэсэг бүлэг хүн намын дотоод сонгуулийн хороо гэж нэр барьж байгаа нь хууль бус үйлдэл. Бид хэзээ ч үүнтэй эвлэрэхгүй.
-Үндэсний бодлогын хороог хуралдуулалгүйгээр Үндсэн дүрмийн өөрчлөлтийг гаргаж ирсэн гэх зүйлийг нөгөө талаас мэдэгдсэн?
-Хүмүүс юу гэж ярих нь тийм ч сонин биш л дээ. Үндсэн дүрмийн дагуу ҮБХ, намын 13 дугаар их хурлыг хүртэл хуралдуулсан. Бүх зүйл нь хууль журмынхаа дагуу өрнөсөн. Ер нь хууль дүрмийг хэн нэг хүн гарч ирээд тайлбарлаад байж болохгүй байх. Улс төрийн “бөө” нар олноороо гарч ирэх болсон үе. Тэгж дураараа “бөөлөөд” байж болохгүй.
-Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан тул намын шинэчлэлийн ажлыг шуурхай эхлүүлнэ гэдгээ С.Эрдэнэ дарга мэдэгдсэн. Тэгвэл намын шинэчлэлийн ажлыг юунаас эхлүүлэх вэ. АН-ын шинэ удирдлагуудыг гаргаж ирэх үү?
-Намын шинэ удирдлагуудыг гаргаж ирнэ. Мөн намын улс төрийн зөвлөлийг шинэчилнэ. Ардчилсан намыг цаашид авч явах шинэ нүүр царайг гаргана. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан нам Монгол төрийн ачаанаас үүрэлцэж, хүнд хэцүү цаг үеийг туулж, ардчиллын үнэ цэнийг хадгалж ирсэн. Тиймээс цаашдын Монголын хувь заяа, монголын ардчиллыг авч явах шинэ үеэ гаргаж ирнэ. Шинэ үеийн манлайлагчдыг төрүүлнэ. Мөн Үндэсний бодлогын хороондоо эргэлтийн сонгуулийг хийнэ. Үүгээрээ хуучин гишүүдээ ад үзнэ гэж байгаа хэрэг биш. Аливаа зүйл өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээнд байх ёстой. АН өөрийн гэсэн санах ойтой байх ёстой. Тиймээс АН-ын энэхүү үзэл суртлын төлөө зүтгэж ирсэн хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Бид нэгнийгээ түлхээд, хөөж туух зүлй байж болохгүй гэх зарчмын байр суурьтай байгаа.
-Хууль бус сунгааг зохион байгуулсан, дэнчин өгч авсан намын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдах уу. Тухайлбал, Ж.Батсуурь, Х.Баттулга нарын хувьд?
-Ж.Батсуурь гишүүнтэй хариуцлага тооцохгүй. Намын үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу л явах ёстой. Гэхдээ дунд нь мэдээлэл дутмагаас буруу ойлголттой явсан, үл ойлголцсон олон гишүүд бий. Эдгээр хүмүүст боломж олгох ёстой. Харин Монголын ардчиллыг, АН-ыг нураах гэж явсан хүмүүстэй эвлэрэхгүй.
-Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчнийхээ байр суурийг хадгалахын тулд нөгөө талд гарсан АН-тайгаа зөвшилцөж, хэрхэн хамтарч ажиллах юм бэ?
-Нээлттэй хамтарч ажиллана. Бид ухаанаараа бүх асуудлыг шийдэх ёстой. Биднийг нэгтгэдэг үнэт зарчим гэж бий. Үүн дээр ойлголцоод явж чадна. Ардчилсан нам үүнээс хэцүү цаг үеийг туулж ирсэн. Ард нь ч гарч, эвлэлдэн нэгдэж байсан ч цаг үе ч бий. Тиймээс энэ нөхцөл байдлыг даваад гарна. Магадгүй тодорхой цаг хугацаа шаардагдахыг үгүйсгэхгүй.
Ц.Янжиндулам
ШУУД ҮЗЭХ: